ДЦС-5-ын төслийн ялагч тодорсон юм биш үү?
Засгийн газрын гишүүд өнгөрсөн 4 дэхь өдөр төрийн ордонд ДЦС-5 төслийн шалгаруулалтад түрүүлсэн, аман хүзүүдсэн хоёр консорциумын төлөөлөлтэй хэвлэл мэдээллийнхнийг байлцуулан уулзалт зохион байгуулав.
Уулзалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар оролцож төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах, гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий засгийн газрын ажлын хэсгийнхэн ДЦС-5 төслийн шалгаруулалт болон үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.
Сүүлчийн хоёр засгийн газар дамжин яригдаж байгаа ДЦС-5-ыг хамгийн сүүлд нийслэлийн Баянзүрх дүүргийн “Ургах наран” хорооллын баруун урд хөндийд барихаар шийдвэрлэсэн юм.
450 МВт хүчин чадалтай энэ станцын тендерийн урьдчилсан шалгаруулалтад 11 консорциум саналаа ирүүлснээс “International powerPlc, Sojitz Corporation, Posco Energy, Newcom LLC” болон “Samsung C&T, KOSPO, Очир Төв” консорцуим шалгарч үлдсэнээс 2012 оны 7 дугаар сарын 5-ны үнэлгээгээр “International power” (73,21), “Samsung C&T (70,07)” давуу эрхтэй оролцогчоор шалгарсан байна.
Үүний дараа тус төслийн ажлын хэсгээс хамгийн сайн эцсийн санал (BAFO)–ыг авч 2013 оны 2 сарын 7 –нд ДЦС-5 төслийн шалгаруулалтад давуу эрхтэй оролцогчоор“International Power”-ын консорциум тодорсон дүгнэлтийг гаргасанаа дахин танилцуулав.
Үүнээс харахад “International power” консорциум нь ДЦС-5 төслийн шалгаруулалтад давуу эрхтэй оролцогчоор 2 удаа шалгарсан боловч одоо хүртэл энэхүү станцын ажил эхлээгүй байгаа нь хачирхалтай.
Цахилгаан, дулааны хомсдол илт нүүрлээд байгаа нийслэлийг тогтвортой, найдвартай эрчим хүчээр хангах ДЦС5–ыг нэн даруй барьж байгуулах шаардлага байгааг Засгийн газар мэдэж байгаа юм болов уу?
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ