Салхитын салхин цахилгаан станцын эхний ээлжийг хүлээж авлаа

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж байгаа 50 МВ-т-ын хүчин чадалтай Салхитын Салхин цахилгаан станцын 110/35 кВ-ын дэд өртөө, 110 кВ-ын ил хуваарилах байгууламж, 35 кВ-ын хуваарилах байгууламжийн барилга, 15 ширхэг салхин турбин генератор, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын хурал 2013 оны зургадугаар сарын 17-ны өдөр ЭХЯ-д боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн дагуу шинэчлэн зохион байгуулагдсан Улсын комисс нь захиалагч байгууллага “Клин Энержи” ХХК-ны ирүүлсэн хүсэлтийн дагуу шинээр баригдсан Салхитын Салхин цахилгаан станцын барилгын ажлын чанар, холбогдох акт, баримтуудтай нь танилцаад“Барилгын тухай хууль”-ийн холбогдох заалтыг үндэслэн комиссын гишүүдийн 100 хувийн саналаар “Цахилгаан станц”-ын зориулалтаар улсын комиссоор хүлээж авах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Түүнчлэн хоёрдугаар ээлжийн салхин цахилгаан станцын барилга байгууламжийг ажиллагаанд оруулахтай холбогдуулан Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ХК, Диспетчерийн Үндэсний төв ХК-тай тохиролцсоны дагуу нэгдсэн сүлжээнд зэрэгцээ ажиллуулах туришлт, тохируулга хийхийг зөвшөөрсөн шийдвэр гаргалаа.

Дашрамд дурдахад Салхитын Салхин цахилгаан станцын үйл ажиллагааг албан ёсоор нээх ёслол 2013 оны зургадугаар 20-ны өдөр болно.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ