Даваа гаригаас ипотекийн зээл олгох ажил эхэлнэ
Монголбанк, Засгийн газраас орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэхтэй холбоотой баримт бичгүүдийг баталлаа. Ингэснээр иргэд уг тогтолцооны хүрээнд орон сууцны ипотекийн зээлд 2013 оны зургаадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хамрагдах боломж бүрдэв.
Төрөөс харилцан уялдаатай бодлого хэрэгжүүлж, санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой суурийг бүрдүүлэн, энэхүү тогтвортой орчинд орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлж байна. Уг тогтолцоог тогтвортой хэрэгжүүлэх суурь нөхцөл нь цаашид санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах явдал юм.
Энэхүү тогтолцоог хэрэгжүүлэхтэй уялдан Монгол Улсад ажилтай, орлоготой хүний тоо, орлогын хэмжээ, бүтээмж нэмэгдэхийн хэрээр орон сууцны эрэлт, ипотекийн зээл, эх үүсвэрийн хэмжээ харилцан уялдаатайгаар өсч, уг тогтолцоо нь тогтвортой хэрэгжинэ.
Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгосноор ажил эрхлэлт, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх, нийгмийн сэтгэл зүй нь ажил эрхлэх, хөдөлмөрлөх, хуримтлал хийх хандлагад чиглэх, татвар, шимтгэлийн орчны ил тод, тунгалаг байдал сайжрах, макро эдийн засгийн тогтвортой байдал хадгалагдах, эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ