Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 09 сарын 17, Баасан
Макс Жонсон: Үндсэн хөрөнгө оруулалт болох 19 сая доллараа эргүүлэн авахыг хүсэж байна

Макс Жонсон: Үндсэн хөрөнгө оруулалт болох 19 сая доллараа эргүүлэн авахыг хүсэж байна

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр Уржигдар

Монголд уул уурхайн төсөлд 19 сая долларын хөрөнгө оруулаад луйвардуулсан тухай нь Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсонтой ярилцлаа. Eagle News телевизийн тоймч Г.Ганбаяр түүнтэй ярилцсан юм. 

Ярилцлагын эхэнд та өөрийн гэр бүл, боловсрол, Монголд ямар ажлаар ирсэн талаараа товчхон сонирхуулна уу?

-Намайг ярилцлагад урьсанд маш их баярлалаа. Миний нэр Макс Жонсон. Их Британийн иргэн. Бельгийн Брюссель хотод төрж тэнд таван нас хүртлээ амьдарсан.Минйи хүүхэд ахуй нас Их британид өнгөрсөн.Тэндээ дунд сургуульд сурч, цаашлаад их сургуульд орос хэлээр суралцаж төгссөн. Амьдралынхаа өнгөрсөн 15 жилийг Азид өнгөрүүллээ. Бээжин дэх Цинхуа их сургуульд бизнес удирдлагын мастер зэрэг хамгаалж Хятадад металл, уул уурхайн чиглэлээр бизнес эрхэлж байна. Сүүлийн жилүүдэд Хонконгод хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр ажилласан. Эхлээд Голдман сакс банканд ажиллаж байгаад дараа нь өөрийн хувийн хөрөнгө оруулалтын компаниа нээж Саймон Муррай хэмээх хүнтэй хамтран ажиллаж байна. Би Монголд анх 2006 онд үүргэвчтэй аялагчийн хувиар ирж байлаа. Монгол орон надад үнэхээр их таалагдсан тул дахинирнээ гэж өөртөө амлаж байв. 2016 онд ноён Муррай Монголд хөрөнгө оруулсаныг би мэдэж байсан юм. Улмаар 2018 онд түүний санал болгосны дагуу Монгол дахь төсөл дээр нь хамтран ажиллахаар боллоо. Хэдийгээр өнөөдөр тийм таатай ажлаар ирээгүй ч Монгол орон надад үргэлж таалагддаг байсан.

Та орос хэл судлаж, Хятадад боловсрол эзэмшсэн гэлээ. Дорнын соёлтой улс орнуудад яагаад татагдаж болов?

 -Хоёр шалтгаантай гэж хэлж болно. Юуны өмнө эрхэлж буй бизнестэй минь холбоотой. Азийн улс орнуудын өсөн дэвжиж буй эдийн засаг нь геополитикт маш чухал нөлөөтэй гэж боддог. Орос хэл намайг Эрхүүд хүргэсэн. Эрхүүгээс хэдэн алхаад Монголд ирсэн нь богинохон алхам мэт санагдаж болох ч бизнесийн маш том боломж гэдгийг олж харсан. Хоёр дахь шалтгаан нь соёлтой холбоотой. Азийн соёл нь эртний уламжлал түүхтэй учраас эдгээр хэл, соёлыг нь судлахыг хүссэн юм. Нэмж хэлэхэд манай гэр бүл Их Британийн хэвлэл мэдээлэл, улстөрийн анхааралд их өртдөг учраас энэ бүхнээс өөрийгөө тусгаарлаж ертөнцийн нөгөө тал болох Азид амьдрахыг хүссэн.

Одоо бид илүү нухацтай асуудлын талаар ярилцах гэж байна. Энэ яриа таны хөрөнгө оруулалттай холбоотой байх юм.  Та яагаад “Засаг чандмань” нэртэй компанийн уул уурхайн төсөлд хөрөнгө оруулсан юм бэ?

GRF бол миний бизнесийн хамтрагч Саймон Муррайн үүсгэн байгуулсан хөрөнгө оруулалтын сан. Монголын уул уурхайн салбарт ажиллах нь бизнесийн том боломж учраас 2016 онд хөрөнгө оруулсан. Анх 20 сая доллар гэж ярьж байгаад 19 сая долларын хөрөнгө оруулсан. Хуурай болон нойтон аргаар полиметаль боловсруулах төсөл байлаа. “Засагчандмань” компанийн уурхай нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт байдаг зэс, алт, төмрийн хүдрийн орд.Энэ төсөл анх маш сайн хөрөнгө оруулалт мэт санагдаж байсан ч яваандаа асуудал үүссэн.

Та Монгол дахь уул уурхайн энэ төслийг хариуцаж байсан уу?

-Бид зөвхөн хөрөнгө оруулагчид шүү дээ.Хөрвөх зээлийн гэрээгээр нийтдээ 19 сая долларын хөрөнгө оруулсан. Төслийн гол хүн нь Д.Буянтогтох бөгөөд гүйцэтгэх захирал болон санхүү эрхэлсэн захирал нь түүний ойрын хүмүүс байсан.

Та энэ уурхайн төслийн ажлыг яаж хянадаг байсан бэ?

-Бид гадаадын хөрөнгө оруулагчийн хувиар төслийг хариуцаж байгаа хүмүүсийн үйл ажиллагаа, удирдах зөвлөлийн хурал, бичгээр явуулсан тайлангуудтай танилцах гэж бүх чадлаараа хичээсэн. Төслийн хөрөнгө оруулалт нь зөвхөн бидний хувийн мөнгө биш хөрөнгө оруулагчдын мөнө учраас төслийн үйл ажиллагаа хянах гэж их хичээсэн. Цагдаагийн газраас явуулсан мөрдөн шалгалтын үр дүнг бидэнд танилцуулаагүй учраас хөрөнгө оруулагчийн хувиар бидэнд хангалттай мэдээлэл дутмаг байна.

Та энэ төсөлд нэгдсэнээс хойш Монголд хэдэн удаа ирсэн бэ?

-Би 2018, 2019 онд ирсэн.Өнгөрсөн жил ирж чадаагүй гэхээр энэ удаагийнхтай нийлээд гурав дахь удаагаа Монголд иржээ.

Монголын талын хамтрагч нартайгаа биечлэн уулзаж байв уу?

-Би Дашдэлэгийн Буянтогтохтой 2019 онд сүүлчийн удаа уулзсан. Тэр үед бид цагдаагийн байгууллагад хандаж мөрдөн шалгах хүсэлт тавьсан байсан юм. 2018-2019 оны турш бараг жил гаруй Д.Буянтогтохтой холбоотой байж хөрөнгө оруулалтаа буцааж авахыг хүссэн. Төслийг хэрэгжиж эхэлсэн эхний өдрөөсөө л зээлийн хүүг огт төлөөгүй нь бидний хачирхалыг төрүүлж байлаа.Түгшүүрийн дохио гэх үү дээ. Метал боловсруулах үйлдвэр огт баригдаагүй нь илэрхий баримт. Ямар нэг зүйл буруу байгаа нь нүдэнд ил байлаа. Бид Д.Буянтогтохтой уулзаж мөнгөө буцааж авах хүсэлт тавьсан боловч харамсалтай нь биднээр тохуурхаж анхны хөрөнгө оруулалтын тун бага хувийг буцааж өгөх боломжтой гэдэг хариулт сонссон. Улмаар бид хөрөнгө оруулагчийн хувиар цагдаагийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж шийдсэн юм.

Цагдаагийн байгуулагад хандсанаас хойш уурхайн үйл ажиллагааг зогсоож царцаасан учраас ямар нэг олборлолт явагдахгүй байгаа.

Та өмнө нь энэ уурхайд очиж байв уу?

-GRF компанийн хүмүүс, Саймон Муррай ч бас очиж байсан. Би харин энэ удаа уурхай дээр очихоор төлөвлөж байна.

Ямар нэгэн буруу зүйл болоод байгааг та хэзээ олж мэдсэн бэ? 

-Өмнө нь хэлсэнчилэн зээлийн хүүгээ огт төлөөгүй, боловсруулах үйлдвэр ч баригдаагүй. Гэхдээ энэ бол зөвхөн сэжиг байсан гэдгийг хэлье. Бид чухам юу болоод байгааг олж мэдэхийн тулд 2019 онд цагдаагийн байгууллагад хандсан. Тэд мөрдөн байцаалтын үр дүнд олж авсан нотлох баримтдаа тулгуурлаад Д.Буянтогтохыг гадаадад зорчихыг хориглох шийдвэр гаргасан. Гэтэл Д.Буянтогтох Чингэлтэй дүүргийн шүүгч Халиун гэдэг эмэгтэйд хандаж гадаадад зорчих хоригоо цуцлуулах шийдвэр гаргуулсан байдаг. Улмаар шүүгчийн шийдвэр гарсан тэр өдөртөө багтан хилээр гарсан. Шүүхийн шийдвэр гарсан учраас цагдаагийн байгууллага түүнийг байцаах, мэдүүлэх авахад хүндрэлтэй болсон. 2019 оноос 2021 оны дөрөвдүгээр сар хүртэл цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа маш удаан үргэлжиллээ. Би таны асуултад дахиад хариулъя. Өнгөрсөн дөрөвдүгээр сард цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цуглуулсан баримтуудыг бидэнд танилцуулсан. Бидний хөрөнгө оруулсан мөнгийг холбоо хамаарал бүхий компаниуддаа хувааж өгсөн нь тодорхой болсон юм. Тэдгээр компаниуд нь цаасан дээр ямар ч холбоо хамааралгүй мэт харагддаг. Гэхдээ бидний хөрөнгө оруулсан мөнгийг тухайн компаниуддаа байгуулсан гэрээ, нэхэмжлэх, үйлчилгээний хөлс гэж шилжүүлсэн байлаа. Гэтэл тэдгээр компаниуд нь маш өндөр үнээр гэрээ байгуулсан атлаа ямар ч ажил үйлчилгээ үзүүлээгүй болох нь тогтоогдсон. Хамгийн хачирхалтай нь бидэнд санал болгосон 3434 дугаартай олборлолтын лицензийн хугацаа нь аль эрт дуусгавар болсон байсныг олж мэдсэн. Бидэнд хөрөнгө оруулалтын аюулгүй байдлыг хангах баталгаа шаардлагатай байсан учраас 3434 дугаартай олборлолтын лицензийг барьцаа болгож өгсөн юм. Мөн хөдлөх хөрөнгийн барьцаа болгож 015594 дугаартай зөвшөөрлийг амласан боловч энэ зөвшөөрлийг өөр бусад этгээдэд өгсөн байсан нь ч тогтоогдсон. Тус компани дотоодын банкууд, даатгалын компаниуд, татварын алба болон машин тоног төхөөрөмж нийлүүлдэг компаниудад маш их хэмжээний өртэй болохыг цагдаагийн байгууллага тогтоосон. Бид 19 сая долларын хөрөнгө оруулалтын нотолгоо болгож хувьцаагаар хөрвөх өрийн бичгийн сертификат авсан юм. Гэтэл энэ сертификат нь хуурамч болох нь илэрсэн. Ийм үнэт цаас гаргахын тулд албан ёсоор бүртгүүлэх буюу банк санхүүгийн байгууллагаар дамжуулах ёстой. Зээлийн гэрээ нь ч эхний өдрөөсөө хуурамч байсан нь илэрсэн. Цагдаа мөрдөн байцаалтын үр дүнг ерөнхий прокурорт шилжүүлсэн. Одоо есдүгээр  сар болж байна. Энэ хэрэг замхран алга болохгүй гэдэгт найдаж байгаа учраас Монголд өөрийн биеэр ирлээ.

Та тус компаний Удирдах зөвлөл эсвэл Захиралуудын хуралд оролцох боломжгүй байсан юм уу?

-Миний бие болон GRF компанийн хүмүүс эдгээр уулзалтад оролцож байсан. Гэхдээ ийм уулзалтууд голдуу Монголд зохион байгуулагдаж байснаас гадна утсаар зохион байгуулагдаж байсан. Өнгөрсөн хугацаанд оролцсон хурлуудаар өнөөдөр танд ярьсан асуудлууд огт хөндөгдөж байгаагүй. Мөрдөн байцаалтын үр дүнтэй танилцсаны дараа л чухам юу болоод өнгөрсөнийг олж мэдсэн. Гэхдээ төсөлтэй холбоотой ямар нэг зүйл болоод байгааг бид сэжиглэж байсан. 2016-2017 онд бид хөрөнгө оруулалт болох 19 сая доллараа наймаас есөн удаа банкаар шилжүүлж өгсөн. Уурхайн үйл ажиллагаанд асуудал үүссэн гэж сэжиглэж байснаас хөрөнгө оруулсан мөнгийг хууль бусаар өөр этгээдүүдэд шилжүүлж байсныг огт мэдээгүй.

Монголд хөрөнгө оруулах боломжийн талаар хэн танд анх санал тавьж холбоо тогтсоосон бэ?

 -2016 онд төсөл анх эхэлж байхад би хариуцаж байгаагүй. Гэхдээ дотоодын брокер зуучлагчаар дамжуулж бидэнтэй холбоо тогтоосон байдаг. Бид хөрөнгө оруулалтын боломжийг өөрсдөө судалж шийдвэр гаргасан учраас зуучлагч талыг буруутгах шалтгаан байхгүй. Төсөлд итгэсэн учраас л хөрөнгө оруулсан шүү дээ.

Та Монголын цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын үйл ажиллагааны талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Би 2019 оны дундуур цагдаагийн байгууллагад хандсан. Тэд хэргийн учрыг олохын тулд маш шуурхай ажилласан нь надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Гэхдээ мөрдөн шалгах үйл ажиллагаа хоёр жил үргэлжилсэн нь хэрэгт холбоотой гол хүн гадагшаа гарсантай холбоотой. Харин хэрэгт холбогдсон Цэнд-Аюуш, Эрдэнэбатхаан нар Монголд байгаа учраас мөрдөн байцаалтын үйл явцад тусалсан гэж ойлгосон. Миний олж мэдсэнээр энэ хэрэг одоо прокурорын ширээн дээр байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож замхарч магадгүй тухай цуурхал сонссон. Бид энэ хэргийг шүүхийн байгууллагаар шийдвэрлэж үнэн мөнийг олж тогтоогоосой гэж хүсэж байна.

Гол сэжигтэн 2019 оны 12 дугаар сарын 31-нд шүүгчийн шийдвэр гарсанаас хойш ердөө гурван цагийн дараа хилээр гарч явсан гэж би уншсан. Энэ үнэн үү

-Бараг л тийм. Ердөө 24 цагийн дотор гараад явчихсан. Цаг хугацааг маш нарийн тооцсон байсан. Энэ үйл явц өөрөө маш сэжигтэй, түүнийг хилээр гарах боломжоор хангасан мэт харагддаг. 

Д.Буянтогтохыг зугтсаны дараа Монголын цагдаагийн байгууллагаас баривчлах шийдвэр гарсан. Улмаар Интерполоор эрэн сурвалжилж баривчлах шийдвэр одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа. 

Түүнийг АНУ-д амьдарч байгаа гэх юм?

-Тиймээ. АНУ-д амьдарч байгаа гэх цуурхал олж сонссон. Бид хуулийн төлөөлөгч нартайгаа зөвлөлдөөд ямар байсан шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Энэ хэрэгт Д.Буянтогтох, Цэнд-Аюуш, Эрдэнэбатхаан нар холбогдсон. Гол сэжигтэн Монголд байхгүй ч бусад этгээдүүдэд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Учир нь эдгээр хүмүүс хөрөнгө оруулалтын мөнгийг хууль бусаар зарцуулсан гэрээ бичиг баримтуудад гарын үсгээ зурсан шүү дээ.

Хэргийн мөрдөн шалгах, хянах үйл явцын талаар ямар бодолтой байна вэ?

Хэргийг шалгах үйл явцыг хойшлуулсан гэж сонссон. Коронавируст цар тахалтай ч холбоотой байхыг үгүйсгэхгүй. Хэргийг шүүхээр шийдвэрлэнэ гэдэгт бид итгэж найдаж байгаа учраас өнөөдөр энд яриад сууж байна. Бараг гурван жил цагдаагийн байгууллагаар хөөцөлдөж явлаа шүү дээ. Макро түвшинд ярих юм бол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наймдугаар сарын 17-нд хөрөнгө оруулагчидтай уулзах үеэрээ уучлал гуйж амлалт өгсөн байна лээ. Ерөнхий сайд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах амлалт өгсөн бидний хувьд таатай мэдээ байсан.

Та Монголын шүүхэд итгэж байна уу?

-Тэгэлгүй яахав. Би Монголын шүүхэд итгэж байна. Шүүхийн шийдвэрийг ч хүндэтгэнэ. Бид өнгөрсөн хугацаанд учирсан санхүүгийн хохирлоо нөхөн төлүүлэхийг л хүсэж байна. Биднийг өөр зүйл хүсэж байгаа тухай цуурхал дэгдсэн нь ор үндэслэлгүй.

Та бүхэн энэ хэрэгтэй холбоотой үйл явцад хэдий хэмжээний зардал гаргасан бэ?

-Үндсэн хөрөнгө оруулалт нь 19 сая доллар.Үүн дээр зээлийн хүү нэмэгдээд 40 сая орчим доллар болно. Бид хөрөнгө оруулсан мөнгөө эргүүлж олж авах гэж бараг нэг сая доллар зарцуулаад байна. Ноён Буянтогтох бидэнд хөрөнгө оруулсан мөнгөний маш бага хувийг санал болгож байсныг хүлээн зөвшөөрөөгүй. Энэ хэрэгт холбоотой зардал маш өндөр тоогоор яригдаж байна. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах талаар яригдаж байгаа нь бидэнд таатай санагдаж байна. Гэтэл өмнө нь төслийн явцад Монголд хөрөнгө оруулж бизнес хийх эрсдэлтэй юм байна гэж бодогдож байсан. Манай компани надад хамгаалалтын ажилтнууд хүртэл гаргаж өгч байсан. Буруу хүмүүстэй хамтран ажиллах гэж оролдвол эрсдэлтэй юм байна гэдгийг ойлгосон. Харин би өнөөдөр энэ хэргийг шийдвэрлэнэ гэдэг үнэхээр итгэлтэй байна. Шийдвэрлүүлэхийн төлөө үргэлжүүлэн ажиллах болно, орхихгүй

Та хэдий хэмжээний мөнгө эргүүлж авахыг хүсэж байна вэ?

Өнгөрсөн хугацаанд гаргасан бусад зардал нь бидний хариуцах асуудал болохоор Монголын шүүх манай талд үндсэн хөрөнгө оруулалт буюу 19 сая долларыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргах боломжтой юм билээ. Гэхдээ бид шүүхийн шийдвэрийг хүндэтгэх болно.Энэ зөвхөн санхүүгийн хохирлын тухай асуудал бишээ. Зөв бурууг тунгаах ёс суртахууны асуудал шүү дээ. Бид хөрөнгө оруулагчдынхаа өмнө үүрэг хүлээсэн учраас алдсан мөнгөө олж авахын төлөө бүх хүчээ дайчлан ажилласан гэдгээ харуулах ёстой. Монголын шүүх хэргийг нааштайгаар шийднэ гэдэгт итгэж байна. Хэрвээ бид амжилт олохгүй бол Монгол Улсын Засгийн газрыг олон улсын арбитрийн шүүхэд ч өгөх боломжтой. Одоогоор хэргийг шалгаж шийдвэрлэх үйл явц маш удааширч шударга бус мэт санагдах болсон учраас би ингэж ярилаа.Гэхдээ олон улсын арбитрийн шүүхэд хандана гэдэг нь асуудлыг тэс өөр түвшинд аваачиж олон улсын анхааралд өртөх учраас бид ийм сонголт хийхийг хүсэхгүй байна.

Би хувьдаа Их Британийн илүү олон хөрөнгө оруулагч Монголд ирээсэй гэж хүсдэг. Хэдийгээр асуудал бэрхшээл тохиолдсон ч хонгилын үзүүрт гэрэл харагддаг шүү дээ. Би энэ гэрэлд хүрэхийн төлөө л явж байна. Монголын шүүх, цагдаа, Засгийн газар зөв зүйлийн төлөө явж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Та бол Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны бага дүү. Миний олж уншсанаар та өөрийн ахаас тусламж гуйхыг хүсэхгүй гэж ойлгосон. Энэ үнэн үү

-Тиймээ. Би насанд хүрсэн эр хүн учраас ах руугаа утасдахын оронд асуудлаа өөрөө шийдэх ёстой. Мэргэжлийн хувьд асуудал ийм л байх ёстой. Тийм учраас би Их Британийн Засгийн газар болон Монгол Улс дахь Элчин сайдын яамнаас тусламж дэмжлэг хүсэхгүй.

Британийн сэтгүүлчид таниас энэ талаар асууж байв уу?

-Тэгэлгүй яахав.Хэвлэл мэдээллийнхэн анхаарал татсан сэдвийг сурвалжилж, хөөцөлдөх нь жам. Миний хариулт хэвээр үлдэх болно, би ахаасаа тусламж гуйхгүй. Хэрвээ би өөрийн асуудлаа шийдэх гэж гэр бүлийн холбоо хэлхээгээ ашигласан бол өөрийгөө толинд ч харахыг хүсэхгүй. Учир нь би өөрийн боловсрол ур чадвартаа найддаг.

Таныг Чандмань уурхайн лицензийг олж авахаар хөөцөлдөж байгаа тухай мэдээлэл гарсан. 

-Энэ бол худлаа мэдээлэл.Бид хөрөнгө оруулагчийн хувиар шийдвэрээ гаргасан. Харин одоо хохирлоо нөхөн төлүүлэхийг л хүсэж байна. Нөхөн төлбөрийн хэмжээг хэрхэн тогтоохыг шүүх шийдвэрлэнэ. Харин бидний хувьд уул уурхайн лиценз хөөцөлдөж байгаа гэх мэдээлэл ор үндэсгүй. Бид мөнгөө л авахыг хүсэж байна.

 эх сурвалж :eagle.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр Уржигдар

Сэтгэгдэл бичих