АНУ бидний дайсан биш, бид оросуудтай л тулалдана
Бостонд үйлдсэн террорын ажиллагаанд холбогдолтой, үүнийг зохион байгуулсан гэж үзэж буй ах, дүү Тамерлан болон Жохар Царнаев нартай холбоо сүлбээтэй байж магадгүй гэсэн мэдээллийг Оросын Умард Кавказын салан тусгаарлагч үзэлтнүүд няцаасан байна. Тэд энэ мэдэгдлээ хориглогдсон “Кавказ-центр” сайтын твиттерт байршуулжээ.
Тамерлан Царнаев 2012 онд Дагестанд хагас жил байхдаа можахедуудтай уулзаж байгаагүй гэж мэдээнд тэмдэглэсэн байна. Тэд АНУ-ыг дайснаа хэмээн үздэггүй, гагцхүү Оростой байлдаж байгаа гэж бас мэдэгджээ.
Ах, дүү хоёр Царнаев можахедуудтай хамтран ажиллаж байсан байж болохыг түрүүнд нь Чеченийн хүчнийхэн няцаасан юм.
Гэхдээ тухайлбал, террорист байгууллага гэж Орос, АНУ-д үзсэн “Имарат Кавказ” гэдэг бүлэглэлтэй тэд холбоотой байж болох тухай мэдээллийг одоо америкийн мөрдөн байцаагчид шалгаж байгаа ажээ.
Тамерлан Царнаев 2012 оны эхээр Орост очиж байсан нь ингэж сэжиглэх шалтгаан болсон байна. Тэдний мэдээлснээр, бүр хүүхэд байхдаа Оросоос гарч явсан Царнаев Чечень, Дагестанаар орж байжээ.
Бостонд террорын ажиллагаа үйлдсэн хэмээн сэжиглэгдэж буй ах, дүү Царнаев хууль сахиулах байгууллагынхантай буудалцаж, энэ үеэр 26 настай Тамерлан алагдаж, харин 19 настай Жохар зугтаж амжсан юм. Бараг нэг хоногийн дараа түүнийг саатуулсан бөгөөд хүнд шарх авсан түүнийг эмнэлэгт хэвтүүлсэн байна.
Тэд хоёулхнаа ажиллаж, зохион байгуулалттай бүлэглэлүүдтэй холбоогүй байсан бололтой. Одоо байгаа баримт сэлтийг үндэслэн америкийн эрх баригчид ийм хувилбарыг дэвшүүлж байгаа ажээ.
Ах, дүү Царнаев бусад газарт ч халдлага хийхээр төлөвлөж байжээ гэж Бостон хотын цагдаагийн комиссар Эдвард Дэвис мэдэгдэв. “Дэлбэрэлт болсон газраас олдсон гэрчлэх баримтыг үндэслэн бидэнд ингэж бодох шалтгаан бий. Одоо би хувьдаа ингэж үзэж байгаа” гэж Дэвис телевизийн Си-би-эс сувагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ