Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 30, Пүрэв
"АНУ-ын талаас Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхол бий. Гэвч..."

"АНУ-ын талаас Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхол бий. Гэвч..."

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-01-25 13:50:31

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим /АмЧам Монгол/ энэ оны анхны уулзалтаа өчигдөр /2023.01.24/ "Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого" сэдвийн хүрээнд зохион байгууллаа. 

Тус уулзалтад АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон Ричард Буанган, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар уригдан оролцож, Монгол Улсын гадаад бодлого, гуравдагч хөршийн бодлого, хөрөнгө оруулалт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, ирсэн зочидтой санал бодлоо хуваалцлаа.

Орос-Украины дайнтай холбоотойгоор олон улсын харилцаанд шинэ хүйтэн дайны үе эхлээд буй. Манай улсын гадаад бодлогод шинэ шалгуур гарч ирэв. Гэсэн хэдий ч  манай улсын хувьд "гуравдагч хөрш"-ийн бодлого хэрэгжүүлдэг орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг болоод байна. 

Өнгөрөгч 2022 оны аравдугаар сард Монголд томилогдон ирсэн АНУ-ын Элчин сайд Ричард Буанган уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, АНУ Монгол Улсын гуравдагч хөршийн нэг, стратегийн түншээс гадна найз нь гэдгээр бахархдаг гэдгийг онцлохын сацуу энэ жилийг АНУ-Монголын харилцааны жил болгоё гэдгийг би Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзахдаа хэлж байсан гэлээ. Мөн Монголын ардчиллын хүчирхэг уламжлал, нээлттэй зах зээлийн институцид хөрөнгө оруулалт хийх замаар Ардчиллын түншүүдтэйгээ харилцаагаа улам гүнзгийрүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж, үүний төлөө хамтдаа зүтгэцгээе гэв. 

2013 онд Монгол, АНУ гарын үсэг зурж, 2017 онд хүчин төгөлдөр болсон Монгол, АНУ-ын Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр (Ил тод байдлын хэлэлцээр)-ийн хүрээнд хүлээсэн үүргээ хүрэн хэрэгжүүлж чадахгүй байгааг АНУ-ын ICS байгууллагаас 2022 онд гаргасан судалгаанд дурджээ. 

Ил тод байдлын хэлэлцээрээр олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомжийн талаар олон нийтэд мэдээлэх, санал авах, хэвлэн нийтлэх, авлигатай тэмцэх зэрэг чиглэлээр харилцан мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлсэн нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чухал ач холбогдолтой юм.

Тэгвэл энэ талаар Элчин сайд Ричард Буанган "Хууль боловсруулах үйл явц дахь ил тод байдлыг нэмэгдүүлэх, олон нийтийн санал хүсэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр парламентын зүгээс дорвитой алхам хийсэнд бидний талархаж байна. Гэвч Засгийн газар Монгол Улсын хууль тогтоомж, Ил тод байдлын гэрээнд заасан үүрэг, шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй. Ил тод байдлын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх эцсийн хугацаа 2022 оны гуравдугаар сард дууссан. Иймээс бидний нэн тэргүүний зорилт бол Ил тод байдлын хэлэлцээрийн хэрэгжилтийг үргэлжлүүлэх юм" гэв.

Түүнчлэн тэрбээр АНУ-ын талаас Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхол байгаа. Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын зүгээс хөрөнгө оруулагчдыг дэмжих, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буйд талархалтай байгаа гэдгийг илэрхийлэв.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь Засгийн газрын нэн тэргүүнтий зориултуудын нэг хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байсан. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас тодрууллаа. 

Тэрбээр, АНУ-аас хөрөнгө оруулалт татах боломж бий. Гэхдээ манай талаас тус хөрөнгө оруулалтыг татахуйц хангалттай хэмжээнд байж чадахгүй байна гэдгийг америкчууд хэлж байна. Дэлхийн 193 орноос Монголыг сонгож хөрөнгө оруулалт хийхийн тулд манайд давуу тал байх ёстой. Хөрөнгө оруулагчид тухайн орны хууль орчны нөхцөл байдлыг харна. Хэт үндсэрхэг үзэл, улстөржилт, хийрхэл, мэдлэггүй байдал Монголд хөрөнгө оруулалтыг татахад том эрсдэл учруулж байна. Манай улс дэлхийн томоохон компаниуд, банкууд орж ирэх санал тавьж байсан. Гэхдээ бид оруулаагүй. Хөрөнгө оруулагчид бизнесийг дэмжсэн орчин, ашиг олох бололцоо хэр байна вэ гэдгийг л хардаг. Хөрөнгө оруулагчдыг дахин татахын тулд бид олон жил хичээж байна. Тэд бидний зан чанарыг таньчихсан болохоор одоо тэдний анхаарлыг татаж, оруулж ирэхийн тулд илүү ихээр чармайх ёстой болж байна" гэж хэллээ.

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь гурван сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ѐсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

Гэрэл зургийг: АмЧам Монгол

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-01-25 13:50:31

Сэтгэгдэл бичих

4+4 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty