Мазаалай баавгай устгаж болзошгүй тоо хэмжээнд байна гэлээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороо ШУА-ийн Биологийн салбарын Бага чуулгантай хамтран “Мазаалай баавгайг хамгаалах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулав.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан хэлсэн үгэндээ, “2012 онд батлагдсан “Амьтны тухай хууль”-д заасан Монгол орны нэн ховор амьтдын жагсаалтад бүртгэгдсэн 17 хөхтөн амьтдаас мазаалай баавгай байгаль дээр устаж болзошгүй тоо хэмжээнд байна. Мазаалай баавгайг судалж эхэлсэн 1967 оноос хойш түүний тоо толгой 20-35 орчим байсаар байна. Сүүлийн 50 гаруй жилд тоо толгойд өөрчлөлт гараагүй тархац нутаг нь 1940-өөд оныхоос 10 дахин, 1960-аад оныхоос 5 дахин хумигдаж багассан гэж судлаачид тогтоожээ.
Уур амьсгалын өөрчлөлт түүнээс улбаалан тухайн экосистем доройтох, хүний үйл ажиллагаа буюу уул уурхайн үйлдвэрлэл эрчимжих, байгалийн баялагийг хууль бусаар олборлох явдлаас үүдэн цөөн тоотой мазаалай баавгайн амьдрах орчин, тоо толгойд сөрөгөөр нөлөөлөх хандлага байж болзошгүй юм. Иймд төрөөс зөвхөн Монголын говьд цөөн тоогоор амьдарч буй мазаалай баавгайн талаар анхаарч ажиллах нь чухал байна.
Сүүлийн жилүүдийн судалгаагаар Говийн Их Дархан цаазат газарт Атас Ингэс, Шар хулст, Цагаан богд гэсэн баянбүрдийг түшиглэн 45,000 км2 нутагт хамгийн багадаа 22-31 толгой мазаалай баавгай байна. 2008-2011 онд генетикийн судалгаа хийснээр 8 эм, 14 эр бодгаль тодорхойлсон байна.
Цөөн тоотой мазаалай баавгайн тоо толгой өсөн нэмэгдэхгүй байгаа гол шалтгаан нь түүний идэш тэжээл, задгай уст цэгийн хомсдол бий болсонтой холбоотой. Иймд тухайн амьтны идэш тэжээл, уст цэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх буюу амьдрах орчныг тэтгэх, судалгаа шинжилгээний ажлуудыг эрчимжүүлэх шаардлага тулгарч байна.” гэлээ.
Мазаалай баавгайг 1953 онд агнахыг хориглож дархан цаазтай болгон, 1975 онд дархац нутгийг нь бүхэлд нь улсын тусгай хамгаалалтанд авчээ. 1987,1997 онуудад Монгол Улсын улаан номонд бүртгэгдсэн байна. Одоогоор Монгол Улсад 22 мазаалай баавгай бий гэсэн тоог гинетикийн судалгаагаар гаргажээ. БОНХЯ-аас мазаалай баавгайг хамгаалах, өсгөх, үржүүлэх тал дээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батжаргал хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.
Мөн мазаалай баавгайн амьдрах орчны загварыг боловсруулах, амьдрах орчныг нь тэтгэх зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлж хур тундас нэмэгдүүлэх газрын генератор суурилуулах, хоёр гүний худаг гаргаж булаг шандыг тохижуулах, идэш тэжээлийн ургамалыг баяжуулах чиглэлээр эхний ажлууд хийгдэж байгаа ажээ.
ХэлэлцүүлэгтШУА-ийн Биологийн хүрээлэнгийн ЭШТА, доктор Л.Амгалан, “Мазаалай баавгайн генетикийн судалгааны үр дүн” сэдвээр ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн ЭШТА, доктор Х.Түмэннасан, “Мазаалай” брендийг хөгжүүлэх боломж” сэдвээр “Үндэсний бахархал Мазаалай” ТББ, Р.Шинэгэрэл нар илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцогсод санал бодлоо илэрхийллээ.
Ийнхүү өнөөдрийн хамтарсан хэлэлцүүлгийн дүнд Зөвлөмж гаргаж түүнийг хэрэгжүүлэх талаар Байнгын хорооны тогтоол гарган ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ