Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-23
18°
Пүрэв
2021-06-24
21°
Баасан
2021-06-25
21°
Бямба
2021-06-26
20°
Ням
2021-06-27
19°
2021 оны 06 сарын 23, Лхагва
Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар дэлхийн хэвлэлүүдэд

Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар дэлхийн хэвлэлүүдэд

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-06-09 22:59:34

СИНГАПУР. /Yahoo News/Монгол Улсын шинэ ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн сонгууль ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойших анхных гэдгээрээ онцлогтой. Мөн энэхүү нэмэлт, өөрчлөлтийн улмаас одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болсон юм.


Харин энэ онд эсэргүүцлийн жагсаалын дараа Ерөнхий сайдын албан тушаалаасаа буусан У.Хүрэлсүх МАН-аас нэр дэвшин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна. Түүний мөрийн хөтөлбөрийн үндсэн агуулга нь Монголыг хараат бус болгож, дотоодын боломж дээр тулгуурлан хөгжүүлэх ажээ. Түүний үзэж байгаагаар, “Монгол Улс жилд 1.5 тэрбум ам.долларыг гадаадаас шатахуун худалдан авахад зарцуулдаг. Хэрэв энэ мөнгө дотооддоо үлдвэл ам.долларын ханш буурч, төгрөгийн ханш чангараад зогсохгүй шатахуунд санаа зовох асуудалгүй болно”.


Харин АН-аас С.Эрдэнэ нэр дэвшиж байна. Тэрбээр сонгуульд ялагдвал Монгол Улс нэг намын тогтолцоотой болж, дарангуйлал жинхэнэ утгаараа бий болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрбээр, хэрвээ чи МАН-ын гишүүн биш, уг намтай ямар нэг байдлаар холбоогүй бол хүссэн бизнесээ эрхэлж, сонгосон мэргэжлээрээ сурч, амьдарч чадахгүй гэж хэлжээ.


МОСКВА. /TASS/. Монгол Улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт лхагва гарагт эхэллээ. Энэ жилийн сонгууль нь ерөнхийлөгч улиран сонгогдох эрхгүйгээр төрийн тэргүүний албыг зургаан жилийн хугацаатай хашихыг тусгасан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулснаас хойших анхны удаагийнх юм.

Энэ удаагийн сонгуульд эрх баригч МАН-аас нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, сөрөг хүчний АН-ын дарга асан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат нар өрсөлдөж байна.


БЭЭЖИН. /Xinhua/Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт лхагва гарагт эхэлнэ. Сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нэр дэвшин өрсөлдөж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үеэр нийслэл Улаанбаатар хот болон 21 аймагт мягмар гаргаас пүрэв гараг хүртэл 72 цагийн хугацаанд архи согтууруулах ундаа худалдаалахыг хоригложээ.


ТОКИО. /Asia Nikkei/Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч МАН-аас нэр дэвшигч, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх тэргүүлж байна. Түүнийг Ерөнхий сайд байхдаа COVID-19-ийн тархалтыг хяналтдаа авч чадаагүй хэмээн олон нийт шүүмжилж байсан хэдий ч энэ сонгуульд өнгөлж байгаа юм. Түүнтэй АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат нар өрсөлдөж байна.


ЛОНДОН. /Reuters/Монголчууд өнөөдөр зургаа дахь ерөнхийлөгчөө сонгоно. Эрх баригч МАН-ын хувьд “COVID-19” халдварын тархалтыг хяналтад авах хязгаарлалтуудын хүрээнд цомхон явуулсан кампанит ажлын дараа эрх мэдлээ бэхжүүлэх эсэх нь шийдэгдэх гэж байна.


Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийн дагуу ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгохоор болсонтой холбоотойгоор сөрөг хүчний АН-аас сонгогдсон, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг улиран сонгогдох боломжгүй болсноос хойш явуулж буй анхны сонгууль энэ болж байна.


Энэ оны эхээр өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын улмаас Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсон У.Хүрэлсүхийн хувьд парламент, Засгийн газрыг хянаж буй МАН-аас нэр дэвшиж байна. Харин АН Х.Баттулгын халааг авахын төлөө өрсөлдөх хүнээр С.Эрдэнийг сонгожээ.


Нийслэл Улаанбаатар хотод “COVID-19” халдварын тархалттай тэмцэж байгаатай холбоотойгоор сонгуулийн кампанит ажлыг цомхон хүрээнд явуулж байна. Монголд өнгөрсөн долоо хоногт халдварын улмаас өдөрт хамгийн олон хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд сүүлийн мэдээллээр ийм тохиолдлын тоо 325-д хүрчээ.


“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын өгсөн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан сонгуулийн кампанит ажил цахим хэлбэрт шилжжээ. Монголын улс төрийн холимог засаглал нь парламентад хууль тогтоох, Засгийн газрыг томилох эрх мэдлийг олгодгоос гадна ерөнхийлөгчийг хууль тогтоомжид хориг тавих эрхээр хангадаг.


ВАШИНГТОН. /Associated Press/Өргөн уудам нутагтай, далайд гарцгүй, гурван сая хүн амтай Монгол Улсад “COVID-19” халдварын тархалтыг хяналтад авах хязгаарлалтууд тогтоосонтой зэрэгцэн эдийн засгийг сэргээхээр хүчин чармайлт гаргаж буй энэ цаг үед ерөнхийлөгчийн сонгууль болж байна.


Монгол Улс 1992 онд коммунист засаглалаас ардчилсан тогтолцоонд тайван замаар шилжсэнээс хойш тус улсын иргэд зургаа дахь ерөнхийлөгчөө сонгох гэж буй нь энэ юм. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийг дурдвал, парламентад олонхын суудал эзэлж буй МАН-аас Ерөнхий сайд асан У.ХүрэлсүхАН-аас С.Эрдэнэ, мөн “Зөв хүн электорат” эвслээс Д.Энхбат нэр дэвшиж байна. 


Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр, нийт 2 151 329 сонгогч бүртгэгдсэн байна. Санал авах байрнууд оройны 22:00 цагаас хаагдах бөгөөд ялагчийг хэзээ зарлах нь тодорхойгүй байна. Сонгогчид саналаа өгөхдөө хоорондоо зай барих шаардлагатай. Мөн олон нийтийн цуглаанд хязгаарлалтууд тогтоосон нь сонгуулийн кампанит ажлын хүрээг ихээхэн хумьж, нэр дэвшигчдийг цахимаар сурталчилгаагаа явуулахад хүргэжээ.


“Өнөөдөр миний саналаа өгсөн ерөнхийлөгч эдийн засгийг эргэн хөл дээр нь босгоно гэдэгт найдаж байна. Цар тахлын улмаас Монголын эдийн засагт ихээхэн хүндрэл учраад байгаа” гэж сонгогч Б.Ундармаа хэллээ. Мөн өөр нэгэн сонгогч М.Энхболд, ажилгүйдэл нь улс орны өмнө хамгийн тулгамдсан асуудал болж буйг дурдаад, шинэ ерөнхийлөгч олон улсын тавцан дахь улсынхаа нэр хүндийг сайжруулж, гадаадаас илүү их хөрөнгө оруулалт татна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм.

 

montsame.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-06-09 22:59:34

Сэтгэгдэл бичих