Түрээсийн орон сууцны бүртгэл Дарханаас эхэллээ
Ипотекийн зээлд хамрагдах боломжгүй иргэд Түрээсийн орон сууцанд хамрагдахаар хүлээлт үсээд байгаа билээ. Энэхүү боломжийг Засгийн газраас гаргасан бөгөөд Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг өнөөдрөөс Дархан-Уул аймгаас эхлэн хэрэгжүүлэх юм. Дархан-Уул аймгийн Дархан сумд баригдсан “Найрамдал хороолол”-оос төрийн өмчийн түрээсэнд шилжүүлсэн 83 байранд квотын дагуу иргэдийг бүртгэн сонгон шалгаруулалтыг явуулах ба энэхүү ажил энэ сарын 18-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Бусад орон нутгийн тухайд “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Улаангом, Ховд аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэбулган, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумдад баригдсан орон сууцанд Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг гуравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд тухайн орон нутагт ТОСК хариуцан зохион байгуулах юм байна.
Харин нийслэлийн хэмжээнд “Буянт-Ухаа 2 хороолол”-ын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг мөн энэ сарын 21-нээс ирэх дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг дуустал ТОСК дээр хүлээн авахаар төлөвлөөд байна. Иргэдийн эрэлт нийлүүлэлтээс давсан тул журмын шаардлага хангасан иргэдийн дунд харъяалах ангилалд дүйцүүлэн 350 байранд сугалаагаар шалгаруулах ажлыг зохион байгуулах аж.
Сугалаа зохион байгуулах өдрийн товыг албан ёсоор олон нийтэд зарлана.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ