Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 02 сарын 01, Лхагва
Зээлийн хүү "хоолойд тулсан" тул эмэгтэйчүүд нүцгэн жагсана гэв

Зээлийн хүү "хоолойд тулсан" тул эмэгтэйчүүд нүцгэн жагсана гэв

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-02-12 00:19:23

-Худалдаа эрхлэгчдийн 70-аас дээш хувь нь эмэгтэйчүүд бөгөөд өрх толгойлсон эмэгтэйчүүд дийлэнх нь байдаг-

Өндөр хүүтэй өдрийн зээл, төрийн байгууллагын дарамт шахалт хэцүү байгаа тул эмэгтэйчүүд Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр нүцгэн жагсаал зохион байгуулна хэмээн мэдэгдэл хийлээ. Эрхээ хамгаалуулах өдрөөрөө тэд чихэр, шоколад, дарс тэргүүтэн авахыг хүссэнгүй. Харин бизнес эрхлэхэд саад болж буй өрийн дарамт, мөнгө хүүлэлт хэрээс хэтэрсэн тул үүний эсрэг тэмцэнэ гэлээ.

Тус нүцгэн жагсаалыг "Иргэдийн шударга шүүх", “Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас “Бидэнд баярлах шалтгаан байхгүй-3” сэдэвтэйгээр Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэнэ.

Жагсаал зохион байгуулахтай холбоотой мэдэгдэл хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Монголын худалдаачдын холбоо” ТББ-ын тэргүүн Э.Урантөгс мэдэгдэл хийлээ.

Тэрээр "Энэхүү жагсаалыг удаа дараа зохион байгуулсаны учир гэвэл бид төрийн гурван өндөрлөг, УИХ-ын 76 гишүүн гээд бүгдэд нь байнгын шаардлага хүргүүлдэг. Худалдаачдын нийгмийн асуудал, эдийн засгийн байдал доройтож байна. Үүнд бодлого хэрэгтэй. Тиймээс биднийг үйлдвэрлэл, худалдаагаа хэвийн үргэлжлүүлэхэд төрөөс дэмжмээр байна. Хэрэв дэмждэггүй юм гэхэд худалдаачдыг дарамтлахаа болимоор байна.

Түрээсийн дарамт, өндөр хүүтэй өдрийн зээл, банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийг журамлаад өгөөч. Татвар, цагдаа, мэргэжлийн хяналтын торгуулиа бас зогсоогооч гэж бид шаардлага хүргүүлдэг. Гэсэн ч биднийг удаа дараалан үл тоосон.Тиймээс бид гуравдугаар сарын 08-нд дараагийн томоохон жагсаалаа зохион байгуулахаар боллоо.

Мөн өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд шаардлага хүргүүлнэ. Худалдаачдад зориулсан төрийн бодлого байхгүй учраас ченжийн систем рүү манай улсын худалдааны салбар шилжиж байна. Худалдааны салбарт бодлого байхгүй учраас хэрэглэгчдийн эрх ашиг бас зөрчигдсөөр байгаа. Иймээс Монголын худалдаачдын холбоо төрийн бус байгууллагын төлөөллүүд гуравдугаар сарын 08-нд ээжүүд, эмэгтэйчүүд, худалдаачдынхаа эрх ашгийг хамгаалж, жагсаал зохион байгуулна. Үүнээс гадна тус холбооны Их хурлыг гуравдугаар сарын 07-нд хийнэ" гэлээ.

Мөн Иргэдийн шударга шүүх ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Сайнбаяр "Тэгш эрхийн жагсаалыг гуравдугаар сарын 08-нд хийхээр болсон. Худалдаачдад хууль хатуу үйлчилж, төр түшилцэж буй эрхмүүдэд давуу эрх байдаг тул "Бид баярлах" эрхгүй хэмээх тэгш эрхийн төлөөх хувьсгалыг хийх гэж байна. Хөгжлийн банкнаас авсан 4,3 их наядын зээлийн 70 гаруй хувь нь ямар нэгэн төсөл хөтөлбөргүй байна. Жишээ авахад Улаанбаатар болон Худалдаа хөгжлийн банкны томоохон хувьцаа эзэмшигч н.Эрдэнэ гэгч хүн бий. Энэ хүн Хөгжлийн банкнаас 506 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус зээлээ банкандаа оруулаад бизнесийн зээл болгон жилийн 18 хувийн хүү бусдаас авч байна.

Харин өөрөө Хөгжлийн банканд жилд зургаан хувийн хүү төлж байгаа. Ингээд бодохоор жилд 60 тэрбум төгрөгийг тэр хүн зүгээр гэртээ хэвтэж байхдаа хэрэглээд, ард түмнээр хүүг нь төлүүлж байна. Жилд 60 тэрбум төгрөг гэхэд л 7-8 жилийн дараа авсан зээлээ бусдад зээлүүлсэн хүүгээрээ олчихсон байх жишээтэй. Ийм учраас бүх иргэд тэгш эрхтэй байх зарчмыг хангаж, шударга тогтолцоотой болгохын төлөө тууштай тэмцэх хэрэгтэй’’ хэмээлээ.

Хэвлэлийн хурлын үеэр жирийн иргэд зээл авахдаа маш өндөр хүүтэй барьцаа хөрөнгөө багаар үнэлүүлж авдаг. Харин төрийн эрх мэдэлтнүүд бага хүүтэй зээлийг урт хугацаагаар маш их хэмжээгээр авч, мөнгө хүүлдэг байгууллагуудаар дамжуулан иргэдийг мөлжиж байна гэсэн юм. Мөн энэ үеэр худалдаа эрхлэгч эмэгтэйчүүд "Бага хүүхдээ том хүүхдээрээ харуулж үүрийн гэгээнээр гэрээ орхиж, худалдаа эрхлэхээр гарч амс хийх завгүй ажиллах боловч хөнгөлөлттэй зээл нь эзэддээ очихгүй байна. Тиймээс банк бус санхүүгийн байгууллага, арилжааны банк, өдрийн зээл олгогч байгууллага болон хувь хүнээс маш өндөр хүүтэй зээл авч үйл ажиллагаагаа эрхлэхээс өөр аргагүй. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруу, хүүхэд харах үйлчилгээ хэрэгжихгүй байгаа. Үүний улмаас олон хүүхэд гэртээ цоожтой хаалганы цаана үлдэж ахуйн осолд өртөн харамсалтайгаар амь насаа алдаж байна" хэмээсэн юм.

Эргэн сануулахад одоогоос таван жилийн өмнө Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх Ээжүүдийн холбооноос “Бидэнд баярлах шалтгаан алга” хагас нүцгэн цуглааныг анх удаа Сүхбаатарын талбайд зохион байгуулсан юм.

Улмаар 2018 онд үргэлжилсэн ч дараа жилүүдэд цар тахлын нөхцөл байдал, хөл хорионы дэглэмээс үүдэн хойшлогдсон байна. Харин энэ жил гурав дахь удаагийн жагсаалаа хийнэ гэдгээ мэдэгдсэн нь энэ. Өмнөх цуглаанаар гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн хүнд хөдөлмөр эрхлэлт, мөнгө хүүлэлт зэргийг таслан зогсоохыг төр засаг болон холбогдох байгууллагуудаас шаардаж байсан юм.

Тухайн цаг үед Монгол Улсад ажилгүйдэл, ядуурал газар авч байгаа учир эмэгтэйчүүдэд баярлах шалтгаан байхгүй хэмээн цуглаанд оролцогчид дурдаж байлаа. Мөн гэр бүлийн хүчирхийллийг зогсоож, ажилгүйдэл, ядуурлыг арилгах хүртэл энэхүү цуглааныг жил бүр зохион байгуулна хэмээн мэдэгдэж байсан. Мөнгө хүүлэлт, жижиг бизнесийг шахсан таагүй орчин, хүүхдийн амь настай холбоотой аюулгүй байдал цар тахлын сүүдэр дарсан өнгөрсөн жилүүдэд нэмэгдсэн. Тиймээс ээжүүд аргаа барж эрүүл мэндээ үл хайхран нүцгэн жагсахаар болжээ.

Ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүд сургууль, цэцэрлэг үүд хаалгаа барьсан энэ цаг үед банк бус санхүүгийн байгууллагаас авсан жилийн 120 хувийн хүүтэй зээлээ төлөх гэж үр хүүхдээ умартан зүтгэж байна. Харин томоохон групп, улс төрийн өндөр албан тушаалтнуудын танилууд Хөгжлийн банкнаас төсөл хөтөлбөр өгөлгүй, жилийн гурван хувийн хүүтэй зээл авч байна. Зарим тохиолдолд 40 хүртэлх сараар зээлийн төлөлтөө хийгээгүй байх тохиолдолч гарсан. Энэ байдлыг багахан ч атугай өөрчлөхийн тулд бизнес эрхлэгчид үндсэн хуулиар олгогдсон тэгш эрхийнхээ төлөө тэмцэхээр бэлджээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-02-12 00:19:23

Сэтгэгдэл бичих