Гүржид Саакашвилийн банкны дансуудыг битүүмжлэв

Гүржийн эрх баригчид ерөнхийлөгч асан Михаил Саакашвилийн банкны бүх дансыг битүүмжилжээ. Саакашвилийн өмгөөлөгч Отар Кахизе бямба гарагт Facebook-т ингэж бичсэн байна.

Саакашвилийг улс төрийн талаар шүүмжлэгч, Гүржийн ерөнхий сайд асах Бизина Иванишвилийн захирамжаар дансуудыг ийнхүү битүүмжилсэн гэж өмгөөлөгч нотлож байна.

Гүржийн ерөнхий прокурорын газар ерөнхийлөгч асан Михаил Саакашвилийн хөрөнгийг битүүмжилсэн нь баасан гаригт тодорхой болжээ. Үүнээс гадна түүний гэргий Сандра Руловс, түүнчлэн эх, эмээгийнх нь өмчийг битүүмжилсэн байна. Кахизегийн хэлснээр, битүүмжилсэн хөрөнгөнд газар, Тбилиси хот дахь байшин, хэд хэдэн машин оржээ.

2014 оны зунаас Михаил Саакашвилийг эрүүгийн талаар мөрдөн шалгаж эхлэсэн юм. Хуучин ерөнхийлөгчийг төсвийн хөрөнгийг үрэн таран хийж, бүрэн эрхээ урвуулан ашигласан гэж сэжиглэж байгаа ажээ. Тухайлбал, түүнийг гоо сайхны үйлчилгээ хийлгэх, хувцас худалдан авахад төсвийн мөнгийг үрсэн гэж буруутгаж байна.

Үүнээс гадна, Саакашвилийг 2007 оны арваннэгдүгээр сарын 7-нд Тбилиси хотод жагсагчдыг хөөн тараахад бүрэн эрхээ урвуулан ашиглаж, телевизийн “Имеди” компанийг түйвээхэд холбогдолтой гэж үзэж, түүнчлэн талийгаач олигарх Бадри Патаркацишвилийн хөрөнгийг хувьдаа завшисэн гэж сэжиглэж байгаа ажээ. Прокурорын газрын мэдээснээр, тэр 2005 онд гүржийн парламентын депутат Валерий Гелашвилийг зодох ажлыг зохион байгуулсан байж болох талтай ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ