Улаанбаатар хотыг хогноос салгахад 54401 хүн оролцлоо
Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор УБ хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамжийн дагуу нийслэлийн хэмжээнд Бүх нийтийн их цэвэрлэгээг өнгөрсөн бямба гаригт зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, 7-н дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Хот тохижилтын газар, хог тээвэрлэгч байгууллагууд, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгж, их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороод, СӨХ, иргэд оролцлоо.
Их цэвэрлэгээг нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр хороолол, орон сууцны хороолол доторх, аж ахуйн нэгж байгууллагын орчны, нийтийн эзэмшлийн явган зам гэсэн чиглэлээр зохион байгуулж, Захирагчийн Ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран цэвэрлэгээний ажилд хяналт тавьж ажилласан байна.
Их цэвэрлэгээнд нийт 7531 байгууллага, аж ахуйн нэгжийн 54401 хүн идэвхитэй оролцож, нийслэлийн 7-н дүүргийн нийтийн эзэмшлийн 116 гудамж, зам талбайд түүвэр цэвэрлэгээ, мөн гэр хорооллын гудамж, гуу жалганд үүссэн 321 үүсмэл хогийн цэгийг цэвэрлэж, нийт 1.067.245 м2 талбайн 2118.4 тн хог хаягдлыг 429 удаагийн рейсээр ачиж тээвэрлэн хогийн төвлөрсөн цэгт хүргэжээ.
Харин дүүргүүдийн мэргэжлийн хяналтын хэлтсээс гаднах орчныхоо цэвэрлэгээг зохион байгуулаагүй болон хангалтгүй зохион байгуулсан 1764 аж ахуйн нэгж байгууллагуудад сануулга өгч нөхөн цэвэрлүүлэх мэдэгдэх хуудас олгож 6 байгууллагад торгуулийн арга хэмжээ авсанаас гадна “Хог хаягдлын тухай” хууль болон холбогдох журмын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Цэвэрлэгээнд оролцоогүй байгууллагуудыг дурдвал: Чингэлтэй дүүргийн Бөмбөгөр худалдааны төв, Хан Уул дүүргийн ХААИС, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Байгаль наран Өрхийн эмнэлэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний дөт дэлгүүрийн Шинэ гуанз, Ахуйн үйлчилгээний төв, Чингэс СООСЭ ДС, Гэгээн манал эмнэлэг, Мандал худалдааны төв, 21 худалдааны төв, шатахуун түгээх станцууд, холбооны 37-р салбар, Дулаан хан ХХК, Мон сүү ХХК, Өнөр 24 СӨХ, Баянзүрх дүүрэгт Хас банк, Хадгаламж банк, Орос 14-р сургуулиуд оролцоогүй байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ