Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Баасан
2021-06-18
26°
11°
Бямба
2021-06-19
26°
12°
Ням
2021-06-20
25°
14°
Даваа
2021-06-21
22°
12°
Мягмар
2021-06-22
18°
2021 оны 06 сарын 19, Бямба
Л.Энхсайхан: Д аминдэмийг илүүдлээр хэрэглэвэл хордлогонд хүргэх эрсдэлтэй

Л.Энхсайхан: Д аминдэмийг илүүдлээр хэрэглэвэл хордлогонд хүргэх эрсдэлтэй

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-06-03 14:16:03
“COVID-19” Цар тахлын үед иргэд C, Д витаминыг дур мэдэн хэрэглэх болжээ. Тиймээс бид энэ асуудлыг тодруулан ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхантай ярилцлаа.
 
-Сүүлийн үед иргэд коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс C, Д витаминыг их хэрэглэх болсон. Энэ нь дархлаанд үнэхээр нөлөөтэй юу?
 
-С, Д ч гэлтгүй бүх витамин биеийн бүх эсийн, тэр дотроо дархлааны эсүүдийн бодис энергийн солилцоо, үйл ажиллагаанд оролцдог. Тийм учраас витамин дутагдлын үед, ялангуяа С, Д витамины дутагдлын үед дархлаа тогтолцооны идэвх сул байсан бөгөөд өвчин илүү хүндэрч байсан талаар олон судалгаа бий.
 
-Цар тахал туссан иргэдэд С, Д витаминыг хэрхэн хэрэглэхийг зөвлөж байгаа вэ?
 
-Цар тахал туссан иргэдийн витамин С болон Д-ийн эмчилгээний тунг тухайн өвчтөний биеийн байдалтай уялдуулан эмчлэгч эмч тогтооно.
 
-Ер нь насанд хүрсэн хүмүүс ч Д витамины дутагдалтай болсон гэх шалтгаанаар их замбараагүй хэрэглэж байгаа. С, Д витаминыг урьдчилан сэргийлэх үүднээс хэрхэн зөв хэрэглэх вэ. Хэдийд хэрхэн ууж болох вэ. Өглөө оройд алинд уувал илүү үр дүнтэй байх вэ?
 
-Хүнсээр авсан витамин Д идэвхтэй хэлбэрт шилжих биохимийн урвал нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр явагддаг тул дэлхийн хойд бүсэд амьдардаг орны хүмүүс, хар арьстан, өндөр настан, илүүдэл жинтэй, тарган хүмүүст илүүтэй дутагддаг. Манай орны хувьд энэ эрсдэлт бүлэгт ордог бөгөөд түүвэрлэн хийгдсэн судалгаануудаар Д витамины дутагдал хүмүүсийн дунд тархмал болох нь тогтоогдсон. Ийм учраас нэмэлтээр хэрэглэхийг зөвлөдөг. Насанд хүрсэн хүний урьдчилан сэргийлэх хоногийн дээд тун 2000 ОУН /олон улсын нэгж/ байдаг бөгөөд тухайн хүн хэдээр уувал зохимжтой вэ гэдгийг цусны сийвэнгийн Д витамины түвшинг тодорхойлсны дараа эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэх нь зүйтэй. Хүүхдэд урьдчилан сэргийлэх тунг зайлшгүй эмчийн зөвлөгөө авч байж тогтоох хэрэгтэй. Д витамин тосонд уусдаг витамин учраас өдрийн хамгийн их хоол идэх үеэрээ ууж хэрэглэх нь шимэгдэлтийг 18-50 хувь хүртэл нэмэгдүүлж байна гэсэн судалгааны үр дүн байдаг.
С витамины хоногийн тун насанд хүрсэн хүнд 50-100 мг байдаг бөгөөд өдөрт нэмэлтээр 100мг (0,1г) хэрэглэхэд цусны сийвэнгийн хэвийн түвшинг хангаж чадна. Хаврын улиралд, шинэ жимс жимсгэнэ, хүнсний ногоо байхгүй, зоорины ногоонд агуулагдах витамин С-ийн агууламж буурсан байдаг тул ард иргэд витамин С-г нэмэлтээр хэрэглэхийг зөвлөдөг. Гэхдээ витамин С нь хүчил (аскорбины хүчил) учраас ходоодны хүчиллэг ихсэлтийн эмгэгтэй хүмүүст хүчиллэгийг нэмэгдүүлэх, улмаар шархлаа үүсгэж болзошгүй.
 
-Ер нь эдгээр эрдэс амин дэмийг илүү тунгаар хэрэглэвэл иргэдэд ямар эрсдэл дагуулах вэ?
 
-Д аминдэмийг илүүдлээр хэрэглэхэд Д витамины илүүдэл, улмаар хордлогонд хүргэж болно. Хордлогын үед цусны сийвэнгийн кальцийн хэмжээ ихсэх, дотор муухайрах, хоолонд дургүй болох, их шээх, ам цангах, ядрах, загатнах, мэдрэл сульдах, улмаар бөөрний дутагдалд ч хүргэж болно.
 
 
 
Хэдийгээр С витамин усанд сайн уусдаг, биед хуримтлал үүсгэдэггүй, хоргүй нэгдэл боловч өндөр тунгаар буюу хоногт 500мг-аас их тунгаар хэрэглэхэд хоол боловсруулах эрхтний талаас дотор муухайрах, цээж хорсох, суулгах шинжүүд илэрч болох ба 1000мг-аас дээш тунгаар удаан хугацаанд хэрэглэхэд бөөрний чулуу үүсгэх, төмрийн хэмжээг ихэсгэх эрсдэлтэй байдаг тул бөөрний архаг дутагдал, тулуй өвчтэй хүнд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
 
 
 
-Мөн Д витаминыг дангаар нь хэрэглэх нь үр дүнгүй кальцитай хамт хэрэглэх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр хоёуланг нь нэг дор ууж болно гэсэн үг үү?
 
-Хэрэв та хоол хүнсэндээ кальцийг хангалттай сайн авдаг бол, өөрөөр хэлбэл тараг, ааруул, бяслаг зэрэг сүү цагаан идээ, ногоон ургамал болох цэцэгт ногоон байцаа, бууцай, самар зэргийг хангалттай хэмжээгээр хэрэглэдэг бол Витамин Д-г кальцитай хамт хэрэглэх албагүй. Гэхдээ Д витамины дутагдалтай үед хүнсний кальцийн шимэгдэлт муу байдаг гэдгийг анхаараарай. Хэрэв та хоолондоо кальци агуулсан хүнсийг бага хэрэглэдэг бол Д витаминтай хамт нэмэлтээр кальци хэрэглэх нь зөв юм. Харин ямар тунгаар хэрэглэх нь хүн бүрт харилцан адилгүй тул эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.
 
-Ер нь олон улсад цар тахлын эсрэг аль нэг төрлийн амин дэм эрдсийг хэрэглэхийг зөвлөж байгаа юу?
 
-Витаминууд, ялангуяа антиоксидант үүрэгтэй А, С, Е витаминууд болон Д витаминуудыг эмчилгээнд хэрэглэхийг зөвлөж байгаа. Амьсгалын замын цочмог халдварын үед эмчилгээнд хэрэглэх боломжтойн хувьд С витамины “COVID-19”-ийн эсрэг үр дүнтэй эсэх талаар судалгааны ажлууд хийгдэж байна. Коронавирусийн халдварын үед С витамин судсаар өндөр тунгаар тарьж хэрэглэх нь цитокин хэт их ялгарах эрсдэлийг бууруулдаг болохыг судлаачид тогтоосон байна. АНУ-ын уушгины эмч, сэхээн амьдруулах тасгийн эмч нарын мэдээлснээр витамин С-г өндөр тунгаар буюу 1500 мг (өдөрт 4 удаа)-аар судсаар тарьж хэрэглэсэн үйлчлүүлэгчдэд биеийн байдал эрс дээрдэж байв. Үүнээс гадна хэд хэдэн эмнэлзүйн судалгаа үр дүнгээ хүлээж байгаа хэдий ч шинэ титэмт вирусын халдварын үед судасны ханын гэмтэл, эд эсэд чөлөөт радикал ихээр үүсдэг тул түүнийг саармагжуулах, судасны ханын нэвчимхий чанарыг бууруулах үүднээс С витаминыг өндөр тунгаар (1-8г) эмчилгээнд өргөн хэрэглэж байна. Д витамины дутагдалтай хүмүүст “COVID-19”-ийн нас баралт, өвчний хүндрэл явцын ужиг байж магадгүй гэж үздэг.
 
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-06-03 14:16:03

Сэтгэгдэл бичих