Улсын төсвийн 78 хувийг татварын орлого бүрдүүлжээ
Оны эхний долоон сард Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал буурлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.4 их наяд төгрөгөөр буурч, алдагдал 589.4 тэрбум төгрөг болсон. Үүнд орлого 28.3 хувиар өсөж, харин зарлага 10.5 хувиар буурсан нь нөлөөлсөн талаар ҮСХ мэдээлсэн юм.
Улсын нэгдсэн төсвийн орлогын 78.7 хувийг татварын орлого, 12.6 хувийг татварын бус орлого, 5.1 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 3.7 хувийг тогтворжуулалтын сангийн орлого бүрдүүлсэн байна. Оны эхний долоон сард татварын орлого 3.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 26.4 хувиар өсжээ. Энэ дундаа нэмэгдсэн өртгийн албан татвар 43.7 хувиар, орлогын албан татвар 52.9 хувиар өссөн нь гол жин даржээ.
Улсын төсвийн орлого өсөхөд нүүрсний салбараас олох орлого чухал нөлөөтэй байгааг Монгол Улсад ажиллаад буцсан ОУВС-ийн шинжээчдийн багаас гадна бусад эдийн засагчид онцолж байгаа юм. Зөвхөн оны эхний долоон сард л гэхэд нүүрсний экспорт өмнөх оны мөн үеийнхээс 1.1 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 1.4 тэрбум доллар хүрчээ. Зарлага талаас нь харвал Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ оны эхний долоон сард 4.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар буурсан.
Үүнд хүүгийн зардал 44.6 хувиар, урсгал зардал 2.7 хувиар өссөн боловч эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 81.7 хувиар буурсан нь нөлөөлжээ. Ерөнхийдөө нийт зардлын 85 хувь урсгал зардал, 12.6 хувь нь хөрөнгийн зардал, 2.4 хувь нь эргэн төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл эзэлж байна. Эргэн сануулахад, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Засгийн газар бүх хүүхдэд “Хүүхдийн мөнгө” олгоход зориулж 100 тэрбумыг төгрөг зарцуулсан талаараа мэдээлж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ