Ипотекийн зээлийг банкууд “самарчих вий дээ”

Монгол Улсын санхүүгийн салбарын 90 хувь нь банкнаас бүрддэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засагт буй мөнгөний дийлэнх нь иргэдээс хадгаламж татах, зээл гаргах зэргээр банкаар эргэлддэг гэсэн үг. Энэ утгаар иргэдийг орон сууцжуулах ипотекийн зээлийн системийг арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлж эхэллээ.

Орон сууц санхүүжилтийн корпораци, Монголын ипотекийн корпораци зэрэг байгууллага одоохондоо үндэсний хэмжээний системийг нэвтрүүлэхэд даанч жулдана. 600 мянган өрхийг орон сууцжуулах ажлыг дангаар хийхэд хүчрэхгүй хэрэг.

Иймээс л Засгийн газар, Төвбанк арилжааны 14 банкинд хошуу дэвсэж, зээлийн эх үүсвэрийг хуваан байршуулсан билээ. Өнгөрсөн бямба гарагт үүнийгээ баталгаажуулж гарын үсэг зурах ёслолын ажиллагаа зохион байгуулахад Монголын санхүүгийн салбарыг атгасан эрхмүүдийн царайг бүрэн бүрэлдэхүүнээр нь анх удаа харав.

“Төрийн нэрийн өмнөөс...” гэх нь холгүй алга ташиж байсан нөхдийн амралтын өдрүүдээр хийж дуусгасан ажлын зах зухыг өнөөдөр харсан юм. Үнэндээ хэрэг алга гэж толгой сэгсэрмээр. Бүх тайлбарын өмнө “Банк өөрөө эрсдэл хүлээх учраас” гэх бөгөөд үүнийг нь буруутгах аргагүй ч банк бүр өөрийн гэсэн өвөрмөц “онцлог”-ийг шингээсэн бололтой зээлийн журам гаргажээ.

Угаасаа манайхан аливаа хөнгөнийг ч хүндрүүлэх туйлын дуртай учраас тус бүр 20 орчим бүрдүүлэх материалын жагсаалт бүхий хуудас өөдөөс харуулан “Зээл авах гэж байгаа хүн болон хамтран зээлдэгч, хэрэв хүүхэдтэй бол тэрнийхээ материалыг ч яг үүний дагуу бүрдүүлнэ” гэх юм. Тухайлбал иргэн А нөхөртэй, гурван хүүхэдтэй, аав, ээжтэйгээ өнөр олуулааа амьдардаг байлаа гэж бодъё. Тэгвэл долоон хүний материал бүрдүүлэх маягтай юм болоод явчихав. 140 орчим материал. За яах вэ, хүүхэд, хөгшдөд бүрдүүлээд байх материал нэг их байхгүй ч хорооны тодорхойлолт, бас бус нотариат зэрэгт тухайн хүн өөрөө л очих ёстой учраас чирэгдэл их гарна.

Үүнээс гадна мөнөөх “Банк өөрөө эрсдэл хүлээх учраас” иргэдийн сонгосон орон сууцыг барьцаанд авахдаа юмыг яаж мэдэх вэ гэж байгаа юм шиг бодит ханшийг нь багаар тооцдог байх жишээтэй. Тэгээд тэр бууруулсан ханшийнхаа 70 хувьд нь дүйцсэн зээл өгнө гэхээр Засгийн газраас зарласан 30 хувь гэдэг дээр иргэд бас л мөнгө гаргаж таарч байна.

Тодруулбал, хамгийн хялбараар бодоход иргэн 50 сая төгрөгийн байр сонгочихоод зээл авах гээд банкинд иртэл өөдөөс нь “Эрсдлээ бид өөрсдөө хүлээх тул наад байрыг чинь барьцаанд авахдаа 40 саяар үнэлнэ” гэж хэлнэ. Энэ тохиолдолд иргэн орон сууцны компанид нэгэнт 50 сая төгрөг төлөх ёстой учраас З0 болох 15.6 сая төгрөгийг төлнө. Дээрээс нь банк 40 саяын 70 хувьтай тэнцэх зээл өгнө гэсэн болохоороо 28 саяыг л гаргана гэсэн үг. Тэгэхээр иргэн 50 саяыг гүйцээхийн тулд 6.4 сая төгрөг нэмж төлнө. Ингээд Засгийн газраас тогтоосон 30 хувийг биш 44 хувийг урьдчилж төлөх болж байна.

Засгийн газрын журамд заасан 30 хувийн урьдчилгаа угаасаа чанга. Монголын дундаж гэгдэж буй давхаргынхан дотор нэг сая төгрөгөөс дээш орлоготой нь хэд байгаа бол. Бас 50 сая төгрөгийн орон сууц одоо олдохгүй л болов уу. Ихэнх нь 60 саяас дээш үнэтэй байгаа. Ингээд бодохоор нэрэн дээрээ гоё сайхан байсан зээл нэдэр дээрээ “лантуу” шиг л юм болж таарах вий.

Өнөөдөр банкуудаар явж хүмүүс зээл авахаар сонирхож байгаа эсэхийг харлаа. Зээлийн ажилтнууд ёстой толгой өөд татамгүй завгүй байна гэж бодсон чинь үгүй шүү. Бизнесийн зээл энэ тэр асуусан хэдхэн хүн, бусдаар ялаа нисэх сонсогдмоор нам гүм.

Гудамжаар явж буй хэдэн хүнээс найман хувийн хүүтэй зээлийнталаар асуулаа. “Өчигдөр орой зурагтаар үзсэн”, “Сониноос харсан” гэхээс цаашгүй. “Урьдчилгаа 70 хувь төлнө гээ биз дээ. Тийм бол бүтэхгүй ээ” гэх нэгэн ч таарав. “Үнэн юм уу, тэр зээл” гэх асуулттай ч тулгарлаа. Нэг үгээр иргэдэд хангалттай мэдээлэл алга.

“Худалдаа хөгжлийн банк” иргэний хамаг байдгийг шалгасны дараа юу бүрдүүлж, яах хэрэгтэйг нь чиглүүлнэ гэх юм. Иргэн бүрт нээлттэй гээд байсан зээлийн систем нэг л биш ээ. Бас урьд нь банкуудаас өндөр хүүтэй орон сууцны зээл авсан хүмүүсийн зээлийн хүүг найм руу шилжүүлнэ гэсэн. Хэрэгжиж байна аа. Ганц нэг хүн энэ талаар лавлаж байгаа харагдсан.

Гэхдээ шилжүүлэхдээ нэг хувийн шимтгэл гээч зүйл иргэдээс авна гэнэ. Ийм зүйл Засгийн газрын тогтоолд лав байгаагүй. “Төрийн банк”-наас жилийн 18 хувийн хүүтэй зээл авсан нэг танил маань нэг хувийн шимтгэлд 300 мянган төгрөг өгсөн гэж байна. Үүнээс харахад арилжааны банкууд “хувалз” зангаа ипотекийн зээлд ч гаргах нь бололтой. Тэглээ гээд байртай болох мөрөөдлийг самраад хаячихгүй гэж найдах л үлдэж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ