Метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурлаа
“Эрдэнэс Монгол”-ын охин компани болох “Эрдэнэс Метан” ХХК нь нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоож, эрчим хүчний цэвэр эх үүсвэр болгон эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой төслийг Австралийн “Жэйд Метан” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна. 2019 оны тавдугаар сард талууд төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд нэг жилийн хугацаанд Тавантолгойн бүлэг ордод нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажил гүйцэтгэжээ.
Нийт 5,205 тууш метр буюу 500-900 метр гүн бүхий найман цооног өрөмдөж, хийн илэрцийг баталгаажуулан холбогдох судалгааг хийн хүлээлгэж өгсөн байна. Харин Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрээр “Эрдэнэс Метан” компанид Тавантолгойн бүлэг ордод Нүүрсний давхаргын метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг олгосон. Ингэснээр цаашид метан хийн хайгуулын ажлыг эхлүүлж, нөөцийг тогтоон, ТЭЗҮ боловсруулах ажлыг гүйцэтгэх эхлэл тавигдаж байна.
Өнөөдөр (2020.05.06) Тавантолгойн XXXIII хайгуулын талбайд метан хийн хайгуул ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх Бүтээгдэхүүн худалдан авах гэрээг байгуулж, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, “Эрдэнэс метан” ХХК-ийн захирал Д.Амар нар гарын үсэг зурав.
Тавантолгойн XXXIII хайгуулын талбай нь нийт 100 гаруй тэрбум тоннын нүүрсний нөөцтэй бөгөөд тухайн ордоос метан хийн илэрц гарсан. Тиймээс бодит хүлээлт үүсч, эдийн засагт хувь нэмэр оруулж, агаарын бохирдлыг бууруулахад чухал шийдэл бий болно гэдэгт итгэж буйгаа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү тодотгосон. Өмнө нь “Коргаз” болон “Голден Хорд” компанитай хамтарч метан хийн нөөц тогтоох судалгааны ажлууд хийж байсан ч, тодорхой үр дүнд хүрээгүй.
Харин 2019 онд хөрөнгө оруулагч “Жейд метан” компани төслийн эхэн үед гарч болзошгүй эрсдэлийг дангаараа үүрч, Монгол Улсын төсвөөс нэг ч төгрөгийн зардал гаргалгүйгээр Тавантолгойн нүүрсний бүлэг ордын гүн дэх метан хийн эрлийн ажлыг гүйцэтгэсэн гэдгийг дурдав. Метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг анх удаа төрийн өмчит компанид олгосон нь “Эрдэнэс Метан” ХХК аж. Мөн шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ын дэгдэлттэй холбоотойгоор төсөл хэрэгжүүлэгч компанийн инженер техникийн ажилтнуудыг хил, гаалиар нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт үүсч буй ч, төсөл хэвийн үргэлжилнэ гэдгийг талууд онцолсон.
Дашрамд дурдахад, метан хийн нөөцийг судалж тогтоосноор өндөр хөгжсөн орнуудын метан хий ашиглах технологийг Монголд нутагшуулж, эдийн засаг, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх томоохон алхмууд тавигдана гэж үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ