Урьдчилсан байдлаар 290 мянган га-д тариалжээ

ҮХААЯ-ны мэдээлж буйгаар энэ онд улсын хэмжээнд 324.7 мянган га-д үр тариа тарихаар төлөвлөсөн. Үүнээс урьдчилсан байдлаар 290 мянган га-д үр тариа, 13 мянган га-д төмс, 6.1 мянган га-д хүнсний ногоо тариалжээ. Улсын хэмжээний зорилтоор 313.7 мянган га-д улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, 7.6 мянган га-д хүнсний ногоо, 20.7 мянган га-д малын тэжээл, 25 мянган га-д тосны ургамал тарих юм байна.

ҮХААЯ-ны “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулж жил бүр тариаланчдад хөнгөлөлт үзүүлдэг. Энэ жилийн хувьд шаардагдах үр болон ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатай өгч, намар ургац хураалтаар нөхөж авна. Мөн яамны хөрөнгөөр худалдаж авсан тоног төхөөрөмжийг 20-30 хувийн урьдчилгаа төлж 3-5 жилийн хугацаатай худалдаж авах боломж олгосон.

Энэ оны тариалалтад 6.3 мянган тонн уринш боловсруулалтад 7.9 мянган тонн, ургац хураалтад зургаан мянган тонн дизелийн түлш шаардагдах тооцоо гарсан. Тэгэхээр тариаланчдад хэрэгтэй шатахууныг нь нийлүүлэхдээ уян хатан бодлого барина. Шаардлагатай шатахууных нь 50 хувийн урьдчилгааг авч, үлдсэн төлбөрийг намар ургац хураалтаас нөхөж авах байдлаар бензин шатахууны хүрэлцээ хангамжийг шийдсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ