Оюун мод “огтолж” ой эс шуугина
Шинэ зууны эхний таван жилд манай орны 13 сая га ой мод устжээ. Ойн түймэр, хортон шавьжнаас илүүтэй хүмүүс хөрөө, сүх бариад ой мод руугаа улайран дайрч байна. Одоо улсын хэмжээнд 100 гаруй хөрөө рам ажиллаж, хот суурин газрын ойролцоох модтой ам болгонд хулгайгаар мод огтолж байгаа нь нууц биш. Модны хулгайн тээвэр нийслэлийн энд тэндээс үүр шөнийн цагаар орж ирж байна. Жилд дунджаар 600 орчим шоо.метр мод бэлтгэх зөвшөөрөл өгдөг ч 1,5 саяыг үйлдвэрлэлийн болон тvлшний зориулалтаар хэрэглэдэг нь тогтоогджээ. Тэн хагасаас илvv нь хулгайгаар огтолсон гэсэн vг.
Мөнгөнморьтын ойг мөлжиж байгаа газар бол Багануурын “Дөрвөлжин” зах. Энд үүрээр мод ачсан чиргүүлтэй машины хөл үл тасарч, элдэв төрлийн зүсмэл, түлээний мод болгон эд бад хийж төрөл арилжуулдаг. Тэндээсээ Улаанбаатарыг зорино. Сэлэнгэ, Булганаас хулгайгаар дөхүүлэх модны тээвэр автотээврийн шалган нэвтрүүлэхтэй 22-ын товчооноос дөлж, Тахилтаар даван танил цагдаа нараараа газарчлуулан хотын баруун хойноос нэвтэрдэг. Хөдөөнөөс хотын зах бараадсан гэр хорооллынхон ойр орчныхоо уулын модыг ямар ч ичиж нэрэлхэх юмгүй нүцгэлж байгаатай ганцхан ой хамгаалагч тэмцээд тусыг эс олно. Тэд чухамдаа зулзаган модыг шоргоолж шиг даахаараа зөөж орхидог.
Хоёр зууны зааг дээр ой Монгол орны ой модыг ачсан оршуулгын цуваа өмнөд хөршийг өдөр шөнөгүй зорьдог байсан. Тэр үед манай аж ахуйн нэгжүүд гуалин, зүсмэл материалыг их хэмжээгээр экспортолж, оронд нь гурил будаахан авдаг байлаа. Энэ бол жинхэнэ эмгэнэл байсан юм. 2011 оны байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 8.26 хувь буюу загийг эс тооцвол ердөө 6,5 хувийг ой эзэлж байлаа. Ойн баялгаар дэлхийн дунджаас 3-4 дахин, Шведээс 6-7 дахин, Финлянд, Японоос даруй 8-9 дахин бага, өөрөөр хэлбэл энэ үзүүлэлтээр тун ядуу орны тоонд орно.
Хэдийгээр их хэмжээгээр мод бэлтгэдэг ажил зогссон боловч хулгайгаар мод огтлох явдал эсрэгээрээ ихэсч байна. Ойн сангийн 70 гаруй хувь нь нас гүйцэж хөгширсөн мод байдаг бол модны хулгайчид аль залуугаас нь огтолдог. Хэт өндөр насжиж, мөөгийн өвчинд нэрвэгдсэн мод өмхрөлийн улмаас задралынхаа явцад хүлэмжийн хийг агаарт ялгаруулж байна. Харин эрүүл ой, ялангуяа шилмүүст мод нүүрсхүчлийн хийг өөртөө шингээж, хүчилтөрөгчийг ялгаруулах замаар агаарыг цэвэрлэж, бохирдлыг багасган органик бодисыг нийлэгшүүлэх зэргээр онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг аж.
Судалгаанаас үзвэл ойн нөөцийн 76,3 хувийг нас гүйцсэн хөгшин ой эзэлж, залуу мод дөнгөж 0,5 хувь байгаа нь байгалийн аясаар сэргэсэн өсвөр зулзаган ойг хамгаалах асуудал хурцаар тавигдаж байна. Цаг уурын дулаарлаас шалтгаалан манай орны мөнх цэвдгийн тархалт буурч, хөрсний чийг, шим тэжээл доройтон усны нөөц багасан гол, нуур ширгэн хатаж байгаа нь нүдний өмнө илхэн байгаа.
Өнгөрсөн 70 жилд дэлхийн дулаарал долоон хэмээр, манай орны хувьд 2,1 хэм буюу даруй гурав дахин ихэсчээ. Энэ хандлагаар 2080 он гэхэд манай орны мөнх цэвдэг бүрмөсөн хайлж үгүй болох түвшинд хүрэхээр байна. Хэрэв мөнх цэвдэг хайлбал хөрсний чийг багасч, шим тэжээл доройтон гол нуур ширгэхэд хүрнэ. Жилд дунджаар 392,5 мян.га талбайн ой түймэрт, 50-80 мян.га талбайн модыг огтолж нүцгэлэн, 101,1 мян.га талбайн ой мод хөнөөлт шавьжинд өртөж байгаа нь гамшгийн хэмжээнд хүрсэн гэхэд болно.
2010-2012 онд улсын хэмжээнд давхардсан тоогоор 494 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 8.2 сая га ой, бэлчээр шатаж, байгаль экологид 85 тэрбум төгрөгийн хохирол учирсан гашуун баримт байна. Зөвхөн сүүлийн хоёр жилд дунджаар 2,7 сая га ой, бэлчээр шатаж, 28 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирчээ. Гэтэл өнгөрсөн онд гэхэд цагдаагийн байгууллага 138 ой, хээрийн түймрийн хэрэг зөрчлийг шалгаж, 78 түймрийн эзэн шалтгааныг илрүүлэн тогтоожээ. Уг нь эзэн Чингисийн үеийн “Их засаг” хуульд түймэр тавьсан ардыг гэр бүлээр нь цаазалдаг хатуу цаазтай байжээ.
Ойн түймэр гарах нэг үндсэн шалтгаан нь цэвэрлээгүй ой болоод байна. Нэг үе манайд ойг цэвэрлэхгүй байлгах нь унанги гишүү мөчир зэрэг нь чийгэнд ялзарч бордоо болно гэж үздэг байлаа. Гэвч буталж жижиглээгүй унанги нь бордоо болох нь битгий хэл түймрийн гол түлш болжээ. Ойн чийгшил уур амьсгалын өөрчлөлт дулаарлаас эрс муудаж, унанги мөчир гишүү зэрэг нь ялзмагаас илүүтэй зурсан шүдэнз мэт аюулыг бий болгож байна. Сүүлийн жилүүдэд цэвэрлэгээний огтлол нэрээр түймэрт шатсан босоо модыг огтлон авч үзүүр, ёзоор, мөчир гишүү, хожуулыг ойд их хэмжээгээр үлдээж, ойн хаягдлыг улам нэмэгдүүлэх болсон. Ойн төрөл бүрийн хаягдал нь түймэр гарах, модлогоор хооллогч шавьжны хөнөөлийн голомтыг бий болгож байгааг энэ чиглэлийн салбарын эрдэмтэд дэлхий даяар хүлээн зөвшөөрч байна. Ой нь түймэр, модлогоор хооллогч шавьжинд нэрвэгдсэнээр экологийн тэнцвэрт харьцаа алдагдахаас гадна хүчилтөрөгчийн эх үүсвэр үгүй болж, модонд хуримтлагдаж байсан хүлэмжийн хий ялгарч, агаарын бохирдлыг улам нэмэгдүүлсээр.
Ойн менежментийг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлж буй орнууд эхлээд ойн зам, сүлжээ гаргаснаар хэт шигүү ойд байгаа эрүүл бус, хөгшин модыг огтлох боломж бий болгодог. Мод огтлох явдал болгоныг манай монголчууд байгаль орчноо сүйтгэх үйлдэл хэмээн буруу ойлгож магадгүй. Гэтэл хөгшин ой залуу, дунд насны модонд шаардагдах нарны гэрлийг хааж, тэдний дулаан, чийг, хөрсний шим тэжээлийг булааж эрүүл өсч бойжих боломжийг илэрхий хязгаарладаг байна.
Өнгөрөгч долоо хоногт НҮБ-ын “Ойн форум”-ын 10 дугаар чуулган “Ой ба эдийн засгийн хөгжил” сэдвийн дор Туркийн Истамбул хотноо болов. Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайд С.Оюун сайд нарын түвшний ерөнхий хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ “Монгол Улс газар нутгийнхаа 30 хүртэлх хувийг улсын тусгай хамгаалалтад авах, Монгол орны говийн бүсэд гурван мянга шахам км ойн зурвас байгуулах зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа”-гаа дурдаад эдгээрийг хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа чухал байгааг цохон тэмдэглэсэн байна. Мөн 2009 онд УИХ-аас Ойн сан бүхий газрыг уул уурхайн үйлдвэрлэлээс чөлөөлөх тухай хууль баталсан нь ойн экосистемийг хамгаалах чиглэлээр хийсэн чухал алхам болсон, ой хамгааллын ажилд нутгийн иргэдийн өргөн оролцоотой ойн тогтвортой менежментийг хөгжүүлэх талаар ажиллаж байгаа талаар мэдээлэв.
Монгол орны ойн шуугих, эс шуугих нь С.Оюун сайдын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны үйл ажиллагаанаас багагүй шалтгаалах билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ