Улстөрч болох хүслэн

Хөдөө сумын клубт Засаг дарга нь иргэдтэйгээ уулзаж байна. Энэ үеэр нэг өвгөн босч ирээд "Манай аймагт ардчилал ялснаас хойш  Ар­дын намынханд хүндхэн байх боллоо. Ардчиллынхан их хачин улс. Манай энэ За­саг дарга Ардын намын хүн болохоор энд их л ганцаар­даж, хэцүүддэг. Уг нь энэ хүүхдийг гайгүй тордвол УИХ-ын гишүүн болох ёстой  бай­гаа юм. Нутгийн ард түмэн ах дүүс минь  дэмжээд өгөөрэй"  гэлээ. Алга нижигнээд явчих­лаа. Сумын Засаг дарга мар­сайтал инээн, харцанд нь гэгээ татаж, өвгөнийг үг хэлж дуусмагц иргэд рүү харж өндийн, дуу нь улам чанга зоригтой болж байна. Хоо­лойгоо чангаар  засч үг хэлэх­дээ сумынхаа асуудлаас да­вуулан  улс орон, Ардчилсан нам, Ардын нам яриад л явчихлаа.

Оройхон тэр сумын нэг айлд орж,  аяга цай ууж суутал  гэрт нь бөөн шуугиан болоод явчихав. Юу болов гэтэл ар­ван хэдтэй хүүг нь үеийнх нь хоёр хүүхэд зодчихжээ.  Хэн,  яагаад хүүг минь зодчихов л боллоо. Хүү нь ч тэдний хүүх­дүүд зодсон гэж хов хэлэв. "Муусайн Ардчилсан на­мынх­ны хүүхдүүд хүүг минь зодчихлоо" гэж Ардын намын аав,  ээж нь хэлж байна.   Хэрэг дээрээ нармайгаа нээлгэж үзээгүй монгол хүүхэд гэж хаа байхав. Хүүхдүүдийн зодоон хүртэл энэ суманд улс төрж­жээ. "Танай аав, ээж  Ардын намынх, манайх Ардчилсан намынх" гээд л хүүхдүүд  зо­долдов л  гэж. Өнөөх аав , ээж л хүүхдүүдээ багаас нь ингэж улс төржүүлж, эр хүн болох тухай биш аль нэг намын гишүүн болгон хүмүүжүүлж байна. Энэ явдал ганц сумын асуудал биш л дээ. Хэн нэгэн  сайн хүн байлаа ч өөр на­мынх учраас нөгөө намын­хандаа заавал муу хүн л болж  харагдах явдал хаа сайгүй. 

Хэдхэн настай  жаахан хүүхдүүдээс "Том болоод ямар хүн болох вэ" гэхээр "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн болно" гэх аж.  Мөнгөтэй айлын хүүдүүд бүгд л сайд,  дарга,   гишүүн болох уралдаанд өрсөлдөж байна. Эцэг,  эх нь ч хүүхдээ сайн хүн болоорой гэхээсээ урьтаж сайд, дарга болоорой гэж өсгөж  байна. Улстөрч бол­вол бүх зүйл бүтэж, аз жар­галтай амьдрал ирнэ гэнэ. Хүсээгүй байхад нь хөөрхийг дээд сургуульд оруулчихна. Нөгөө хүүхэд нь чадсан,  чадаагүй сургуулиа дүүргэхчээ аядаад л улстөрч  болох хүслээ дий­лэхээ байчихна.

Үнэн, худал нь мэдэг­дэх­гүй, нэг ийм явган яриа байдаг ш дээ. Нэг эмгэн улс­төрчид хандан "Би ганц хүүтэй.  Тэр  маань дэмий ярьж, идэж,  ууж өдөр өнгөрөөхөөс өөр ажил хийхгүй юм.  Энийг  нэг ажил­тай болгочих юмсан" гэхэд улстөрч "Эмээ та хүүгээрээ ямар ажил хийлгэх санаатай байгаа юм" гэж асуухад "УИХ-ын гишүүн л болгочихвол болох нь тэр"  гэж хариулсан гэдэг. Эмгэний хэлсэн үг салаа утгатай байгаа юм. Идэж, ууж, худал ярихаас өөрийг хийдэг­гүй хүн УИХ-д суудаг ч юм шиг, нөгөө  бол УИХ-ын ги­шүүн болох тийм амархан ч юм шиг. Ер нь тэгээд улс төрийн хийрхэл чинь Мон­голд зөвхөн хавар илрээд байдаггүй, жилийн дөрвөн улиралд, айл болгонд, хүн болгоны дотор л буцалж бай­даг эд шиг. 

Ямар сайндаа л таван настай жаахан хүүхэд "Хогоо ачуул" гэж цагаан хоолойгоор зарлахыг  сонсоод  "Ёоё,   энэ Хувьсгалт нам  /одоогийн МАН/-ынхан энэ сонгуулиа болиосой. Залхмаар юм"  гэж хээв нэг  хэлснийг   ээж,  аав нь инээдэм болгон  ярьж байхав. Ингэхээр энэ Мон­голд чинь хүүхэд хүртэл улс­төржөөд, хүн бүхэн улстөрч болохыг  хүсээд байх нь ч аргагүй юм.

Сүүлийн үед бизнесмэ­нүүд бас улс төрд шургуу орж ирж байна. Хэдэн жил олж хураа­сан бүхнээ нөгөө пиар гээчид зориулж, улстөрч бол­чихвол шархаа хэд дахиад нөхчих санаа байдаг аж.  Тэнэг л биш юм бол насаараа цуглуулсан  бүхнээ нэг бөхөд барьж гүй­гээд, хүүхдэд хөрөнгө оруу­лаагүй байж хурдан хөлтэй адгуусанд цацаад байгаа нь  үүнийг баталж буй хэрэг биш үү.   

Одоогийн энэ НАМЗХ-ны залуучууд байна. Удам зал­гасан улстөрч гэсэн ойлголт бий болгож байна, тэдгээр залуус. Тэдний эцэг, эх нь улстөрч, эсвэл томоохон биз­несмэнүүд. Тэдэнд мөнгөний асуудал байхгүй ч, мөрөөдөл нь бүгд улстөрч болох.  Зов­лон үзээгүй тэр жаалууд аль хэдийнэ  Монголын төрд эзэн сууна гэж санаандаа багтаа­чихсан яваа. Сайн айлд төрж, сайхан амьдрах хувьтай л юм байна, тэд. Гэвч амьдрал мэдэхгүй тэр хүүхдүүд улс­төрч болж тоглоод улс орныг минь яах бол.

Улс төрд орж ирж буй залуучуудын тухай нийтлэл­дээ  нэг залууг хожим сайд ч хийж чадах хүн гээд биччих­сэн юм. Яахав овоо  "толгой­той" нэгэн л дээ. Монгол Улсад хэрэг болох хүн гэж харсны хувьд тэгж бичсэн хэрэг. Гэтэл нөгөө залуу утасдаж байна. "Баярлалаа, намайг сайд болно гэж бичсэнд. Гэхдээ би зүгээр нэг сайд болох хүн биш, Ерөнхий сайд болох хүн" гэдэг байгаа.  Түү­ний ирээдүйн ажил албыг   би арай дутуудуулчихаж л дээ. Одоо бол тэр байнд ч үгүй,  банзанд ч үгүй гэгчээр нэг их том "амьтан" биш л дээ.  Улс төрд хөл тавиад удаагүй ч аль хэдийнэ "Ерөнхий сайд бол­чихсон" иймэрхүү нэг хэсэг байна. Гэлээ гээд уулын орги­лыг мөрөөдөж чадаж байгаа хүн бэлд нь ч гэсэн хүрэх л байлгүй. Түүнийг буруутгах юм алга. Чухам дараа үеийн залуусын амбиц ийм их бай­гааг л хэлэх гэсэн юм.

Мөн хэн нэгэн алдар нэр­тэй хүний үр удам, хань ижил, дүү нар нь улс төрийг залгамж халаа болгож байгаа. Хаант засгийн үеийн удам угсаа залгах ёсноос нэг их хол зөрөхгүй үйл явц манайд дэлгэрээд бас чамгүй хугацаа өнгөрчээ.

Сайн хүний үр, сүүт гүүний унага гэж үг байдаг хойно.  Сайн хүний сайн үйлийг өөрөөр яаж ч үргэлжлүүлж болно. Харин сайн хүний нэрийг ашиглаж,  иргэдийн сэтгэл санаагаар тоглож,  улс төрд орж байгаа нь нэг их зөв зүйтэй хэрэг биш болов уу. Гэхдээ хаа байсан Чингэс хааныг өвөг эцгээрээ тод­руулаад өнөө үед ашиглаад болж байгаа хойно энэ ч бас яамай байнаа. Чингэс хаан гэснээс Чингэсийн үр удам болох ханхүү, хунтайжууд гэнэт олноороо төрж  Монго­лын улс төрд хаан суудал эзлэхийг мөрөөддөг хүмүүс бас бий болсныг энд дурдах хэрэгтэй болов уу. Энэ ч бас шинэ үеийн улс төрийн моод­ны нэг хэсэг  болоод байгаа шүү.

Ер нь тэгээд улстөрч бол­но гэдэг шидэт саваа гарт орсонтой адил гэж үзэх хүн дэндүү олширчээ. Улс төрд хөл тавихын эхний алхам нь намд элсэх, тэгээд багийн Засаг даргаас л эхэлдэг юм байна. Цаашлаад аз таарч сум, аймгийн Засаг дарга болчихвол УИХ ойрхон ха­раг­даад эхэлдэг юм шиг бай­гаа юм. Нэг ёсондоо сумын наадмын түрүү магнай юм чинь гээд аймаг, цаашлаад улсын наадамд уралдах зо­риг ордог юм байна л даа. Цол дагаж бяр нэмнэ гэдэг л  тэр юм байх. Дээр өгүүлсэн өвгөний яриа ч үүнийг баталж байна. Сумын Засаг даргаа тордож байгаад УИХ-ын ги­шүүн болгоно гэдэг чинь нэг юм хэлээд байгаа хэрэг. 

Ингээд бичээд байвал улстөрч болох хүсэлтэй мон­гол ахан дүүсээ дурдаад ба­рах­гүй юм болно.  Бүр салбар бүрт улстөрчид байна. Мон­голчуудын бүгд нийтээрээ улстөрч болох энэ хүслэн хэзээ зогсохыг хэн мэдэх билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ