Хар мөртэй эгч дүүс гуч гаруй монголчуудыг хятадын шоронд илгээлээ

Хүн төрөлхтнийг сая саяар нь залгиж буй цагаан тахлын салхинд монголчууд аль эрт нэрвэгдэж өдгөө хууль бус наймааны золиос болж, олон арван хүн өргөст торны цаана сууж байгаа. Хаа хол Америк, Африк тивийн асуудал  мэтээр  бидний хүлээж авч байсан мансууруулах бодисын наймаа өдгөө Монголын хөрсөнд үрсэлж эхэлсэн нь нэгэнт тодорхой болсон.

Хар тамхи, мансууруулах бодисны наймаа бол мафийнхныг тэжээх гол судас.  Жилдээ 100 тэрбум ам.долларын ашиг олдог уг хууль бус бизнес нь ашиг орлогоороо дэлхийн хэмжээнд зэвсгийн наймааны дараагаар ордог.

 Аль ч нийгэмд  мафиуд, мансуурагчид, биеэ үнэлэгчдийг амь бөхтэй оршиход нөлөөлж буй гол хүчин зүйл нь хар тамхи гэдэгтэй маргах аргагүй.  Олон улсын хэмжээнд мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус наймаа жил ирэх тутам цэцэглэж байгаа нь сүүлийн үеийн олон баримтуудаас харагдаж байна. Тэр тусмаа монголчуудын хувьд  хөрш хоёр оронд уг наймааны зах зээл асар их байгаа нь  гэмт хэргийн золиос болох үүд хаалгыг нээсэн гэж хэлж болно.

 Хөрш орнууд, зүүн өмнөд Азийн мафийнхан овоо хараандаа монголчуудыг онилж нутаг дэвсгэрийг нь хар тамхи зөөвөрлөх дамжин өнгөрөх гүүр болгон ашиглаж эхэлсэн нь аюулын харанга дэлдэж байна. Тэд ядуу амьдралтай гадаадад ажиллаж мөнгө олох сонирхолтой залуусыг хууран мэхлэж уруу татан тээвэрлэгч болгох аргандаа оруулж эхэлснийг ЭЦГ, УМБГ-аас шалгалтаар илэрсээр байна. Хамгийн айдас татсан мэдээлэл гэхэд л  Монгол иргэншилтэй хүн сүгнүүд ээжийгээ эмээгээ, ах эгч, найзыгаа хайр найргүй  харийнхны өгөөш болгосон хар баримтыг дурдахгүй байх аргагүй юм.

Баримт түшихэд, зөвхөн өмнөд хөршид  героин, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл тээвэрлэж яваад баригдаж 15-20 жил бүр цаазын хэмжээ авсан өч төчнөөн хүмүүс хятадын ардын шүүхээс ял сонсон хоригдож байна. Тэдгээр хохирогчдын 30 гаруй нь монгол иргэншилтэй эгч дүүс болох Б.Хулан, Б.Халиун нарын хар балгаар бүх насаараа харийн шоронд ял эдлэж үйлээ үзэн үсээ унагаан сууж буй нь энэ.

 Дээрх эгч дүүс  Зүүн өмнөд Азийг атгадаг “Алтан гурвалжин”, “Алтан хавирган сар” зэрэг мафийн гишүүнээр элсчээ. Улмаар гэнэн итгэмтгий, амар хялбар аргаар мөнгө олох хүсэлтэй монголчуудын сул талыг ашиглан хар тамхи тээвэрлүүлж Бээжин, Гуанжоу, Хонконг болон Малайз руу тээвэрлүүлж гэмт хэргийн золиос болгодог нь манайхны мөрдлөгөөр илэрчээ. Тэр ч бүү хэл төрсөн ээж, дүүгээ ч уг хэмт хэргийн золиос болгосон нь тогтоогдсон байх юм.

 Монголчуудыг хайр найргүй харийн шоронд илгээж буй Б.Хулан нь африк нөхөртэй. Сүхбаатар дүүрэгт 1976 онд төрсөн. Өдгөө төрсөн гэр нь Сүхбаатар дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт харьяалагддаг. Харин төрсөн дүү Б.Халиун нь 1978 онд төрсөн гэхээс өөр мэдээлэл байхгүй юм. Тэд Малайз, Хонконг, Бээжингээс “Western Union” үйлчилгээг ашиглан 1000-5000 ам.доллар Монгол руу илгээж золионы хүнээ олдог гэнэ. Тэд бусдыг урхинд оруулахдаа “Өндөр цалинтай ажилд явуулна” хэмээн хүмүүсийг элсүүлж улмаар харийн нутагт аваачин хар тамхи зарахыг тулгадаг аж. Ингэж яваад хохирсон Дорнод аймгийн харьяат Э гэх залуу өдгөө БНХАУ-ын ардын шүүхээс  цаазын ял сонсон суугааг ээж, гэр бүлийнхэн нь холбогдох байгууллагынханд мэдэгджээ.

УМБГ-ын хар тамхитай тэмцэх хэлтсээс дээрх эгч дүүсийг олон улсад эрэн сурвалжуулахаар болжээ. Өдгөө Б.Хулан нарын золиосолсон 30 гаруй хүнээс гурав нь цаазын ял сонссон гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Тэднийг эрэн сурвалжлах ажиллагаа эхэлсэн нь олон хүнийг уг гэмт хэргийн золиос болохоос сэргийлэх нэг алхам болж байгаа юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ