Г.Ганхүү: Метро ашиглалтад орсноор хотын захын үл хөдлөх хөрөнгийн үнэ өснө
Нийслэлиийн иргэдийн хурлын төлөөлөгч Г.Ганхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Метро тавих ажил ямар шатандаа явна вэ. Эхний зураг төсөл гарсан гэсэн?
-Энэ нь урьд өмнө хэрэгжиж байгаагүй том төсөл юм. Тиймээс үүнийг заавал Засгийн газраар оруулж, УИХ-аар батлуулах ёстой. Одоогийн байдлаар зөвхөн Нийслэлийн хэмжээнд батлаад байна. Эхний шатаа даваад байгаа энэ төсөл Нийслэлд хэрэгжих учир Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлаар шийдсэн. Дараагийн шат бол Засгийн газрын хуралдаанаар ёсчлох юм. Өнөөдөр Толгойтоос Амгалан хүртэлх 17.7 километр метроны шав тавих гэж байна. Үүний дараа бүтцийн асуудлыг хөндөх юм. Төрийн өмчит байх уу, Нийслэлийн өмчит байх уу, аль эсвэл холимог уу гэдгийг хэлэлцэнэ. Ер нь бол Нийслэлд хэрэгжих төсөл учир Нийслэл давамгай эрхтэй байх ёстой. Бүтцээ байгуулсны дараа олон улсын тендер зарлана.
-“JICA”тендерт шалгараагүй юм уу?
-Урьдчилсан байдлаар судалгааны ажлыг үнэ төлбөргүй хийж өгсөн. “Тендерийн хууль”-ийн дагуу улсын төсвөөс 30 сая төгрөгөөс дээш хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтад олон улсын тендер зарлах ёстой. Харин тендерт ялалт байгуулсан нь энэхүү төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. “JICA” энэхүү төсөлд ялалт байгуулж хэрэгжүүлэхээр болсон гэсэн ойлгож болохгүй. Ер нь Японы засгийн газар 1990 оноос хойш манай улсыг дэмжиж эхэлсэн. Энэ утгаараа шинэ бүтээн байгуулалт эхлэх гэж байгаа тул туршлагатай байгууллагаар урьдчилсан судалгаагаа хийлгүүлсэн. Энэхүү судалгааг жил гаруйн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Үүнээс гадна “Нийслэл-2020 он” мастер төлөвлөгөөний судалгааны ажил дээр тусласан.
-Жил гаруйн өмнөөс метро барих тухай яригдсан. Тухайн үед яагаад олон төсөл байв. Заавал энэхүү төслийг сонгож авсны учир юу вэ?
-Метроны талаар ингэж нарийвчилсан судалгаа хийж байгаагүй. Нийслэлийн өмнөх удирдлагын үед хийсэн БНСУ-ын хоёр судалгаа байдаг. Өмнөх удирлагууд судалгаа хийж, ажлыг урагшуулсан нь авууштай. “JICA”-гийн хүрээнд Энэтхэгийн Дели хотноо очлоо. Тэнд Дели метро болон Энэтхэгийн гурав дахь хот болох Банглор хотод “JICA”-гийнхан метроны ТЭЗҮ хийж байна.
-Энэ бүтээн байгуулалтад нийт хэчнээн тэрбум төгрөг төсөвлөсөн вэ?
-Эхний ээлжид урьдчилсан судалгаагаар 1.5 тэрбум ам.доллар төсөвлөсөн байгаа. Энэ бол 14 өртөөтэй 17.7 километр зам. 14 өртөөний тав нь газар доогуур, нэг өртөө нь газрын түвшинд, үлдсэн нь газраас өргөгдсөн байна. Энхтайваны өргөн чөлөөний шугамаар явна гэсэн үг. 25 дугаар эмийн сан орчимд доошоо ороод, зүүн дөрвөн зам өнгөрөөд Кино үйлдвэр хавьцаа дээшээ гараад Амгалан хүртэл явна.
-Хэрвээ энэхүү төсөл Засгийн газар болон УИХ-аар ороод дэмжигдвэл бүтээн байгуулалтын ажил хэр удаан үргэлжлэх вэ?
-Аливаа төсөл хэрэгжихэд нарийвчлан ТЭЗҮ хийгдэх ёстой. Үүнд жил гаруйн хугацаа шаардагдана. Бүтээн байгуулалтын ажил 2016 оноос эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. 2016 он хүртэл бэлтгэл ажил явагдана. Зураг төсөл, хөрсний судалгааны ажил болон тоног төхөөрөмж, техник, бүтээгдэхүүний татан авалтын ажил явагдана. 2020 онд эхний бүтээн байгуулалт ашиглалтад орно.
-Японы Засгийн газраас зээл өгнө гэсэн яриа байсан?
-“JICA”-гаар дамжуулан Японы Засгийн газарт уламжилсан юм бий. Энэ төслийн 49 хувьд Японы Засгийн газар 30-40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох боломжтой гэсэн. Энэ бол их давуу тал болж байгаа.
-Хэрвээ Японы Засгийн газрын зээл тусламжийг авлаа гэхэд үлдсэн 51 хувийг хаанаас бий болгох вэ. Урьдчилсан тооцоо судалгаа гарсан уу?
-Тооцоо судалгаа гаргасан гэхэд болно. Монгол Улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр гаргасан. Төр болон хувийн хэвшлийн түншлэл дээр үндэслэн санхүүжилт бий болгоно гэсэн нь бий. Ер нь бол олон арга зам байгаа шүү. Түүний нэг бол Улаанбаатар хот бонд гаргах юм. Төр засгийн удирдлага солигдсоноор тэр дундаа Нийслэлийн удирдлага солигдсоноор олон улсын түвшинд Улаанбаатар хотын нэр хүнд нэлээд өссөн. Энэ бол Монгол Улсын эдийн засгийн хөгжилтэй шууд холбоотой. Мөн Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл даргатай холбоотой. Улаанбаатар хот бүрэн нээлттэй хот болсон. Сая гаргасан Засгийн газрын бонд хоёрхон өдрийн дотор амжилттайгаар арилжаалагдаад дууслаа. Энэ бол Монгол Ул дэлхийн эдийн засгийн байгууллагууд дээр нэр хүндтэй байгаагийн илэрхийлэл юм. 51 хувийн тал хувийг Токиогийн хөрөнгийн бирж дээр Самура бондийг арилжаалаад 300 сая ам.доллар босгох бололцоотой. Үлдсэн хөрөнгийг Засгийн газрын бонд болон улсын төсөвт тусгаж болно. Гэхдээ энэ бол дараа яригдах зүйл. Нэг дор бүх мөнгө гарахгүй юм. Эхний ээлжид Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг аваад ашиглах бүрэн боломжтой.
-Метроноос ашиг олох боломжтой юу. Бүтээн байгуулалт дууссаны дараа урсгал зардлаа хэрхэн зохицуулах вэ?
-Улс улсаасаа шалтгаалаад өөр байдаг. Метро гэдэг бол зөвхөн нийтийн тээврийн асуудал биш. Нийтийн тээврээс гадна утаа, түгжрэл, аюулгүй байдал, инженерийн шугам сүлжээ, газар доорх ажлын байр гээд олон юмыг давхар шийдэж байгаа юм. Үүнээс гадна үл хөдлөх хөрөнгийн үнэмлэмжийн асуудал шууд нөлөөлнө. Тухайлбал, Таван шарын орчимд метроны нэг буудал байлаа гэхэд 30 саяар үнэлэгдэж байсан байр шууд 60 сая болж өснө. Үйлчилгээний салбарууд шинээр байгуулагдаж эхэлдэг. Ер нь бол шууд болон шууд бус замаар үр ашгаа өгдөг юм. Нийтдээ 150 мянган ажлын байр бий болгоно гэсэн тооцоо бий. Зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл хот доорх хот байгуулна. Зөвхөн татварын орлого нь гэхэд жилдээ 250 сая ам.доллар өгнө. Метро ганц тасалбараасаа ашиг олохгүй. Газар доорх түрээс болон одоо буулгаад байгаа самбаруудыг тэнд байрлуулах юм. Бүх иргэн зорчиж байгаа учир түүнийгээ дагаад реклам зар сурталчилгаа нь хүртэл тэндээ байрлах болно. Зардлаа маш хурдан нөхөх бололцоотой. Улаанбаатар хотын метро бусад хотынхтой харьцуулахад хямд босно. Учир нь хоёрхон замтай. Нийтийн тээврийн 30-50 хувийг шийднэ.
-Бүцтийн асуудлыг яаж шийдэх бол?
-Нийслэлд үү, Засгийн газарт уу, аль эсвэл Зам тээврийн яаманд тулгуурсан байх уу гэдэг гурван талт хэлэлцээрийн үр дүнд тодорхой болно.
Б.Даваатогтох
СЭТГЭГДЭЛ БИЧИХ