ДЦС-5-ыг түншлэлийн гэрээгээр барина
Шинэчлэлийн Засгийн газраас ДЦС-5-ын гүйцэтгэгч түншлэлийг эцсийн байдлаар сонгон шалгаруулж, улмаар Концессийн гэрээ байгуулах санамж бичигт төслийн гүйцэтгэгч “Жи Ди Эф Суез, Поско Энержи, Сожитс” корпораци, “Ньюком” ХХК-ийн хамтарсан түншлэлийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Тус түншлэлийн хувьд дэлхийн зах зээлд эрчим хүч үйлдвэрлэх нийт чадал нь 100,469 мегаватт юм. Энэ нь бүх төрлийн анхдагч эх үүсвэрийг оруулсан хүчин чадал болно. Манай орны нийт чадал 800 мегаватт бөгөөд үүнээс даруй 125 дахин их чадалтай гэсэн үг.
Ашиглалтад байгаа нүүрсээр ажилладаг нийт үйлдвэрлэх хүчин чадал нь олон улсын зах зээлд 10,270 мегаватт. Үүнээс ДЦС-5 дээр ашиглагдах Эргэлдэгч буцламтгай шаталтат зуух (CFB) бүхий ДЦС-ыг барьж байгуулсан болон ашиглаж байгаа туршлага нь олон улсын ба дотоодынхоо зах зээлд 1,135 мегаватт (MВт) болох ажээ. Эдгээрээс дурдвал Чилид 300МВт, Тайландад 345 МВт, АНУ-д 440 МВт ба Өмнөд хөршид 50 мегаватт ДЦС тус тус ажиллаж байна.
Олон улсын ба дотоодын хэмжээнд нүүрсээр ажилладаг ДЦС барьж байгуулсан туршлагаас дурдвал Португалд 576 МВт, АНУ-д 1,346 МВт, Панамад 108 МВт, Бразилд 833 МВт, Перуд 125 МВт, Чили-д 1,036 МВт, Хятадад 2,054 МВт, Вьетнамд 1,200 МВт, Тайландд 1,075 МВт, Индонезид 2,095 МВт, Австралид 2,497 МВт, нийт 12,945 МВтхүчин чадал бүхий ДЦС-уудыг барьжээ. Дотоодод нүүрсээр ажилладаг ДЦС барьсан туршлагын хувьд Их Британид 2,986 МВт байх жишээтэй.
Ийм арвин туршлагатай түншлэл манайд цоо шинэ станц барих гэж байгаа нь манай орны эрчим эрчим хүчний үйлдвэрлэлд том хувь нэмэр оруулах юм.
Санхүүгийн гол үзүүлэлтүүдийг нь авч үзвэл нийт хөрөнгө нь 92,087 тэрбум ам.доллар ба нийт цэвэр ашиг нь 2,622 тэрбум ам.доллар юм.
Улаанбаатар хотын ДЦС-5 төслийн санхүүжүүлэлт нь төлөвлөгөөний дагуу нийт 950 гаруй сая ам.долларын зээл авч, төслийг хугацаанд нь багтаан дуусгах чадамжтай. 200-300 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийн нөөцтэй. Монгол Улсын төсөвт аливаа дарамт ачаалал учруулахгүйгээр санхүүгийн бүхий л эрсдэлийг энэхүү түншлэл үүрнэ гэсэн үг. Олон улсын банк санхүүгийн байгууллагууд болон арилжааны банкууд төслийг дэмжиж ажиллах, санхүүжүүлэх бололцоотой.
Эдгээрийн дотор Азийн Хөгжлийн Банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Банк, Солонгосын Экспорт-Импортын Банк, Солонгосын Хөгжлийн Банк багтаж байна. Арилжааны банкуудаасCrédit Agricole Corporate and Investment Bank (“CA-CIB”), Hong Kong and Shanghai Bank (“HSBC), Sumitomo Mitsui Banking Corporation (“SMBC”), Bank of Tokyo-Mitsubishi UFJ (“BTMU”) гэх мэт дэлхийд нэр хүндтэй банкуудыг нэрлэж болно.
Ийм нэр хүнд бүхий санхүүжүүлэгч нартай түншлэлийн гишүүд Монгол болон дэлхийн олон оронд томоохон төслүүдийг амжилттай хамтран хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд ийм санхүүжилтийн аргаар ДЦС-5–ыг босгох санхүүжилт хийх юм.
Төслийн 25 жилийн хугацаанд уг түншлэл бүхий л засвар үйлчилгээ, дагалдах үйлчилгээнүүдийг цаг тухайд нь хийх үүрэгтэй. BOT буюу Build Operate Transfer журмаар хэрэгжиж байгаа төсөл учраас ашиглалтын явцад Монголын олон тооны инженер текникийн ажилтныг бэлтгэж, эрчим хүчний боловсон хүчний ихээхэн нөөцтэй болно. Энэ бол Монгол Улсын эрчим хүчний салбарт оруулж буй том хөрөнгө оруулалт бөгөөд цаашид монголчууд өөрсдөө станц барих туршлагатай болно.
Төсөл хэрэгжсэнээр манай улсын эдийн засагт 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шууд хийж, улсад 356 сая долларын татвар төлнө. Барилга угсралтын явцад 4000-5000 монгол ажилчин ажиллаж, ашиглалтын үедээ Монголын 300 гаруй инженер текникч ажиллах юм. Монголын талын гэрээлэгч, нийлүүлэгчээс 340 сая ам.долларын ажил барааг гүйцэтгэлээр худалдан авахаар төлөвлөж байна. Мөн Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайгаас 25 жилийн туршид хоёр тэрбум ам.долларын нүүрс худалдан авна. Ингэснээр энэ хоёр уурхай 25 жилийн баталгаатай худалдан авагчтай болж байна.
Станцын засвар, ашиглалт, үйлчилгээг 25 жилийн турш хийхдээ дотоодын гүйцэтгэгч компаниудтай хамтран ажиллаж, өөрсдийн инженер текникийн ажилчдаа сурган ажиллуулна. Энэ хугацаанд станцын засвар үйлчилгээг түншлэл бүрэн хариуцах бөгөөд улсад ямар нэгэн дарамт ачаалал учрахгүй гэдгийг дээр хэлсэн.
Эдийн засгийн шууд бус үр нөлөөлөл нь их хотын төлөвлөлт ба 100 мянган айлын орон сууц болон бусад төсөл хөтөлбөрүүд хэрэгжих боломжоор хангагдана.Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж болон үйлдвэрлэл хөгжихөд найдвартай цахилгаан, дулааны эх үүсвэр болно. Мөн хаягдал үнсийг ашиглан барилгын материал болон замын түүхий эд үйлдвэрлэх аж ахуйн нэгж нэмэгдэх боломжтой.
Энэ мэт маш олон талын давуу талтай түншлэлийг сонгон шалгаруулсан нь Шинэчлэлийн Засгийн газрын бас нэгэн үр ашигтай алхмуудын нэг болж байна. ЭЗХЯ, ЭХЯ-тй хамтарч энэхүү төслийг хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсын цаашдын хөгжлийн шинэ суурь болох Концессийн гэрээ буюу Төр Хувийн Түншлэлийг анх удаа хэрэгжүүлэх юм. Энэ чухал төсөл дээр арвин тушлагатай түншлэл сонгосон нь нүдээ олсон хэрэг болов. Эрчим хүчний салбар ийм жишгээр явбал удахгүй энэ салбар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй өмнөд, хойд хоёр хөршдөө цахилгаан худалдах боломж бий болох ирээдүй ойрхон байна.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ