Ц.Орхоны хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг АТГ-т хүргүүллээ
“Дайны эрсдэл”-ийн мөнгө гэгчийг бий болгож, ихээхэн мөнгө угаасан хэрэгт МИАТ-ийн хуучин сэжиглэгдэн шалгагдаж байгаа. Тодруулбал, "Монголиан Эйрлайнес" компанийн эзэн Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон болон түүний эхнэр Ү.Цэцэгмаа, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, МИАТ-ын захирал асан Б.Эрдэнэбилэгийн төрсөн дүү Б.Мандахбаяр, “Голомт” банкны салбарын захирал нарын хүмүүс шалгагдаж байгаа билээ.
Харин одоогийн байдлаар Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа нарын гурван хүн батлан даалтад гараад байгаа юм.
Ү.Цэцэгмаагийн хувьд 2002 онд нээлгэд огт ашиглаагүй байсан дансны асуудлаар шалгагдаж байгаа аж.
Энэ талаар өнөөдөр Ц.Орхоны өмгөөлөгч Ц.Монгол мэдээлэл хийлээ. Тэрээр “Ц.Орхон МИАТ-ийн захирлаар томилогдсоныхоо дараа “Дайны эрсдэл”-ийн даатгалын болон “МИАТ” ХК-ийн урьд нь мөрдөж байсан бүх гэрээ хэлэлцээрүүдийг ажлын хэсэг томилон шалгуулсан. Мөн гэрээнд заасан нөхцөлийнх нь дагуу гурван сарын өмнө мэдэгдэл өгч, хариу өгөхгүй болохоор нь шууд цуцлаж, “МИАТ”-т дөрвөн тэрбум төгрөгийг үлдээж, далд гэмт хэргийг таслан зогсоож, гэрээг сунгах саналыг хүлээн аваагүй. Тэгээд гэрээг цуцлах ажиллагааг хуулийн дагуу явуулсан. Тиймээс энэ хэргийг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй учир хэргийг нь хэрэгсэхгүй болгох ёстой” гэлээ.
Мөн Ц.Орхоны хэргийг МИАТ-ийн гэх тодотголтой хэргээс салгаж, хэргийг нь хэрэгсэхгүй болгох хүсэлтийг АТГ-т хүргүүлжээ. Одоогоор Ц.Орхоны биеийн байдал сайн байгаа бөгөөд тэрээр биеийн байдлаас болж батлан даалтад гаргах хүсэлт гаргаж байгаагүй аж. Харин хэргийг үнэн зөв, шуурхай шалгаж тогтоож, батлан даалтад гаргахыг хүсэж байгаа юм байна.
Түүнчлэн Ц.Монгол өмгөөлөгч “Ц.Орхоныг 2010 оны тавдугаар сарын 27-нд ажлаа авахад нислэг зогссон, ажил хаялт болсон, онгоц гэмтэж жуулчдыг тээвэрлэх онгоцгүй байсан. Харин энэ бүх асуудлыг Ц.Орхон шийдвэрлэж, МИАТ-т түрээсийн хоёр том онгоц зах зээлийн үнэлгээнээс 5-6 сая ам.доллараар хямдаар олж гэрээ байгуулсан. Ажил авахад байсан 6-8 сая ам.долларын богино хугацааны зээлийг төлж барагдуулсан. Орлогыг жил бүр 20 орчим тэрбум төгрөгөөр өсгөсөн. Урьд нь 160 суудалтай онгоцыг 347.000 ам.доллараар түрээслэж байсан бол тус бүр 260 суудал бүхий хоёр онгоцыг 297.00 ам.доллараар түрээслэх гэрээ байгуулсан. Хятадаас таван ширхэг орон нутгийн нислэгийн онгоц авах гэсэн ашиггүй наймааны эсрэг байж чадсан. Тэрээр аль ч нам бус, МИАТ-ийг улс төрөөс ангид байлгахыг хүссэн. 2012 оны гуравдугаар улиралд МИАТ-ийг ашигтай хүлээлгэж өгсөн” гэв.
Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорын хяналтад шилжүүлээд байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ