Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-23
18°
Пүрэв
2021-06-24
21°
Баасан
2021-06-25
21°
Бямба
2021-06-26
20°
Ням
2021-06-27
19°
2021 оны 06 сарын 23, Лхагва
​АНУ-ын Калифорни мужийн Оакланд хотын цагдаа Б.ХАТАНБААТАР-ыг онцолж байна

​АНУ-ын Калифорни мужийн Оакланд хотын цагдаа Б.ХАТАНБААТАР-ыг онцолж байна

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-06-07 12:53:41

АНУ-ын Калифорни мужийн Оакланд хотын цагдаагийн академийг төгсөгч Б.Хатанбаатартай ярилцлаа. Тэрээр академиа амжилттай төгсөн улмаар тус хотын цагдаагийн хэлтэст ирэх долдугаар сараас ажиллаж эхлэх юм байна.

-Та АНУ-д хэдэн настайдаа очиж байсан бэ. Багаасаа цагдаа болох хүсэл мөрөөдөлтэй хүүхэд байсан уу?

-Би Өмнөговь аймагт төрсөн бөгөөд Монголд есдүгээр анги хүртлээ суралцсан юм. Ингээд 15 настай байхдаа АНУ-ыг зорьж, Калифорни мужийн “Mount Diablo” ахлах сургуулийг төгсөж байлаа. Америкт анх ирэхэд яг зураг шиг санагдаж байлаа. Бүх юм нь цэвэрхэн, гоё өнгөлөг машинууд замын голоор сүлжилдээд л. Маш гоё санагдаж байж билээ.

Би багаасаа цагдаа болохыг хүсэж мөрөөддөг байлаа. Тухайн үед цагдаа хүний дүрэмт хувцас маш их таалагддаг байсан юм. Гэвч их сургуулиа санхүү, нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш дахин сайн бодсоны дүнд өөрийн мөрөөдлөө даган Калифорни мужийн Оакланд хотын цагдаагийн академид суралцахаар шийдсэн юм.

-Цагдаагийн академид ороход ямар шалгалт авдаг вэ. Анх монгол хүн цагдаа болъё хэмээн ороход хэрхэн хүлээж авсан бол?

-Оакланд хотын цагдаагийн академийн шалгалт бараг хоёр жил үргэлжилсэн. Ер нь жил бүр цагдаагийн академид олон хүн шалгалт өгдөг боловч тэднээс цөөхөн нь л цагдаа болдог юм. Цагдаагийн академид ороход дараах шалгалтуудыг авдаг.

-Англи хэл, биеийн тамир

-Намтар, гэр бүлийн байдал, амьдарч байсан газрыг нягтлана

-Үнэн худлаа ярьж байгаа эсэхийг шалгах “Polygraph” хэмээх шалгалт

-Сэтгэл зүй, эрүүл мэнд - Сэтгэл зүйн хоёр шалгалт авна. Бичгээр болон ярилцлагын хэлбэрээр авах болно. Эдгээр шалгалтыг өгсний дараа цагдаагийн газраас хариуг хүлээх болно. Та дээрх шалгалтууд дээр тэнцсэн байж болох ч хэрэв цагдаагийн газрын дарга нарын зөвлөл нь зөвшөөрөхгүй бол хасагдана.

Академийн багш нар “Оакланд хотод монгол хүмүүс их байдгийг мэднэ. Гэвч цагдаа болох гэж орж ирж байгаа анхны тохиолдол нь чи” хэмээн хэлээд их л гайхсан байдалтай харж байж билээ.Багш нар маань “Цагдаа асуудлыг шийдэж өгдөг. Чамайг хэн ч баяр ёслол, төрсөн өдрийн баяраар дуудахгүй. Чи хүний хамгийн хэцүү асуудалтай үеэр очих тул байнга тусална гэсэн бодолтой оч. Гэхдээ ингэлээ гээд өөрийн аюулгүй байдлыг орхигдуулж болохгүй шүү” гэж хэлдэг.

Түүнчлэн коридорын голоор хэзээ ч явж болохгүй зөвхөн баруун, зүүн гар талд ханаа дагаж явах хэрэгтэй гэдэг. Учир нь  хэрэв гэнэт урдаас буутай хүн гарч ирвэл хамгийн түрүүнд оногдох магадлалтай юм.

-Шантрах, хэцүү үе гарч байсан уу, тухайн үед өөрийгөө хэрхэн зоригжуулдаг байсан бэ?

-Тийм үе гарах нь бий. Ихэнхдээ 4-5 цаг унтаж, амраад академи руу явдаг байсан. Заримдаа бүр хоёрхон цаг унтаж амардаг байлаа. Нэг удаа өдөржингөө бэлтгэл хийж, орой тарахын алдад суралцагч нарын нэг бэлтгэлээ буруу хийж, улмаар дарга ангийг тараахгүй гээд дахин өмнөх дасгал, бэлтгэлүүдийг хийлгэж байлаа. Тухайн үед ч ингээд харайж, сунайгаад ирэхээр “Би одоо энд, юугаа хийж, ямар хэрэгтэй гэж зогсож байна вэ” хэмээн өөрөө өөрөөсөө асууж байж билээ. Энэ үед гэр бүл, үр хүүхэд минь надад хүч өгдөг. Ингээд “Би чинь өөрийн дуртай зүйлээ хийж байгаа шүү дээ, хэрэв ингээд гарчих юм бол дараа дараагийн цагдаа болох хүсэлтэй монгол залууст хэцүү болно. Америкууд монгол хүн амархан шантардаг гээд академидаа оруулахгүй байх. Мөн хүүхдүүд минь надаас үлгэр дуурайлал авах ёстой. Гэтэл энд ингээд зогсвол урам нь хугарна” хэмээн цааш зүтгэсэн.

-Явц дундаа академиас хасагдсан хүн бий юу. Ер нь ямар шалгалтууд авдаг вэ?

-Академид байх хугацаанд нийт 15 орчим шалгалт өгсөн. Эдгээр шалгалтаас хоёр удаад нь унавал шууд хасагдах бөгөөд анх 37 залуу орсноос 23 тэнцсэн юм. Сүүлийн шалгалт дуудлага болон тайлангийн хэсгээс бүрдэж байлаа. Тодруулбал нийт 13 өөр төрлийн хуурамч дуудлагад очиж шалгалт өгсөн. Багш нар орлон тоглогч болсон бөгөөд хэргийн газар дээр ямар үйл ажиллагаа явуулах, аюулгүй байдал талаас яах хэрэгтэй зэргээр шалгалт аван тайлан бичсэн юм.

-Та академиа хэзээ төгссөн бэ. Тухайн үед ямар мэдрэмж төрж байв?

-Би сүүлийн шалгалтаа тавдугаар сарын 25-нд өгч, 28-нд академиа төгссөн. Тухайн үед маш их баярласан. Эхнэр хүүхэд, гэр бүлдээ баярт мэдээг дуулгасан даа. Нэрээ дуудуулан тайзан дээр гарах мөч, тэмдгээ зүүх энэ хором үнэхээр бахархалтай санагдаж байлаа.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу. Хэдэн хүүхэдтэй вэ?

-Манай эхнэрийг Зөнбилэг гэдэг, арван жилээ 24-р сургуулийг төгссөн. Бид хоёр дөрвөн хүүхэдтэй. Анх найзтайгаа цуг эхнэрийндээ очиж танилцаж билээ. Их чанга инээсэн, хөгжилтэй, царайлаг охин намайг угтсан юм. Үүнээс хойш хоорондоо “Hi 5”-аар харилцаж дасаж дотноссон доо. Анх амьдрал гэж юу байдгийг ч мэдэхгүй  хоёр жаахан хүүхэд болно, бүтнэ гээд л хамтдаа энэ сайхан амьдралаа бүтээлцсэн юм. 

Гэр бүлийн хамт

-Америк цагдаа ямар байх ёстой вэ?                    

-Цагдаа хүн гэдэг утгаар илүү эрх эдэлж болохгүй. Хууль дүрмээ сайн мэддэг, хүнлэг байх хэрэгтэй. Тэгэхгүй би л нэг цагдаа боллоо гээд онгирч хүн, амьтан дээрэлхээд байж болохгүй. Багш “Чи офицерын тэмдгээ тайлж, буугаа авсан байхад жирийн л хүн. Тийм учир тэмдэг, буутай байхдаа ч мөн жирийн хүн шиг байгаарай” гэж хэлж байлаа.

Бүхий л юманд бэлэн байх үүргийг хүлээдэг. Хэрэв байгаа газар чинь буудалцаан болох үед эхлээд заавал радиогоор мэдэгдэж, бусдыгаа хүлээх хэрэгтэй. Мөн зугтахаас сэргийлэн хашиж зогсох ёстой. Иймд академид заах хичээлийн 70 орчим хувь нь буудлага, бие хамгаалах хичээл байдаг.

-Та хэзээ ажилдаа орох вэ. Ямар зарчмыг баримталж ажиллая гэж бодож байна?

-Би долдугаар сарын 6-наас эхлээд туршлагатай ахлах офицероо даган дадлага хийх юм. Калифорни мужийн Оакланд хотод ажиллана. Би энэ алба үүргийг маш их хариуцлагатай гэж боддог. Хэрэв ажил албаа сайн гүйцэтгэхгүй бол дараа энд ажиллах монгол хүмүүст төвөг болох вий, янз бүрийн буруу ойлголттой болчих вий гэдэг үүднээс хянуур, хариуцлагатай ажиллахыг баримтална.

-Оакланд хотын талаар танилцуулна уу. Гэмт хэргийн гаралт хэр их байдаг вэ?

-Оакланд хот гэмт хэргийн гаралт ихтэй. Ялангуяа буудалцааны хэрэг ихтэй. Ойролцоогоор нэг долоо хоногт 70 орчим буун дуу гарсан хэрэг гарлаа. Мөн сүүлийн үед ахлах ангийн хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох байдал ихсэж байна. АНУ-д гардаг гэмт хэргүүдийн эх үүсвэр нь ихэвчлэн энэ хотоос байдаг гэж ярьдаг юм билээ.

Түүнчлэн сүүлийн үед арьс өнгөөр ялгаварлах явдал эрс ихсэж байна. Манай ангийн хүүхдүүд “Монголд харууд байдаг уу, чи яаж ингэж хар хүмүүстэй гоё харилцаж, найзлаад байж чаддаг байна аа" гэж гайхаж асууж байлаа. Хариуд нь би “Монголд харууд байдаггүй ээ, би хүнийг хүн шиг харж харьцдаг. Арьс өнгөөр ялгаварлах тийм зүйл надад, манай оронд байхгүй ээ” гэж хэлж байсан даа.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Цаашдаа тууштай байн тушаал дэвшиж ажиллахыг зорьж байна. Мөн боломжтой бол өөр томоохон муж руу ажиллах бодолтой байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

itoim.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-06-07 12:53:41

Сэтгэгдэл бичих