Хувийн хөрөнгө оруулалт зогсвол Монгол Улс зогсонги байдалд орно
Монголын Улсын эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед МАН-аас эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, энэхүү хямралаас хэрхэн гарах талаар хэлэлцэж байна.
Монгол Улсын эдийн засаг 2011 онд 17.5 хувьтай байсан эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд саарч, 12.3 хувь болж буурсан. Урьдчилсан байдлаар энэ оны эдийн засгийн өсөлт 10,4 хувьтай гарах төлөвтэй байгаа аж.
Харин энэ оны эхний 7 сард дэлхийн 122 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6038.7 сая ам.доллар, үүнээс экспорт 2353.6 сая ам.доллар, импорт 3685.0 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний долдугаар сард -1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан байна.
Ийнхүү валютын хэт өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт буурсан болон төсвийн алдагдал хүлээгээд байгаа энэ үед ийнхүү эдийн засагчид чуулж, гарцыг эрэлхийлж байна.
Бондын мөнгө орж ирсэн ч валютын ханшийг барьж чадахгүй байна
Эдийн засгийн ухааны доктор, МАН-ын ЭЗБХ-ны дарга Б.Очбадрах
-Эдийн засгийн нөхцөл байдал ерөнхийдөө хүндхэн болчихлоо. 1.3 тэрбум долларын гадаад худалдааны алдагдалтай болж, гадны хөрөнгө оруулалт хоёр дахин багаслаа. Валютын ханш их хэлбэлзэж байна. Улсын төсөв 20-иод хувиар тасрах нь тодорхой боллоо. Нүүрсийг 35 сая тонноор экспортлоно гэж үзэж байсан бол өнөөдөр дөнгөж 7 сая тонныг экспортлосон байна. Уул уурхайг хэт шүтэж, бусад салбараа олигтой хөгжүүлээгүйн хар гай гарч ирж байна. Харин Засгийн газар 1.5 тэрбум долларын бонд авч, түүнийг эргэлдүүлснээр харьцангуй гайгүй байна. Гэхдээ бондын мөнгийг зөв зарцуулж, чадсан нь бас л эргэлзээтэй. Энэ их хөрөнгийг оруулж ирчихээд валютын ханшийг барьж чадахгүй байна гэдэг чинь эргэлзээтэй байгаа юм. Харин ч долларын ханш буурах ёстой байтал эсрэгээрээ өсч байна. Өнөөдөр Монгол банкинд нөөц байна уу, үгүй юу. Хоёр Засгийн газар солигдож байхад Шинэчлэлийн Засгийн газарт 2.8 тэрбум долларын нөөцтэй хүлээлгэж өгсөн. Нэмээд 1.5 тэрбум доллар авсан. Тэр их мөнгө хаачсан, хэний гараар орсон талаар бид ярих ёстой.Дээрээс цахилгаан болон усны үнийг нэмчихлээ. Энэ мэтээр УИХ-аар бодлогын түвшинд ярихгүйгээр суурь үнийг нэмж байгаа нь инфляцийг хөөрөгдүүлж байна. Энэ бүх асуудлын цаана бид ард түмний нуруун дээр хүнд ачааг нэмэхгүйгээр эдийн засгийн хямралаас яаж гарах асуудлаар ярилцах ёстой юм. Яаралтай УИХ-ын чуулган хуралдаж, эдийн засгийн асуудлаар ярилцах хэрэгтэй байна. УИХ, Засгийн газар, Монгол банк хамтарсан шийдвэр гаргах ёстой.
Бүтээн байгуулалтын ажлууд тасрахаар шинжтэй
Эдийн засгийн ухааны доктор Н.Дашзэвэг
-Ханшийн хэлбэлзэл маш их хүчтэй тусч эхэллээ. Юань хоёр сарын өмнө 230 байсан бол өнөөдрийн байдлаар 257 төгрөг болсон байна. Нэг юань 20-30 төгрөгөөр нэмэгдэхээр өнөөдөр наймаа хийж байгаа хүмүүсийг их алдагдалд оруулж байгаа юм.Хоёрдугаарт улсын төсвийн орлого их хэмжээгээр тасарч байна. Ялангуяа нүүрсний экспорт үндсэндээ зогсчихлоо. Тэгэхээр энэ оны бүтээн байгуулалтын ажлууд тасрах шинжтэй. Уул уурхай хүнд байдалтай байна. Гадаадын хөрөнгө оруулалт зогссон учраас ажилгүйдэл бий болж байна. Эдгээр нь эмх замбараагүй, тооцоогүй, мөнгийн нийлүүлэлт, хөрөнгө орлогыг хийж байгаа Засгийн газрын бодлоготой холбоотой. Засгийн бодлого цэгцтэй байж,Монгол банкны бодлоготой уялдаж чадахгүй байгаатай холбоотойгоор энэ бүх асуудал үүслээ. Ханш өсч байгаа явдал бол цэвэр бодлогын алдаа. Бид юанийн ханшийг тогтвортой байлгах бүрэн боломжтой байсан. Монгол банк төгрөгөө юаниар солиод 2 тэрбум төгрөгийн юанийг Хятадын банкнаас авах эрхтэй байгаа. Өнгөрсөн хавар нэг тэрбум доллартай тэнцэх юанийг төгрөгөөр сольж аваад тэгээд 225 төгрөгөөр зарж байсан бол өнөөдөр юанийн ханш унахгүй байсан. Одоо яаралтай УИХ, үндэсний аюулгүй байдлын зөвлөл Засгийн газрын байр суурийг сонсох ёстой. Ялангуяа Эдийн засгийн хөгжлийн яам улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг юу гэж үзэжбайгаа, ямар шалтгаанаар ийм байдалд хүрэв обьектив сүбьектив шалтгаан нь юу байв, гарах арга зам, төлөвлөгөө, хөтөлбөрүүд юу байна гэдгийг тайлбарлах ёстой. Үүнтэй нэгэн зэрэг хөндлөнгийн эрдэмтэн, судлаачид, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн бас саналаа хэлэх ёстой. Үүнээс ойрын хугацаанд яаралтай авах арга хэмжээ болон дунд хугацаанд авах арга хэмжээнүүд гарна. Ингэвэл эдийн засгийн хүнд байдлаас амархан гарна. Хүндрэлээс гарах хамгийн эхний арга бол үр ашиггүй зардлаа багасгах ёстой. Хэрэггүй зардлаа бууруулж, илүү дутуу зардлаа танах ёстой. Төсвийн албан хаагч нарын цалинг багасгадаг арга ч олон улсад байдаг. Засгийн газрын бондыг ямар ч техник эдийн засгийн үндэслэлгүй зүйлд үрж байна. Хатуугаар хэлбэл бондын үнэ 10 хувиар унасан байна. Тэгэхээр бондын мөнгийг АН-ын хэсэг компаниуд тендергүйгээр хуваагаад авчихлаа. Чингис бондод хяналтын зөвлөл байх ёстой. Хөндлөнгийн эрдэмтэн судлаачдыг оролцуулаад энэ асуудлаар өргөн хүрээнд ярих ёстой.
Хувийн хөрөнгө оруулалт зогсвол Монгол Улс зогсонги байдалд орно
Эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун
-Бизнесийн орчны гажуудал манай улсыг хүнд байдалд оруулж байна гэж бодож байна. Бизнесийн орчноо сайжруулах хэрэгтэй байна. Зөвхөн улсын бондоор амьдрах юм бол хэцүү байдалд орно. 2012 онд хувийн хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 80 хувийг эзэлж байсан. Хувийн хөрөнгө оруулалт зогсчих юм бол энэ улс зогсонги байдалд орно. Төсвийн алдагдалтай, хөрөнгө оруулалт зогсчихоор татварын орлого нь орохоо больж байгаа юм. Тэгэхээр эргээд татвараа нэмэгдүүлэхээс айж байна. 2014 оны төсвийг батлах гэж байна. Тэгэхээр маш их хэмжээгээр татварыг нэмж магадгүй гэсэн айдас хүмүүсийн дунд байна. Татвар нэмж болохгүй. Энэ бүх алдагдлыг татвар төлөгч нар үүрч болохгүй. Хэрвээ тэгэх бол хүнд байдалд орно. Тэгэхээр одоогийн Засгийн газар татварын дарамтыг хийхгүй байх гэж найдаж байна. Бид энэ асуудлаар нухацтай сайн ярилцах хэрэгтэй байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ