Монголын “үнэгүйдсэн” үнэт чулуу
“Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор 14 тонн үнэт чулуу гаргах гэж байсан хятад иргэнийг саатуулжээ. Ачаагүй явж буй дүр үзүүлсэн хятад жолоочийг шалгахад ийм зөрчил илэрсэн байна. Түүний 12561 дугаартай бага оврын автобусанд ачиж явсан цагаан, ногоон чулуу хаш байжээ” гэсэн мэдээ уншлаа.
Шуудайгаар нь ачиж явна гэж дуулддаг л байсан. Харин одоо тонн тонноор гаргадаг болж. Саяхан Замын-Үүдийн боомтод ажилладаг нэг танилаасаа энэ талаар анхаарал татсан нэг зүйл сонсов.
Түүний ярьж буйгаар, элдвийн хууль бус барааны дотор үнэт чулуу нэлээд дээгүүрт ордог. Дамын наймаачид бүгд чулуу гаргахгүй ч энэ төрлийн хууль бус ажил боомтын жирийн нэг үзэгдэл болсон гэнэ. Сүүлийн үед хятадууд өөрсдөө орж ирж авах нь олширсон байна. Хамгийн гол нь манайхан хилээр гарч буй монголчуудыг нарийн шалгахаас биш хятадуудыг тэгс ингэсгээд гаргачихдаг учраас тэд ер нь юу ч авч явах боломжтой гэж үздэг гэж ярьсан.
Гэхдээ түүний ярианаас үнэт чулууны ханш анхаарал татсан. Учир нь огт сэвгүй, эр хүний зангидсан гарын дайтай цагаан хашийг ердөө 300 мянган төгрөгөөр өгчихдөг гэнэ. Гэтэл цагаан хашаар хийсэн дунд гарын хөөрөг өдгөө 80 сая төгрөгийн үнэд хүрч байгаа. Тэрнээс гадна 2012 онд Монголоос олдсон гэх метр гаруй урттай чүнчигноров чулуу Хонгконгт дуудлага худалдаагаар 1.7 сая ам.доллараар зарагдсан аж. Тухайн үед Азийн хэвлэлээр дуулиан тарьсан энэ явдлын дараа уг чулууг Дорноговийн Айраг сумаас олсон, тэгээд хятадуудад 280 мянган төгрөгөөр өгсөн гэж дуулдсан. Арай л дотор муухайрам мэдээ биш гэж үү.
Түүнчлэн өнгөрсөн онд ОХУ-ын иргэн хойд хилээр гадуур хувцсандаа их хэмжээний үнэт чулуу нууж гарах гэж байгаад баригдсан. Эдгээр нь чүнчигноров, хаш, барын нүд, мана, маргад байжээ.
Тус бүр 600 гр-аас гурван кг жинтэй 14 ширхэг маргад байсан гэдэг. Маргадын хувьд дээд зэрэглэлийн үнэт чулууны тоонд ордог. Одоогоор дэлхийн зах зээлд нэг см голчтой найман талт талст нь 1176 ам.долларын ханштай байгаа. Харин орос эрийн гаргах гэсэн маргадууд сэвгүй, тунгалаг, манангүй хэрнээ маш том хэмжээтэй байсан аж.
Ер нь манай улсад үнэт чулууны нөөц их бий гэдэг. Геологич, доктор, профессор Ж.Лхамсүрэнгийн хэлснээр алмаазны ч нөөц байдаг. Гэхдээ энэ чиглэлийн судалгаа бараг хийгдээгүй юм байна. 1970-1980 онд төвийн аймгуудыг хамарсан багахан судалгаа, Говь-Алтай, Ховдод хийсэн хайгуул төдийхнөөр Монголын үнэт чулууны судалгаа дуусдаг.
Тэр үед Архангайн Тариатаас техникийн алмааз олборлон багахныг Орос руу нийлүүлсэн ч төдөлгүй зогссон гэдэг. Харин 1990 он гарсаар үнэт чулууны судалгаа, олборлолт эрс хумигдсан. Гэхдээ сүүлийн арваад жилийн турш гадныхан, ялангуяа хятадууд манайхаас анар тэргүүтэй чулуу авах хүсэлтэй байгаагаа олонтаа илэрхийлсэн байна. Гэхдээ үүнээс урьд манайхан анарын ханшийг олон улсын жишгээр тооцож байсан аж. Тэгэхэд таваарын бүтээгдэхүүний бөөний үнийг анх тогтоогдсон хэмжээнээс 40 хувь бууруулан мөн дагавар бүтээгдэхүүн хризолит чулуунд шинээр үнэ тогтоолгон 1989 оны нэгдүгээр сараас эхлэн мөрдөж эхэлсэн гэнэ.
Гэвч сүулийн долоон жилийн судалгаанаас үзэхэд олон улсад сорт, агууламжаасаа шалтгаалан багагүй үнэд хүрдэг анарыг кг-ыг нь 2926-хан төгрөгийн өөрийн өртөгтэй гаргасан байх юм. Мэдээж экспортын таваарт тодорхой чанар, стандарт тогтоодог тул ихэвчлэн сортын буюу сэвгүй, жин сайтай анаруудыг гадагш гаргаж байж. Гэтэл олон улсад анарыг алмаазны дараа орох үнэт чулуу хэмээн үзэж, карат бүрт нь 10 мянган ам.доллар амлах болсон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ