Манай ертөнцөд дөрөв дэх хэмжээс байна

Физикч Дэжян Стойкович ингэж мэдэгджээ. Анх манай ертөнц жижигхээн, тэгээд ч ганц л хэмжээстэй байжээ. Дараа нь хоёр, гурав дахь хэмжээс бий болжээ. Тэгснээр ертөнц өнөөгийн төрхөө олсон ажгуу.

Буффалогийн их сургуулийн Дэжян Стойкович (Dejan Stojkovic) нөхдийн хамт хэд хэдэн туршилт хийж үзсэний дараа Орчлонт ертөнц өөрчлөгдсөөр байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэдний таамгаар бол манай ертөнц дөрвөн хэмжээст болох ёстой, болчихсон ч байж мэдэх гэнэ.

Тэд өнгөрсөн онд энэ санааг анх гаргасан бөгөөд шинжлэх ухааныхан нэг их нааштай хандаагүй юм. Тэгэнгүүт нь шинэ шинэ нотолгооны эрэлд мордсоны эцэст түүнийгээ ч олжээ. Эрдэмтэд орчлонгийн бүтэц, түүхийг дуран авайны тусламжтайгаар л тодруулсаар ирсэн. Холын оддын гэрэл Дэлхий дээр сая сая жилийн дараа ирэхийг мэддэг учраас одон орончид огторгуйн тодорхой хэсгийг ажигласнаар сансрын хувьслыг судалж чаддаг.

Гэрлээс гадна газрын татах хүчний долгион ертөнц даяар түгдэг ч онолын түвшинд л судлагдсан байдаг. NASA болоод Европын сансар судлалын товчоо 2016 онд LISA (Laser Interferometer Space Antenna) хэмээх тусгай лаборатори байгуулснаар газрын татах хүчний долгионыг илрүүлж чадна гэж найдаж байгаа юм.

Харин Стойкович болохоор нэг хэмжээст орторгуйд татах хүчний долгион орших үндэсгүй учраас тэд илрүүлж чадахгүй гэж үзэж байна. Чухамдаа энэ нь л түүний дэвшүүлсэн таамгийн нотолгоо гэнэ. Түүний санаа зөв байх аваас эрдэмтдийн толгойгоо гашилгаад байгаа олон зөрчлийн учир тайлагдах гэнэ.

Дөрөв дэх хэмжээс гэх хэллэг элбэг тохиолддог ч чухам юуг хэлээд буйг нь ойлгож ухах хүн ховор байдаг. Ихэнхдээ нууцлаг, учир битүүлэг, гайхалтай, ер бусын, хүрч болшгүй, сэрэл мэдрэмжээс ангид, физикийн хуулиас гажууд гэсэн утгатайгаар хэрэглэгддэг.

Далд ертөнц судлаачид ч янз бүрийн утгаар энэ үгийг хэрэглэдэг бөгөөд энэ бүхэн дөрөв дэх хэмжээс юутай ч оршин буй нь зайлшгүй гэдгийг л харуулдаг. Хэрвээ дөрөв дэх хэмжээс бодитой оршин буй гэж үзэх юм бол гурван хэмжээст бид бодитойгоор оршдоггүй, хэн нэгний төсөөллөөр л бий болсон бөгөөд бидний бүх л бодол санаа, сэтгэл хөдлөл ямар нэгэн дээд хүчний амьд биетийн оюун ухаанд л бий болдог гэсэн үг.

Бид түүний уран сэтгэмжийн үр жимс, манай ертөнц түүний бодож олсон хиймэл орчлонгоос өөр юу ч биш гэсэн үг. Хэрвээ бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэвэл өөрсдийгөө дөрвөн хэмжээст амьтад гэдгээ зөвшөөрөх ёстой.

Физикийн үүднээс дөрөв дэх хэмжээс гэж юу болохыг физик-математикийн ухааны доктор С.П.Денисов тайлбарлахдаа: -Орчин цагийн физикт дөрөв дэх хэмжээс гэдэг бол цаг хугацаа юм. Эйнштейний физикт биетийн орон зайн хэмжээс болох “x, y, z”-ийг цаг хугацааны “t” хэмжээстэй хамтад нь авч үзэж цаг хугацаа-орон зайн нэгдмэл бий болгодог. Ер нь бичил ертөнц рүү гүн нэвтрэх тусам, макро ертөнцөөр алслан холдох тусам орон зайн илүү олон хэмжээстэй учирч мэднэ. Физикчид одоогоор үүнийг эрж байгаа ч хараахан олоогүй байна гэлээ.

АНУ-ын Тагнуулын төв газар энэ сарын 19-нд бүр дэлхийн нэгдүгээр дайны үеэс нууцалж байсан зургаан баримтыг дэлгэлээ. Тус байгууллагын хамгийн эртний баримт гэгддэг эдгээр баримт дунд сонирхолтой зүйл бас чиг байжээ.

Жишээ нь, үл үзэгдэх бэхний найрлага гэхэд 1917-1918 оных аж. Энэ бэхний найрлагыг 1976 онд олонд ил болгох гэтэл АНУ-ын конгресс эрс эсэргүүцсэн гэдэг. ТТГ сүүлийн 15 жилд 30 сая хуудас бичиг баримтыг нууцын зэрэглэлээс гаргаад байна.

Массачусетийн технологийн их сургуулийн профессор Алекс Пентланд хүн төст технологи хөгжүүлэх талаар ихээхэн анхаардаг эрдэмтэн юм. Тэрээр өдөр тутам хүмүүсийг хүрээлж байдаг барилга байшин, тавилга, төхөөрөмж сэлтийг “оюунжуулах” төсөл дээр ажилладаг.

“Ухаалаг байшин” бүтээж чадвал тоон технологийн тусламжтайгаар бүхэл бүтэн хот, улс орныг хамарч харилцан үйлчилж чадахуйц даяаршсан сүлжээ бүтээж болох юм. Ингэснээр онцгой байдлын үеэр жижүүрийн албадыг мэдээллээр хангах, орон сууцны үйлчилгээ, олон нийтэд хэрэгтэй үйлчилгээг сайжруулах, хүн, унаа тэрэгний урсгалыг зохицуулах, аюулгүй байдлыг хангах гээд их олон талын ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

Ингэхдээ хүмүүсээс мэдээлэл авах гол хэрэгсэл нь гар утас байж болно гэж тэр тооцоолсон байна.
Израилийн хоёр оюутан бодлын хүслээр компьютер удирдаж болох төхөөрөмж бүтээсэн байна. Энэ нээлт хүн төрөлхтөнд эргэлт авчирна, харин боломж нь хязгаарлагдмал хүмүүст жинхэнэ аюул болно гэж “Едиот Ахронот” сонин бичжээ.

“Энэ төхөөрөмжийг хоёр аргаар удирдаж болно. Эхнийх нь нүүрний хөдөлгөөнөөр удирдах арга. Жишээлбэл хөмсгөө өргөлөө гэхэд компьютер зүүн тийш хөдөл гэсэн команд гэж ойлгоно, уруулаараа баруун тийш заахад сум баруун тийш шилжинэ гэхчлэн ажиллана”гэж зохион бүтээгчдийнх нь нэг хэлжээ.

Хоёр дахь шатанд болохоор бодлын хүчээр удирдана. Санаандаа ямар нэг дүрийг бий болгоод түүнийгээ тодорхой командтай холболоо гэхэд дараагийн удаад компьютер шууд санаж, үг дуугүй биелүүлэх гэнэ.

Энэ нээлтийг ихээхэн боловсронгуй болгох хэрэгтэй байгаа бөгөөд мэдээ алдсан, хүнд өвчинд нэрвэгдсэн, хөдөлгөөн хориотой хүмүүст жинхэнэ аврал болох нь гарцаагүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин