“Рио Тинто” эрхлээд байна, манай дарга нарт

Оюутолгойн далд уурхайд ажилладаг байсан гадныхныг нутаг буцааж, 800 гаруй монгол иргэнийг ажлаас нь халжээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээ. Уг нь “Рио Тинто” энэ шийдвэрийг долоодугаар сарын сүүлчээр гаргасан бөгөөд манай Засгийн газар харин ганц үг ганхийгээгүй. Гэхдээ “Рио Тинто”-г ийм боолтын арга хэрэглэнэ гэж арай бодоогүй байх л даа.

Долоодугаар сарын 30-нд “Рио Тинто” компани “Оюутолгой” төслийг хэсэг хугацаанд зогсоохоор болсон гэж “Miningweekly” мэдээлснээр манайхан энэ талаар дуулсан. Тодруулбал төслийн хоёр дахь хэсэгт далд уурхайн бүтээн байгуулалт багтдаг бөгөөд үүнийг тодорхойгүй хугацаагар хойшлуулах ёстой болсон аж. Учир нь энэ ажилд шаардлагатай таван тэрбум ам.долларын санхүүжилт орж ирэхэд саад гарсан. Энэ саад нь Монголын Засгийн газар. Тэд санхүүжилтийг батлахад судалгаа хэрэгтэй гэж үзсэнээс ийм зүйл болсон гэж “Рио Тинто” компанийн удирдлагууд үзжээ. Энэ мэдэгдлээс хойш “Рио Тинто” компанийн хамгийн том хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources”-ийн олон улс дахь хувьцаа 18 хувиар буурсан байна.

Яана вэ. Оюутолгойг энэ компанид манай өмнөх дарга нар зүгээр шахуу өгчихсөн. Одоо ч гэсэн Монголд огтын ашиггүйгээр тэдэнд ашиглуулаад л байгаа. Тийм байхад байнга ямар нэг шаардлага тулгана. Засгийн газрыг загнана.

Угаасаа энэ төсөл аймаар сонин, учиг уяаных нь үзүүр олдохгүй. Манай улс баялгийнхаа 34 хувьд л эзэн суух эрхтэй байж. Тэгснээ тэр эрхээ “Рио Тинто”-гоос зээлээр аваад, одоо тэр өрөө төлөх болсон учраас манайд 0 хувийн ч эрх үлдээгүй гэх шиг.

Мэдэхгүй, С.Баярцогт 20 мянган хувьсагчийн аргаар бодоод, Портуун сайд онгод тэнгэрээсээ асуугаад мэдчих биз. Харин ард түмэн бөөнөөрөө бодоод ч учрыг нь олоход хэцүү зүйл хийж.

“Рио Тинто”-гийн хувьд өмнөх Засгийн газрыг үүрд мөнх байна гэж тооцоолоод шинэчлэлийн Засгийн газар Монгол Улс ашиг хүртэнэ гэж хэлэхэд их цочирджээ. Тэгээд уурандаа Монголын талын гурван даргын микрофоныг хаасан гэж байгаа. Одоо харин далд уурхайгаа хаалаа гээд хамаг амьтныг ажилгүй болгож эхэллээ.

Энэ одоо боолтын арга биш юу юм тэгээд. Гэхдээ нарийн ярих юм бол далд уурхайн бүтээн байгуулалт яг дуусаагүй байгаагийн дээр дэлхийн зах зээлд зэсийн үнэ буураад байгаа болохоор хэсэг амарсан ч ялгаагүй гэж байна, учир мэдэх хүмүүс. Тийм байтал өөр асуудлыг өөр асуудал болгож шантааж хийгээд. Энэ “Рио Тинто” нээрээ аймар эрхэлчихсэн юм аа, манай дарга нарт.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ