Түүхий нүүрсний экспортын ханш буурчээ
Уул уурхайн яам, Сангийн яамнаас зургаадугаар сард уул уурхайн бүтээгдэхүүний экспортод баримтлах жишиг үнийг тогтоожээ. Шинэ үнийн дагуу энэ сард тонн цайр 1828.7, зэс 7228.6, хар тугалга 2027.8, цагаан тугалга 20 мянга 719, хөнгөн цагаан 1830, молибден 24 мянга 119 ам.долларын ханштай байх аж. Эдгээр ханшийг тогтоохдоо Лондоны металын биржийн эх сурвалжид дүйцүүлж, тооцоолдог юм байна.
Харин алт, мөнгийг Монголбанкны албан ханшаар экспортолдог. Энэ дагуу зургаадугаар сард гр алтыг 65 мянга 424, мөнгийг 930 төгрөгөөр экспортлохоор болжээ. Харин жонш, төмрийн хүдэр гянт болдыг “Industrial Minerals”, Хятадын “umemal.com”, “bgr.bund.de” сайтын ханшаар тогтоодог. Ингэснээр энэ сард тонн жонш агуулгаасаа шалтгаалж 277.7-371.8 ам.долларын ханштай болжээ.
Нүүрсний хувьд экспортын ханшийг Хятадын “en.excoal.com” сайтын эх сурвалжаар тогтоодог журам хэвээр үйлчилж байгаа. Энэ дагуу тонн түүхий нүүрс илчлэгээсээ шалтгаалж 29.3-72.9 ам.долларын ханшаар гадагш нийлүүлэгдэх юм байна. Харин баяжуулсан коксжих нүүрс энэ сард тонн нь 104.3, эрчим хүчнийх нь 44.5 ам.долларын үнэтэй байх нь ээ.
Эдгээр ханшийг өнгөрсөн сарынхтай харьцуулахад зэс 28, хар тугалга хоёр, молибден 97 ам.доллараар өсчээ. Харин хар тугалга, хөнгөн цагаан, цайрын ханш буурсан нь олон улсын зах зээлийн байдлаас болсон гэнэ.
Мөн алт, мөнгөний ханш ч ялимгүй багассан байна. Үүнээс гадна жонш, төмрийн хүдрийн үнэ ч доошилсон нь импортлогчдын сонирхлоос шалтгаалжээ. Нүүрсний хувьд хоёр ам.доллараар мөн буурав.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ