Хүний хөгжлийн сангийн орлого дутжээ
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны аравдугаар сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 85.9 хувийн, нийт зарлага 83.3 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 278.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 233.9 тэрбум төгрөгөөр бага байна.
Оны эхний арван сард Хүний хөгжлийн санд 306,4 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 35,2 хувиар буюу 166,3 тэрбум төгрөгөөр дутсан гэсэн судалгаа гарчээ. Үүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 100,6 тэрбум, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 73,6 тэрбум төгрөгөөр дутаж байсан нь их нөлөөлсөн байна. Тус сангаас сар бүр хүүхдэд олгож байгаа бэлэн мөнгөний санхүүжилтээр 198,0 тэрбум төгрөгийг олгоод байгаа юм байна.
Үүнээс гадна Нийгмийн даатгалын сангийн орлого мөнгө төлөвлөгөөнөөс 65 тэрбум төгрөгөөр дутсан байна. Өнгөрсөн сард тус санд төсвөөс 213 тэрбум төгрөгийн татаас олгосон ажээ. Дээрх үзүүлэлтээс харахад Татвар, Хүний хөгжил, нийгмийн даатгал зэрэг төсвийн орлого бүрдүүлдэг гол эх үүсвэрүүдийн бүгдийнх нь орлого тасарсан харагдаж байна. Иймээс үлдсэн сардаа татварын орлогоо нэмэгдүүлэх нь чухал байгаа нь дээрх үзүүлэлтээс харагдаж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ