Газрын тосны экспорт зургаа дахин буурчээ

Оны эхнээс тавдугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд 533.6 мянган баррель түүхий нефтийг 21.6 сая ам.доллароор экспортолсон талаар Гаалийн ерөнхий газрын урьдчилсан гүйцэтгэлд дурджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал биет хэмжээгээр 4.3 дахин, мөнгөн дүнгээр зургаа дахин буурсан байна.

Зөвхөн тавдугаар сар гарснаас хойш 45.5 мянган баррель түүхий нефть экспортолжээ. БНХАУ-ын талаас Баянхошуу боомтоор гаргаж байгаа экспортод ямар нэгэн саад байхгүй, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж байгаа гэж Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээллээ. Баянхошуу боомтоор “Петрочайна Дачин тамсаг” компани экспорт хийж байгаа юм. Харин “Доншин” компани төмөр замаар газрын тос экспортолж байгаа бөгөөд энэ нь ямар нэгэн байдлаар тасалдаагүй байна.

Үүнээс гадна Монгол Улс он гарснаас хойш 169 мянган тонн автобензин импортолжээ. Үүнийг жилийн өмнөхтэй харьцуулахад 14.4 хувиар буурсан байна. Мөн дизель түлшний импорт 24 хувиар буурч, 272.8 мянган тонн болжээ.

Монгол Улсын импортоор авдаг газрын тосны бүтээгдэхүүний үнэ брент төрлийн газрын тосны ханшийн хэлбэлзлээс ихээхэн хамааралтай байдаг. Харин “Роснефть” компанийн тухайд нефтийн бүтээгдэхүүний хилийн үнээ бууруулах төлөвтэй байгаа талаар Ашигт малтмал, Газрын тосны газраас өмнө нь мэдээлж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ