АХБ: 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэв

Азийн хөгжлийн банк (АХБ) шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг бэлэн байдал болон хариу арга хэмжээг дэмжих зорилгоор Монгол Улсад хэрэгжиж буй эрүүл мэндийн салбарын төсөлд 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ.


“Монгол Улсын Засгийн газар COVID-19-ыг тархаахгүй байх тал дээр үр дүнтэй арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа хэдий ч халдварын тохиолдлын тоо нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байгаа төдийгүй ирээдүйд гарч болзошгүй халдварт өвчний тархалт болоод нийгмийн эрүүл мэндийн бусад онцгой нөхцөл байдал үүсэхэд Монгол Улсын эрүүл мэндийн салбар эмзэг хэвээр байна” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран хэллээ.


Мөн тэрээр “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр”-5 төсөлд олгож буй энэхүү нэмэлт санхүүжилтээр эмнэлгийн гол тоног төхөөрөмжүүдийг сайжруулах бөгөөд ингэснээр ирээдүйд гарч болох аливаа эрсдэлт нөхцөл байдалд бэлтгэлтэй байх, халдвар гарсан тохиолдолд түүнийг тархаахгүй байлгах зэрэгт чухал нөлөөтэй хэмээн онцлон тэмдэглэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ