Пенициллин ба улс төр

Энэ сонирхолтой түүх 19 дүгээр зууны үед Шотландад болсон аж. Шотландын фермер Флеминг эрхэм өөрийн тариан талбай дээрээ ажиллаж байтал хэн нэгэн нь тусламж дуудан хашгирч буйг сонсчээ.

Гүйгээд очтол нэг хүү намганд шигдчихсэн байж гэнэ. Флеминг ноёнтон хүүг аврачихаад энгийн даруу шотландчуудын нэгэн адил хүргэсэн тусаа тэгэсхийгээд мартжээ.

Энэ явдлаас хэд хоногийн дараа Флемингийнхны амьдардаг ядуухан оромжинд гоёмсог сүйх тэрэгтэй Английн язгууртан нэгэн хүрч ирэв. Тэрээр Флемингийн аварсан хүүгийн эцэг байлаа.

Ноёнтон хүүг нь аварсанд талархлаа илэрхийлээд багагүй хэмжээний мөнгөн шагнал өгөхийг хүсчээ. Флеминг мөнгөөр үнэхээр гачигдаж байсан ч англичуудыг үнэн голоосоо үзэн яддаг сэтгэл нь бардам занг нь хөдөлгөсөн тул мөнгөнөөс татгалзсан аж.

Хариуд нь англи эр шотланд хүнд өртэй үлдэхийг хүссэнгүй. Энэ үеэр нөгөө ядуу оромжны цонхоор нэг хүү цухуйгаагүй бол хоёр эрхмийн яриа хэрхэн төгсөхийг хэн ч тааварлаж мэдэхгүй байлаа. Тэр хүүг Флемингийн хүү болохыг мэдмэгцээ англи эр түүнийг авч явж Англид байж болох бүхий л дээд боловсролыг эзэмшүүлэх санал тавьжээ.

Ингээд харилцан үг хэлээ ололцсоны дараа фермерийн хүү боловсрол эзэмшихээр Английг зорив. Харин юуны тулд вэ. Хувь заяа Александр Флемингийг анагаах ухаанд дурлуулан алдарт физиологич, бактериологич болгож 1928 онд пенициллинийг зохиолгохыг хүссэн болохоор тэр ажгуу.

Яагаад заавал пенициллинийг зохиолгохыг хүссэн юм бол. Хэзээ нэгэн цагт эцгийнхээ аварсан хүүг хатгаа авахад нь Александр Флеминг түүнд дахин амьдрал бэлэглэх тавилантай байж.“Тэгэхээр Флеминг овогтнууд хүүг хоёр удаа аварсан болж байна уу” гэж ажигч хүмүүс асуух байх. Тийм шүү.

Учир нь тэр хүү алдарт Уинстон Черчилль байсан юм. Харин түүн шиг агуу хүн олон удаа аврагдах гавьяатай гэж бурхан анхнаас нь харж үзсэн бололтой. Гэхдээ Флеминг пенициллинийг нээснээрээ зөвхөн Черчиллийг бус хэдэн тэрбум хүнийг аварсныг бид мэднэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин