Дөрөвхөн хүн 653 цэцэрлэг барих мөнгө идсэн гэхээр ...
Шинэ жил дөхөхөөр л элдвийн “Шилдэг”-т даруулдаг манай улс энэ онд маш сонирхолтой үзүүлэлтээр тэргүүлэгсдийн нэрийг гаргах боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл энэхүү шилдэг шалгаруулах номинаци бусдыгаа бодвол өрсөлдөгч олонтой гэдгийг манайхан сая мэдсэн, үйл ажиллагаа нь олон нийт рүү тун хурцаар чиглэсэн. Энэ “гайхамшигтай” хийгээд анхаарал татам шагналаар манай улс Гиннесийн амжилт тогтоосон ч болох ба үүнийг даруй “Оны шилдэг авлигач” хэмээн нэрлэвэл зохистой.
2013 онд Монгол Улс ТОП нэлээд хэдэн зуун авлигачтай болсон учраас оны төгсгөлд гранпри шагнал горилогчдыг жагсаах гэж бөөн юм болох байх. Бүгд л гранпри авахын тулд авлига өгөх гэж оролдохоос гадна ятгах, балайртуулах, мангартуулах, тархи угаах, уяраах зэрэг уран мэхүүдээ ашиглах болно, тодохой.
Эсвэл бүр бүлэг дээрэмчдэд захиалга өгч ТОП авлигач шалгаруулах комиссынхныг зодож, машиныг нь булааж, бүр эхнэрийнх нь данс руу их хэмжээний мөнгө сэмээрхэн хийх арга хэрэглэж ч магад. Гэхдээ комиссынхон шалгаруулалтыг маш хатуу хяналт дор явуулж, номинаци тус бүр шалгуурыг урьдчилан зарлахгүй гэж амаа үдүүлсэн мэт дүмбийцгээх аж.
Харамсалтай нь комиссынхон дотор хагархай хэнгэрэг шиг биш ч цуурхай бүрээрхүү нэг нөхөр байж таараад шалгуурын зах зухыг мэдэгдээдэхэв. Тиймээс энэ талаар грапри горилж буй авлигачдад дуулгая гэж бодлоо.
Юун түрүүнд хамгийн “идэмхий” авлигачийг шалгаруулна гэж байна. Энэ нь цуйван, эсвэл ганбургер хэр их идэхээрээ уралдана гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд авлига авч, өгч, авлигач хэмээх нэрийг хүртэхдээ хэчнээн эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих мөнгө цохьсноороо эрэмбэлэгдэх юм билээ.
Энэ номинацид авлигачид бүгд орох байх. МИАТ-ын, ТӨХ, уул уурхайн лицензний гээд, түүгээр ч зогсохгүй аймгуудын хуучин Засаг ноёд, яамдын өмнөх сайд нарын зарим нь, агентлагуудын асан дарга нар ер нь бүгд их бага хэмжээгээр сургууль, үгүй ядаж өргөтгөл идсэн байдаг. Тэгэхээр санаа зовох зүйлгүй, бүгд орно гэсэн үг.
Тухайлбал, алдарт МИАТ-ын хэрэг. 2002 оны парламентаас хойш хэчнээн ч үеийг өнгөрөөв. Хохирлыг нь хэдэн зуун тэрбумаар тоолж байсан ч эцсийн дүнд “аравхан” тэрбум төгрөг зувчуулсан болж таараад, дарга нар нь гавлууллаа. Бүдүүн тоймоор бодоход МИАТ-ын авлигачдын гарын салаагаар тус бүр 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 11 цэцэрлэг барих хэмжээний мөнгө урсчихаж. Аргагүй л том салаатай гартай нөхөд юм даа. БШУЯ-ны судалгаа, төсвийн мэдээллээс харахад дээрх шиг ганц цэцэрлэг барихад 800 сая төгрөг элбэг хүрэлцээд, тэр ч бүү хэл багш нарыг нь хэдэн сар цалинжуулчих юм байна билээ. Сургуулийн хувьд лав 6-7 сургууль барьчих байж. Харин манай МАИТ-ынхан ийм их мөнгийг идэж чадсан учраас ТОП-ийн нэг номинацид лав шалгарах байх.
Энэ номинацид бас авлига тун авсан байж болзошгүй Ё.Отгонбаяр сайд нэр дэвшиж, бүр ялах магадлалтай. Уг нь эхнэрийнх нь мөнгө хэдий ч хүмүүс “Отгоогийнх” гээд байгаа юм. Олон нийт угаасаа итгэсэн юмаа л цор ганц үнэн гэж боддог болохоор яалтай ч билээ. Мөнгөний хэмжээ нь 452 тэрбум төгрөг. Ёо, юу вэ. МИАТ-ынхан хажууд нь ичээд нэрээ татвал таарна. Тэгээд ч тийм олуулаа, бас ардаа том ноёдтой гэгдээд байгаа хэрнээ аравхан тэрбум. Гэтэл ганц хүн эхнэртэйгээ 452 тэрбум гэхээр иргэний агаарын тээвэрчид “булай” болж байгаа юм биш үү.
Нийтийн чанартай зүйл буюу цэцэрлэг тооцвол 452000000000:800000000=565 гэнэ ээ. Ээ бурхан минь, манай түшээ чинь 84 мянга 750 хүүхдийн цэцэрлэгийг идчихэж. Сайн идсэн байна шүү. Эдийн засагчид бодвол бүр нарийн тоо гаргах байх л даа. Гэхдээ хялбараар нь ингээд тоймлоё гэж бодлоо. Энэ лав номинацид тэргүүлж, бүр гранпри авч мэдэхээр болчихлоо. Бусад нь атаархаад комиссынхныг хайж эхэлсэн байх, авлига өгөх гээд. Тэгвэл бүр сонин тоо сонирхуулъя, 452 тэрбум төгрөг чинь байна ш дээ, хотын төсвөөс 167 тэрбум төгрөгөөр илүү гэвэл яах вэ. Тэгэхээр эрхэм түшээ 1.2 сая хүний жилийн төсвийг ганцаараа эдлээд барахгүй, цаана нь дахиад ч тоолж барамгүй мөнгөтэй үлдсэн. 1-ээс эхэлж тоолсоор 999999 гээд сая гэх хүртэл 13 хоног зарцуулна гэж нэг удаа сонсож байлаа. Хэрвээ гишүүнд дандаа нэг төгрөг байсан бол мань хүн мөнгөө тоолохын тулд нэгэн насыг элээгээд ч барахгүй байж.
Үүнээс гадна энэ номинацид Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан өрсөлдөх нь тодорхой. Учир нь Монголын бензинийг зохицуулах учгийг атгасан байсан энэ эрхэм цэцэрлэг, сургууль идсэн гэдгээсээ өмнө нефть “уусан” хэмээх тун сонирхолтой авьяасаараа олны гайхширал, бишрэлийг хүргэсэн юм. Одоогоор түүнийг 417 мянган баррель нефть “уусан” байж болзошгүй гээд байгаа ч үнэндээ бараг нотолчихсон юм шиг байна билээ. Баррель энэ тэр гэсэн барууны үгийг манайхан тэр бүр ойлгохгүй тул “литр”-ээр нь тооцвол мань хүн 60 сая гаруй литр түүхий нефть “уучихсан” байна. Харин мөнгөний тухайд ууснаасаа давсан буюу бараг 40 сая ам.доллар \монголоор 56 орчим тэрбум төгрөг\ идчихсэн. Сурснаараа цэцэрлэгээр орлуулж бодвол 60 гаруй болчихно. Тун дажгүй бассейн, томоо гэгчийн спорт заалтай таван сургууль гэсэн үг. Бас л нүнжигтэй идсэн байна. Өөх нь алагласан тарган махны тосыг савируулан огтлоод, тамшаалан зажлах шиг л. Одоо Д.Амарсайхан гадаадад байгаа гэсэн. Оны төгсгөлд шагнал гардуулах ёслолд ирэх байгаа.
Энэ номинацид заавал багтаах учиртай хүн бол ТӨХ-ны дарга асан Д.Сугар. ТӨХ эхнээсээ авлигыг гааруулах үүр уурхай болсон гэж зарим мэдэмхий нь бурж байна. Тэгвэл энэ “үүр уурхай”-ны дарга нь юу болж таарах юм гэж өөдөөс нь асуумаар санагдав. Ямар ч байсан Д.Сугар дээр “тамгалагдсан” авлигын хэрэгт 70 сая ам.доллар, 500 сая төгрөг гэж харагдсан. Цаана нь дахиад байж л байгаа гэж мөнөөх мэдэмхийнүүд бас бурах юм. Ямар ч байсан эдгээр мөнгийг нэгтгэхээр бараг 99 тэрбум төгрөг болов. Аанай цэцэрлэгээр бодвол 130, их гоё тохилог сургуулиар тооцвол 14. Бас л “амжилт”.
Ямар ч байсан оны авлигачдын шалгаруулалт онцгой сайхан болох байх. Дээрхээр жишээ авсан ч тэр. Бүр сонирхолтой тоо баримт олныг сонсох байх, идэж ууж чаддаггүй, чадваргүй жирийн иргэд. Засгийн газар, ХАХНХЯ, Хүүхдийн төлөө газрын тооцоогоор яг өнөөгийн байдлаар Монгол Улсад хүүхдийн цоо шинэ 653 цэцэрлэг бий гэсэн яв цав тоо гарсан. Яг 653 шүү.
Тэгэхээр дээрх хэдхэн жишээнд нэр нь гарсан нөхөд яг ийм тооны цэцэрлэгийг идээд, цаана нь бас илүү гаргачихаж. Тийм юм чинь нэр дурдагдаагүй том, жижиг олон авлигач хэчнээнийг идсэнийг бодож гаргана гэвэл математикийн бус хүмүүсийн тархины потенциаль лав хүрэхгүй. За даа, математикийнхан ч гаргах болов ууд даа, ер нь.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ