Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 18, Мягмар
Зохиолч, яруу найрагч М.Уянсүх:Зохиолч хүн сайн зохиолоороо өөрийгөө шагнах ёстой

Зохиолч, яруу найрагч М.Уянсүх:Зохиолч хүн сайн зохиолоороо өөрийгөө шагнах ёстой

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-04 11:47:58
           Монголын уран зохиолд цоо шинэ ертөнц, цоо шинэ урсгал, чиглэлийг авчирсан хүмүүс бол 1990-ээд оныхон. Тухайн үеийнхэний гол төлөөлөгчдийн нэг, МЗЭ-ийн шагналт, зохиолч, яруу найрагч М.Уянсүхтэй ярилцлаа.                                               

-Сайхан хаваржиж байна уу, та? Сүүлийн үед туурвиж буй уран бүтээлийн чинь талаар ярилцлагаа эхлэх үү?                      

-Дэглэмээ сахиад, гэртээ бүгж суутал нэг мэдэхэд цас ханзраад, ногоо цухуйсныг  бараг анзаарсангүй. Саяхан нэг өдөр ойрхон зуур гарахдаа мэдлээ.  Бүтээлийн хувьд гэвэл өнгөрсөн намар "Орчлон дүүрэн цас бударч байна" нэртэй шүлгийн түүвэр хэвлүүлэв. Бас нэг роман маягийн юм нухаад тун дөхүүлж сууна. Удахгүй хэвлэлд шилжүүлэх байх аа.             

-Та "Зүс бүгэг андууд"-ын нэг. Энэ бүлгэм Монголын уран зохиолын анхны бүлгэм гэдэгтэй санал нийлэх үү?                  

 -Ямархуу үүх түүхтэй нь бүрхэг байгаа болохоос өмнө нь утга зохиолын бүлгэм, дугуйлангууд зөндөө байсан байлгүй яав гэж. Наад зах нь гэхэд л аймгуудын утга зохиолын нэгдлүүд байна. Тэд бүгд бүлгэмийн шинжтэй явж ирсэн шүү дээ. Одоо ч хэвээрээ. Тэр бүү хэл бүгд тус, тусдаа нэр устай болсон, ''Хэрлэн тооно", "Боржигдай сэцэн", "Тод анир" гээд л.                    
"Зүс бүгэг андууд"-ын тухайд гэвэл Увсын долоон залуу шүлэгч хамтарч гаргасан номын нэр шүү дээ. Тэднийг яваандаа "Зүс бүгэг андууд" бүлгэм гэдэг болсон. Тэгэхээр цаг хугацаа л тийм нэр өгсөн байх нь.                              

-Нууц биш бол танай бүлгэм яагаад тарчихсан юм бэ? Та нар холбоотой байдаг биз дээ?                                                      

 -Бидний хувьд цугласан ч юм байхгүй, бас тарсан ч юм байхгүй. Анхны номоо хамтарч гаргаад, дараа нь тус тусын зам мөрөө хөөсөн гэж ойлгож болно. Одоо холбоотой, хааяа уулзалдана.         

 -1990-ээд оны Монголын яруу найргийн гол төлөөлөгчдийн нэг бол яах аргагүй та. Үеийнхээ шилдгүүдийг нэрлээч гэвэл...      
 -Тэр нь тийм, энэ нь ийм гэж хэлэх хэцүү. Яагаад гэвэл нийгмийн амьдралын тун эгзэгтэй бэрх цаг үед албан тушаал, арилжаа наймааг бус, яруу найргийг сонгож, түүндээ зүрх сэтгэлээ өгсөн нэг үеийнхэн болохоор, бүгдээрээ хамтдаа нэг томоохон тэсрэлтийн гэрч болсон болохоор тэр. Би бол тэдний л нэг. Бусдаас онцгойрох юм надад байхгүй ээ.                                                         

 -"Энэ мөртүүдийг би бичсэн юм шүү дээ" гэж хааяа онгирох мөртүүд бий л биз дээ?                                                            
 
-Өө, тийм юм байхгүй. Би угаасаа бичсэн бүхнээ голдог өвчтэй. Тэр чигээрээ дуусах юм шиг байна билээ                   

-Шүлэг бичихэд тань нөлөөлсөн хүчин зүйл гэвэл...   
                                                              
 -Олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Төрж өссөн нутаг ус, бага наснаасаа сонсож өссөн үлгэрүүд, уншсан ном, туулсан зам, үзсэн амьдрал гээд л... Тэр бүхнээс миний төрж өссөн нутаг, авга ах Банди агсны маань ярьдаг байсан үлгэрүүд л надад хамгийн их нөлөөлсөн гэж боддог.                                                     

-Таны бодлоор онгод гэж бий юу? Онгод гэж ер нь юу юм бэ?        
                                                          
 -Онгод гэдгийг янз бүрээр ярьдаг. Шүлгийн онгод, хөгжмийн онгод, бөөгийн онгод гээд янз бүр байдаг болоод тэр байх л даа. Бас яг тийм юм байдаг гэж хэлэх боломжгүй. Яруу найрагч хүний хувьд гэвэл дотоод бясалгал нь төвлөрч ханаад, ямар ч саадгүй гадагшлахыг онгод гэж хэлдэг юм болов уу даа. Тэр нь аль хэр хурц байхаас тухайн шүлгийн чансаа хамаардаг байж магад.                                                                 
-Сайн яруу найрагч, зохиолч болоход авьяас чухал уу эсвэл хөдөлмөр үү?                                 

-Цэцэг тарьсан хүн усалж байж ургуулдагтай адил авьяастай хүн түүнийгээ дайчилж байж бүтээл туурвиж таарна шүү дээ. Тэгэхээр чи алийг нь чухал гэмээр байна?                                             
 
-Тэгвэл таныг хамгийн их "зовоосон" бүтээл чинь...   
                    
-За даа, бүгд л зовоож төрдөг. Харамсалтай нь төрсөн хойноо бүгд өөрт гологдох нь хэцүү. Заавал "хамгийн их" гэдэгт дүйцүүлэх гээд байгаа бол "Аварга мод" романаа хэлнэ дээ. Энэ романыг би хориод жил бодож, хоёр жил шахам ганцаардаж байж бичсэн юм. Одоохондоо надад голох мэдрэмж төрүүлэхгүй байгаа ганц ном минь энэ. Бас анхны роман болохоор хайртай гэж жигтэйхэн (инээв).  

-Ингэхэд та бусдын зохиол бүтээлийг хэр уншдаг вэ? Хамгийн сүүлд хэний ямар бүтээл уншив?       
                             
-Би завтай цагаа болж өгвөл уншихад зориулдаг. Өнгөрсөн намраас хойш гэхэд Элиф Шафакын "Хайрын дөчин дүрэм", Гүзел Яхинагийн "Зүлэйха нүдээ нээхүй", Үй Хуагийн "Хятад орныг арван үгээр...", Кнут Хамсуны "Өлсгөлөн", Херман Хессегийн "Талын чоно", Андрей Платоновын "Чевенгүр", Эли Визелийн "Шөнө", Чарльз Буковскийн "Шуудан хороо", Лаура Эксивелийн "Халуун шоколад шиг сэтгэл"-ээс өөр бас бус ном уншсан юм байна. Одоо Доржсэмбийн "Цас, бороо" шүлгийн түүврийг эргүүлж сууна.     Аа, бас нээрээ, өнгөрсөн зун би зохиолч Доржзовдын Энхболдтой анх удаа нүүр тулан уулзаж, "Паанан" туужийг өөрөөс нь авч уншлаа. Энэ туужийн тухай би 1990-ээд оны сүүлээр анх сонссон боловч олж уншиж чадалгүй яваад байсан юм. Уншиж дуусаад Энхболд зохиолчийг хүндлэх сэтгэл өөрийн эрхгүй төрлөө. Үнэхээр сайхан тууж юм. "Паанан" номонд орсон "Соёо", "Паанан", "Миний Нарансолонго" туужуудаас Энхболд зохиолчийн хэр чансаатай туурвигч болохыг ямар ч нэмэлт тайлбаргүйгээр шууд харж болж байна.                                              

-Танд шавь бий юу? 
                                                 
-Өөрийгөө сайн мэдэхгүй байж бусдад багшилна гэж юу байх вэ. Гэхдээ шавь гэж явдаг хүмүүс бий. Тэдэн дотор надад найдлага төрүүлдэг нь ч бас бий.                    

 -"Болор цом", "Утгын чимэг", "Алтан өд" наадмын талаарх таны бодол...      
                                    
 -Тодорхой хэмжээгээр олон нийтэд хүрдэг ийм арга хэмжээнүүд хэрэгтэй л дээ. Хамгийн гол нь үнэлэмж нь шударга талдаа байвал зүгээр. Тэгэхгүй бол яруу найрагчид өөрсдөө "Болор цом"-оо булшлах шахаад байгаатай адил юм болно. Анх үзэгчдийн таашаалд нийцдэг томоохон наадам байсан "Болор цом" одоо үзэгчгүй шахам болж. Үүнд яруу найрагчид өөрсдөө буруутай гэж би боддог. Яаж ийгээд түрүүлж л байвал бусад нь хамаагүй гэж улайрснаас болоод элдэв арга саам хийх нь дэндэж, тэр нь олны дургүйцэл төрүүлснээс ийм байдалд хүрсэн шүү дээ. Цаашид энэ хэвээрээ байвал улам л дордоно. Ядаж байхад залуус хүртэл шагналын төлөө улайрдаг болж. Энэ их муу шүү. Ямар ч шагнал, ямар ч үнэлгээ "танилын нүүр халуун" гэдэг ойлголтоос ангид байж гэмээнэ голтой болдог. Бас зохиолч хүн сайн зохиолоороо өөрийгөө шагнах ёстой. Түүнээс том шагнал гэж үгүй. Гэтэл би одоо болтол өөрийгөө тэгж шагнаж чадаагүй явна. Тэгэхээр тааруухан зохиолч болж таараад байгаа биз?                 

-Өө, яалаа гэж, "Аварга мод" роман тань яагаа вэ? Таны бодлоор Монголд мэргэжлийн зохиолч бий юу?      

-Өмнөх нийгмийн үед мэргэжлийн зохиолчид байсан гэдэг юм. Тэд улсаас цалин аваад бүтээлээ хийдэг байж. Тэр утгаар авч үзэх юм бол өнөөдөр Монголд мэргэжлийн зохиолч байхгүй. Бүгд л эрхэлсэн ажил төрөлтэй, түүнийхээ зав зайгаар бичдэг, тэгж бичсэнээ өөрсдөө хянаад, өөрсдөө хэвлүүлээд, өөрсдөө тараагаад явж байгаа. Түүнээс гадна зохиолчдыг мэргэжлийн, мэргэжлийн бус гэж ангилахад хүрвэл тодорхой шалгуур байж таарна. Жишээ нь, өмнөд хөршид зохиолчдыг чансаагаар нь дэсэд хуваадаг гэж сонссон юм байна. Гэхдээ тийм юмыг эрх бүхий байгууллага хийж таарах болов уу. Бас төрийн оролцоо зайлшгүй байх нь зөв гэж боддог.                                       
-Сүүлийн үед хэн дуртай нь өөрийгөө яруу найрагч, зохиолч гэж нэрлэх болж. Ийм олон зохиолч, яруу найрагчдын хэрэг бий юу?               
 -Цаг үе нь хэрэгтэй гэж үзэж байгаа бол хэрэгтэй болоод л тэр байх. Гэхдээ хэзээ нэг өдөр яасхийж шигшихээ ч бас мэдэж байгаа байх аа. Шинээр гарч ирж буй залуусын тухайд сонирхоод байгаа бол 1990-ээд оных шиг тэсрэлт ойр мөддөө тохиохгүй л болов уу. Яагаад гэвэл одоо энэ цаг үе хий бухимдахаас цаашгүй, их мөлгөр байна. Том харж, том ярьж, том мөрөөдөх гээд байгаа мөртлөө сэтгэлгээ нь явцуу. Нэг талыг барьж, хэт туйлшрах хандлага ихтэй. Модыг мод, чулууг чулуу гэж зүтгэдэг шигээ сайн, муу хоёроо олигтой ялгахгүй. Тиймээс л хөнгөн гунигаа дагаж хийсэх үү, хүнд бодолдоо дарагдаж гансрах уу гэдгээ ойлгож ядаад байх шиг. Гэхдээ аль ч цаг үед тийм байдаг ч байж мэднэ. Тийм болохоор л мөнхийн сэдвүүд ямагт үнэ цэнтэй байдаг биз. Амьдрал өөрөөсөө рашаан, хор хоёрыг нэгэн зэрэг нэрж, хүмүүсээс архи, ус хоёрыг хоёуланг нь амтлахыг шаарддаг. Найдлага төрүүлж буй залуусын тухайд гэвэл тэднийг нэрлэхэд арай эрт байна.                                                                                  

Ярилцсан Ш.Эрдэнэтөр
No description available.


No description available.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-04 11:47:58

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Уншигч
Баярлалаа сайхан ярилцлага байна.Зохиол бүтээлийг нь шимтэн уншдаг даа
2021-05-04 22:49:59 - 194.230.146.131
irgen
Uynsah ahdaa eruul enhiig husiyeee
2021-05-04 15:39:03 - 202.179.26.210
Зочин
Гайхалтай.Даруухан бөгөөд эрхэм хүмүүн шүү
2021-05-04 14:14:08 - 66.181.161.37
Zochin
Huneeree yvaa tsoohon nairagchiin neg dee
2021-05-04 14:03:30 - 66.181.161.115