БНХАУ-Монгол нүүрсний салбарын харилцааг өргөжүүлнэ
"Coal Mongolia 2017" чуулга, уулзалтын үеэр Монголын нүүрсний салбарын ирээдүй, өрсөлдөх чадварыг сайжруулах боломжийн талаар хэлэлцлээ.
Монголын нүүрсний компаниудын хувьд, тээвэр ложистикийн асуудал хамгийн том бэрхшээл хэвээр байгаа гэдэгт оролцогчид санал нэгтэй байсан юм. Төрийн төлөөлөл болж оролцсон УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар "Уул уурхайн салбарын 10 орчим хуульд их цэвэрлэгээ хийж, давхардал зөрчлийг арилгахаар зорьж байгаа" гэсэн юм. Мөн Засгийн газар хайгуулын ажлыг эрчимжүүлж байгааг онцолсон. Түүнчлэн дэд бүтцийн асуудал, дунд төмөр зам, хилийн дамжин өнгөрөх чадварын тухай онцлоод Засгийн газар 400 сая ам.долларыг шийдсэн учир төмөр замын асуудлыг богино хугацаанд хэрэгжүүлнэ гэж байгаа юм. БНХАУ-ын "Үндэсний нүүрс" ассоциацийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сүн Шөүрэн "БНХАУ Монгол Улстай нүүрсний салбарын харилцаагаа өргөжүүлж уурхай, бүтээн байгуулалт, олборлолт зэрэг бүхий л чиглэлд хамтран ажиллахыг хүсэлтэй байна" гэсэн юм.
Түүнчлэн "Энержи ресурс" компани ирэх оноос үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхлэх гэж байгаа талаар компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл онцолсон. Түүний онцолж буйгаар дэд бүтцээс гадна олон жил яригдаж байгаа нэг цонхны бодлого одоо ч дутагдаж байгааг санууллаа.
Нүүрс экспортлогч компаниудын хувьд, өнөөдрийн байдлаар тулгарч байгаа гол бэрхшээл бол Гашуунсухайт-Ганцмодны боомтоор хурдтай нэвтрүүлэх явдал. Өнгөрсөн зургадугаар сартай харьцуулахад боомтоор нэвтэрч байгаа нүүрсний машинуудын тоо хоёр дахин буурсан. Үүнийг Хятадын талын хяналт шалгалт нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Мөн Засгийн газар нөхцөл байдлыг сайжруулахаар яриа хэлэлцээ хийхээр ажиллаж байгаа гэж мэдээллээ. Гэхдээ энэ удаагийн "Coal Mongolia 2017" чуулганд уригдаад байсан Ганцмодны боомтын төлөөлөгчид тодорхойгүй шалтгаанаар ирэхээ больсон гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ