Аль ч үед эрх баригчдын алдааг ард түмэн үүрсээр байхуу ?
ОУВС-гаас хэрэгжүүлэх "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг төсөв, санхүү, үйлдвэрлэлийн салбарт хийхээр тохиролцсон. Энэ хүрээнд саяхан Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар Монголбанкны дансанд орж ирсэн билээ. Үүнээс гадна Хятад, Энэтхэгээс манай улсад тус бүр нэг тэрбум ам.доллартой дүйх санхүүжилт өгөхөөр болоод буй. Тиймээс Сангийн сайдын хэлсэнчлэн манай улсад хэрэгжүүлэх "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг уналтаас өсөлт рүү шилжиж, эдийн засагт ногоон гэрэл аслаа хэмээн дүгнэх хүн олон байна.
Үнэхээр ч манай эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарч эхэлсэн. Тухайлбал, энэ оны зургадугаар сарын байдлаар гадаад валютын албан нөөц нэг тэрбум 319.4 сая ам.доллар болж жилийн өмнөхөөсөө 1.75 хувиар өссөн. Уул уурхайн салбар гарсан огцом өсөлтөөс өмнө буюу 2010 онд валютын нөөц одоогийн түвшинтэй ойролцоо буюу 1.4 тэрбум ам.доллар байсан. Харин эрдэс бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байсан 2012, 2013 онуудад нөөцийн хэмжээ дөрвөн тэрбум ам.долларт хүрч байжээ. Улаанбаатарт ажиллаад буцсан ОУВС-ийн Ажлын хэсгийн ахлагч Коши Матай эрх баригчдад хандан уул уурхайн салбараас олох орлого нэмэгдсэн энэ үед орлогоо хуримтлуулах шаардлагатайг сануулсан билээ.
Монголчууд бид өөрсдөө, шийдвэр гаргагчид санаачилгатай, бодлоготой, өөриймсөг байх ёстой. Аль ч цаг үед бодлого боловсруулж, шийдвэр гаргаж буй хүмүүсийн алдааг ард түмэн нийтээрээ үүрдэг хойно өнгөрсөнд болсон буруу, зөрүү зүйлээс АН-ынх, МАН-ынх гэж бултаж, булзах нь утгагүй хэрэг. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх 36 сарын хугацаанд бид эдийн засгийн уналтыг зогсоохоор үл барам баялгийн үнэ дагасан, “хөөсөрсөн” өсөлтөд толгой эргэж, барьц алдахааргүй арга ухаанд суралцаж, суурь хөрсийг нь бүрдүүлэх учиртай. Ингэхдээ бид төсвийн сахилга батыг сайжруулж, алдагдлаа бууруулж, татварын орлогын найдвартай, олон эх үүсвэр бий болгох хэрэгтэй. Хавтгайруулсан халамжийг баруун солгойгүй цацахгүй байх ч багтана.
Мөн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх, банк, санхүүгийн салбарын чадавхыг дээшлүүлэх зэргээр эдийн засгийн сууриа эрүүлжүүлж чадвал тэр нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үндэс болох учиртай.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ