Б.Дэлгэрмаа АПЕК-ийн Нарийн бичгийн даргын газраар айлчиллаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөртус улсад байрладаг Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа /АПЕК/-ны Нарийн бичгийн даргын газраар айлчилж, Гүйцэтгэх захирал Алан Боллард тэргүүтэй салбарын мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсын АПЕК-т гишүүн эдийн засгаар элсэх сонирхол, түүний хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, цаашдын боломжит хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцсэний сацуу Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам /ГХЭЗХАЯ/-наас ирүүлсэн өнгөрсөн жилийн АПЕК-ийн уулзалт семинарт Монгол Улсын төлөөлөгчдийг ажиглагчаар оролцуулахад дэмжлэг үзүүлсэнд талархсан захидал болон АПЕК-д элсэх зорилгын хүрээнд ГХЭЗХАЯ-ны дэргэдэх Сургалт, судалгааны төв, Дипломат Академи, Гадаад бодлогын нэгдсэн зохицуулалтын судалгааны төвөөс энэ оны 12 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах олон улсын эрдэм шинжилгээний хуралд тус Нарийн бичгийн даргын газрын нэгэн эрдэмтэн судлаачийг илтгэл тавьж оролцох урилгыг гардуулав.

АПЕК-ийн Нарийн бичгийн даргын газрын зүгээс Эрхэмсэг Хатагтай Элчин Сайд Б.Дэлгэрмааг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж Монгол улсыг АПЕК-т гишүүн эдийн засгаар элсүүлэх асуудлыг гишүүн орнуудын Удирдлагадуламжилж, гишүүнээр элсэхэд Монгол Улсын зүгээс хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааны талаар зөвлөж, цаашид холбоотой ажиллахаа мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ