Түрээсийн үйлчилгээний эрэлт өсчээ

Түрээсийн үйлчилгээний эрэлт өсөж байгаа талаар үл хөдлөх хөрөнгийн зуучийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд хагас жилийн тайландаа дурджээ. Улсын хэмжээнд үл хөдлөх хөрөнгө зуучийн зах зээлд 100 орчим компани үйл ажиллагаа явуулж байгаа талаар Улсын бүртгэлийн ерөнхий газар мэдээлсэн.

АНУ-д төвтэй "RE/MAX" компанийн хувьд энэ оны эхний хагас жилд 34.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө борлуулсан нь жилийн өмнөхөөс 800 гаруй хувиар өссөн байна. Энэ дундаа ялангуяа тавдугаар сард борлуулалт хамгийн өндөр буюу 14.6 тэрбум төгрөгт хүрчээ. Үл хөдлөх хөрөнгийн дундаж талбай 72 метр квадрат, дундаж үнэ 148 сая төгрөг байсан. Хэдийгээр энэ онд ипотекийн зээл олголт хязгаарлагдмал байсан нь худалдааны гүйлгээнүүдэд нөлөөлсөн боловч түрээсийн зах зээлийн эрэлт өндөр байсан гэдгийг "RE/MAX"компани мэдээлсэн.

Мөн худалдан авагчдыг орлогоор нь ангилахад, дундаж орлоготой иргэдийн худалдан авалт хамгийн сайн байжээ. Улаанбаатар хотын хэмжээнд зарагдаж байгаа үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийн 40 хувийг худалдаалдаг “Оsmo” компани оны эхний зургаан сард 20 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ