“Сүү” ХК 24 тэрбум төгрөгийн орлого олжээ

Хүнсний ууган үйлдвэр “Сүү” ХК санхүүгийн хоёрдугаар улирлын тайлангаа танилцууллаа. Жилд 41 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг тус компани энэ жилийн эхний хагасын байдлаар 24 тэрбум төгрөгийн орлого олж, 2.3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.

Орлогын дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол цэвэр ашиг 1.7 тэрбумаар өссөн байна. Компанийн борлуулалт ба маркетингийн зардал 1.6 тэрбум төгрөг байсан бол ерөнхий ба удирдлагын зардал 1.3 тэрбум төгрөг байсан нь ашигт ажиллагаанд нөлөөлсөн аж. Мөн гадаад валютын ханшийн зөрүүнээс 520 сая төгрөгийн ашиг олсон нь голлон нөлөөлжээ.

Компани өнгөрсөн зургадугаар сард "Сүү бонд" гаргаж анхдагч зах зээлээс 6.8 тэрбум төгрөг босгож чадсан нь компанийн төдийгүй Монголын хөрөнгийн зах зээлийн онцлох үйл явдлын нэг болсон юм. Захиалга эхлээд ердөө гурван хоногийн дотор ийнхүү “Сүү бонд” захиалгаа давж арилжигдсан нь Монголын хөрөнгийн биржийн түүхэн дэх хамгийн богино хугацаанд хамгийн өндөр дүнтэйгээр, нээлттэй зах зээл дээр амжилттай босгосон бонд болсон.

“Сүү” ХК-ийн хувьд, Монголоос гадна гадаадын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж байгаа гэж үзэж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ