ХОМ нь зөрчилтэй 8 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын чиглэлээр 2015 онд 22 байгууллагад төлөвлөгөөт шалгалт хийж, 453 албан тушаалтны мэдүүлгийг шалган, үүнээс зөрчилтэй мэдүүлсэн 47 албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халах хариуцлагыг тооцуулсан байна.
Харин 2016 он гарсаар хяналт шалгалтаар хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн 8 албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халах хариуцлагыг тооцуулсан бөгөөд 2016 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын хуваарийн дагуу одоогийн байдлаар Ашигт малтмалын газар, Хөдөлмөрийн яам, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нийт 124 мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт шалгалтыг явуулж байна.
Авлигатай тэмцэх газар энэ улиралд багтаан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын ажлын алба, Иргэний нисэхийн ерөнхий газар, Газрын тосны газарт төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр төлөвлөөд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ