Оюутолгой уурхайн олборлолтын шинэ дээд амжилт
“Оюу толгой” ХХК 2015 оны 4 дүгээр улирал болон өнгөрсөн оны гүйцэтгэлийн тайлангаа өчигдөр танилцууллаа. 2015 онд Оюутолгой уурхайн олборлолтын шинэ дээд амжилт гаргаснаа мэдээлэлдээ онцолсон байна. Аюулгүй ажиллагааны хувьд ч сайн үзүүлэлттэй байснаа тэмдэглэжээ.
- “Оюу толгой” компани 2015 онд аюулгүй ажиллагааны сайн гүйцэтгэлтэй ажиллаж, 200,000 цагт ногдох гэмтэл бэртлийн давтамжийг 0.33 болгож буурууллаа.
- 2015 он нь “Оюу толгой”-н хувьд бүтэн үйлдвэрлэл явуулсан хоёр дахь жил бөгөөд уурхайн олон үзүүлэлтээр шинэ амжилт тогтоолоо.
- “Оюу толгой” компани 2015 онд 819,800 тонн баяжмал борлуулж, 1.6 тэрбум ам.долларын орлого олсон. Борлуулсан баяжмалын хэмжээ өссөн боловч, дэлхийн зах зээлд зэс, алтны үнэ буурсан нь орлогын дүнд нөлөөллөө.
- 2015 оны 4 дүгээр улиралд “Оюу толгой” компани 236,200 тонн баяжмал борлуулж, 355.6 сая ам.долларын орлого олсон нь баяжмал дахь металлын агуулга, зэс, алтны дэлхийн зах зээл дээрх үнийн бууралттай тус тус холбоотой байв.
- Далд уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байгаа бөгөөд 2016 оны 1 дүгээр улиралд багтаан техник, эдийн засгийн үндэслэлийн капитал хөрөнгийн зардлын тооцоог шинэчилж дуусгах төлөвтэй байна.
- “Туркойз хилл” компанийн зүгээс шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэлийг батлах болон далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх мэдэгдлийг холбогдох компаниудын Төлөөлөн удирдах зөвлөл 2016 оны 2 дугаар улиралд багтан гаргана гэсэн төлвөө хэвээр хадгалж байна.
- “Оюу толгой” уурхай 2015 онд баяжмал дэх металлын хувьд 202,200 тонн зэс, 653,000 унци алт үйлдвэрлэсэн нь “Туркойз хилл” компанийн төлвөөс давуу буюу нийцэж байгаа болно.
- “Оюу толгой” уурхай 2016 онд баяжмал дахь агуулгаар 175,000 - 195,000 тонн зэс, 210,000 - 260,000 унци алтыг үйлдвэрлэнэ гэж “Туркойз хилл” компани тооцож байна.
“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Өнгөрөгч 2015 онд уул уурхайн салбар бүхэлдээ зах зээлийн таагүй нөхцөл байдал, түүхий эдийн үнийн уналттай тулгарсан. Энэ үед Оюу толгойн хамт олон аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоох зорилгодоо тууштай байж, бүтээмж нэмэгдүүлэх, зардал бууруулах чиглэлээр амжилттай ажилласан нь үйлдвэрлэл, үйл ажиллагааны гол үзүүлэлтүүдээс харагдаж байна. Бид өөрсдийн үйл ажиллагаагаар Монгол Улс болон Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. “Оюу толгой” компани 2015 онд 315 сая ам. долларын татвар, хураамжийг Монгол Улсын Засгийн газарт төлж, дотоодын 989 компанитай хамтран ажиллаж, Өмнөговь аймагт тогтвортой хөгжлийн төсөл хөтөлбөрүүд үргэлжлүүлэн хэрэгжүүлж ирлээ” гэв.
2015 онд гүйцэтгэсэн 1.6 тэрбум ам. долларын борлуулалтын дүн нь өмнөх 2014 онтой харьцуулахад 5.8 хувиар буурсан. Энэ нь дэлхийн зах зээл дээрх зэс, алтны үнийн уналтаас голчлон нөлөөтэй бөгөөд зэс, алтны баяжмалын борлуулалтын хэмжээ өссөн нь нийт бууралтыг хэсэгчлэн нөхөв. Баяжмалын борлуулалт 2014 оноос 11.7 хувиар өсч 819.800 тонн болсон нь үйлдвэрлэл эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
2015 он “Оюу толгой”-н хувьд бүтэн жилээр үйлдвэрлэл явуулсан хоёр дахь он байж, уурхайн үйл ажиллагааныхаа олон чиглэлээр шинэ амжилт тогтоолоо. Баяжуулах үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлэх шат дараалсан арга хэмжээг жилийн туршид хэрэгжүүлснээр оны төгсгөлд үйлдвэрийг тооцоот хүчин чадлаас давуулан ажиллууллаа. Нийт 202,200 тонн зэс, 653,000 унци алт үйлдвэрлэсэн нь “Туркойз хилл”-ийн 175,000 – 195,000 тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн төлвөөс давсан буюу 600,000 – 700,000 унци алт үйлдвэрлэнэ гэсэн төлөвтэй нийцлээ. 2014 онтой харьцуулахад уурхайн олборлолт 19.3 хувь, баяжуулах үйлдвэрийн боловсруулалт 23.9 хувь, баяжмалын үйлдвэрлэл 39.9 хувь өссөн бөгөөд металлын хувьд зэсийн үйлдвэрлэл 36.3 хувь, алтны үйлдвэрлэл 10.9 хувь тус тус өссөн байна.
2015 оны 4 дүгээр улиралд баяжуулах үйлдвэрийн боловсруулалт өмнөх улирлаас 8.5 хувь өсч улирлын хамгийн дээд түвшинд хүрэв. Металын агуулга буурсан хэдий ч зэсийн үйлдвэрлэл өмнөх улирлаас 2.3 хувь өссөн нь боловсруулалт нэмэгдсэнтэй холбоотой. Ил уурхайн 2 дугаар үе шатны металын агуулга ихтэй хэсгийн олборлолтоос шалтгаалан 4 дүгээр улиралд үйлдвэрлэсэн баяжмал дэх алтны хэмжээ өмнөх улирлаас 68.3 хувь өсөв.
Компанийн хувьд 2015 оны хэмжээнд нийт 313.3 сая долларын ашигтай ажиллаж, нэгж хувьцаанд 0.16 центийн ногдол ашиг оногджээ. Энэ нь 2014 оны ашгийн үзүүлэлтээс 286 сая ам.доллараар нэмэгдсэн дүн юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ