Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 19, Пүрэв
У.Хүрэлсүх: Хүнээ хамгаалъя, хөгжүүлье гэвэл бид хүнсээ сайжруулах ёстой

У.Хүрэлсүх: Хүнээ хамгаалъя, хөгжүүлье гэвэл бид хүнсээ сайжруулах ёстой

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-13 10:16:00

УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хүнсний аюулгүй байдал, хангамжийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр "  Улс орны нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих суурь реформын хүрээнд 100 жил 10 зорилт хөгжлийн санаачилгыг Төрийн тэргүүн дэвшүүлсэн. Энэхүү зорилт нь Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгалаа олсон нь сайшаалтай. Дээрх 10 зорилтын нэг болох хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, МАА, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болоход та бүхний анхаарлыг хандуулахаар Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд биечлэн оролцож байна.

Төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байж ирсэн. Цаашид ч байх  ёстой. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь монгол хүний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Хүнээ хамгаалъя, хүнээ хөгжүүлье гэвэл бид хүнсээ сайжруулах ёстой. Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх суурь  асуудлын нэг бол хүнсний аюулгүй байдлыг хангах хүнсний хангамжийг нэмэгдүүлэх явдал юм.

Хүнс эрүүл байвал монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол Улс хүчирхэг байна. Тиймээс Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүнсний хангамж, иргэдийн эрүүл амьдрал, хүний бие махбодийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, хүртээмжтэй, тогтвортой хангах явдал онцгой чухал асуудал болж байна.

...Бидний өвөг дээдэс өнө эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхэлж, хоол хүнс, дээл хувцас, эд зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэж, худалдаа наймаа эрхэлж, бусдаас хараат бус оршин тогтнож ирсэн түүхтэй. Социализмын он жилүүдэд ч Монгол оронд аж үйлдвэрийн хувьсгал эрчимж, мах, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо зэргээр дотоодын хэрэгцээгээ хангаж ирсэн төдийгүй 1985 онд ХАА-г хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байсан. Монголчууд бид монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж ирсэн. Чаддаг байсан зүйлээ чадахгүй болох нь хөгжил дэвшлээс ухарсан хэрэг юм. Бид үүнд анхаарч, засаж залруулах шаардлагатай байна.

Дэлхийн нийтэд үүссэн нөхцөл байдал, цар тахал, тээвэр логистикийн хүндрэл, ажилгүйдэл, ядуурал, бараа бүтээгдэхүүний хомстол, үнийн асуудлаас үүдсэн хүнсний хангамжийн асуудал улс орон бүрийн нэн тулгамдсан асуудал болоод байна. Энэ нь цаашлаад дэлхий нийтийн тогтвортой хөгжилд томоохон эрсдэл учруулах хандлагатай байна.

....Манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ тэн хагасыг түүн дотор хүнсний бүтээгдэхүүний 50 орчим хувийг гаднаас авч байна. Өнгөрсөн 2021 онд нэг тэрбум ам.доллараар хэмжигдэх хүнсний бүтээгдэхүүнийг импортоор авсан байна. Монголчууд бид мах, гурил, төмс гэсэн гурван бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байна. Энэ чамлахааргүй амжилт бөгөөд олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Гэхдээ гурилан бүтээгдэхүүний 33 хувь, хүнсний ногоо, сүүн, сүүн бүтээгдэхүүний 40 хувь, өндөгний 50 орчим хувь, загас будаа, элчин чихрийг 100 хувь, танхианы мах, ургамлын тос, хүнсний давсаа бид 100 хувь гаднаас авч байна. Хэдийг хүртэл бид айлаас давсаа хүртэл гуйж амьдрах юм бэ. МАА-тай, сүүн сүүн бүтээгдэхүүнээ дотоодоос хангах боломжтой манай улс импортын хуурай сүүгээр хийсэн сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна.

Манай улсын хүнсний нэр төрөл, хангамжийн эмзэг байдал нь дэлхий нийтэд үүсээд буй геополитикийн нөхцөл байдлын улмаас улам ихээр мэдрэгдэх боллоо. Тухайлбал, манай улсын хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилд 20 орчим хувиар өсөж, инфляци 15 хувьд хүрч, иргэдийн  амьжиргаа, улсын эдийн засагт хүндээр тусаж байна.

Хүнсний хангамжаас гадна чанар, аюулгүй байдал манай улсын тулгамдсан асуудал болоод байна. Итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадал хангалтгүй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй үзүүлэлтийг бүрэн шинжилж чадахгүй байгаа нь манай улс хүнсний аюулгүй байдлаа бүрэн хянаж чадахгүй байгааг давхар харуулж байна. Хүнсний аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүн хэрэглэдэг болохын тулд шат шатандаа стандартаа мөрдүүлж, хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд нөлөөлсөн үйлдэлтэй хатуу тэмцэх ёстой. Хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж, чанаргүй хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт их байгаа нь манай орны хүнсний чанар, аюулгүй байдалд аюулын харанга дэлдсэнийг давхар харуулж байна.

НҮБ-ын судалгаагаар манай улсын хүн амын 20 орчим хувь нь хангалттай хэмжээний шим тэжээлтэй хүнсээр хангагдаж чадахгүй байна " гэлээ. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-13 10:16:00

Сэтгэгдэл бичих