Багануур дүүрэгт хөрөнгийн эрхийн төсөл хэрэгжиж дууслаа
АНУ-ын Мянганы сорилтын корпораци, Монголын мянганы сорилтын сангаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах, бүртгэлийн тогтолцоог сайжруулах, гэр хорооллын газрын өмчлөлийг бүртгэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2008 оноос эхлэн “Хөрөнгийн эрхийн төсөл” хэрэгжиж байгаа билээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэх 5 жилийн хугацаанд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, бүсийн тулгуур төв 8 аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, нийслэлийн 4 дүүргийн Бүртгэлийн тасаг болон тус газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын байрыг засварлан, орчин үеийн техник хэрэгслээр иж бүрэн тохижуулах, албан хаагчдыг мэргэшүүлэн сургах зэрэг ажлыг хийж гүйцэтгэх юм.
Тэгвэл нийслэлийн алслагдсан дүүргийн нэг болох Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хэрэгжүүлсэн уг төсөл эхний ээлжинд амжилттай хэрэгжиж дууслаа. Төслийн хүрээнд тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн ажлын байрны ажиллах нөхцлийг бүрэн сайжруулах, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр бүрэн хангах, сүлжээний өргөтгөл хийх, програм хангамж шинэчлэх зэрэг томоохон ажлыг хийж гүйцэтгэлээ. Ийнхүү төслийн үр дүнд архивын материаллаг баазыг бэхжүүлж, стандартад нийцүүлснээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн архив цахим хэлбэрт бүрэн шилжээд байна. Энэ нь иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн, шуурхай хүргэх томоохон нөхцөл боломж бүрдэж байгаа юм.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ