Монгол, Хятадын худалдаа 10 тэрбум долларт хүрнэ
БНХАУ-ын удирдагч Си Зиньпиний Монгол Улсад хийж байгаа төрийн дээд хэмжээний айлчлал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өчигдөр эхэлсэн айлчлалын үр дүнд хоёр орны харилцаа стратегийн иж бүрэн түншийн хүрээнд очтолоо өргөжинө. Стратегийн чухал 20 гаруй гэрээ хэлцэлд Хятадын талтай Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар гарын үсэг зурлаа. Улмаар хувийн хэвшлийнхэн ч цөөнгүй хамтран ажиллах саналууд хүлээн авч холбогдох баримт бичгүүдэд үзэглэсэн байна.
Монголчуудын урт удаан хугацааны туршид хүсэн хүлээж байсан, түүхийн аль ч үед Их Цагаан хэрэмнээс урагших ард түмний удирдагчаас гарч байгаагүй үгийг Си Зиньпин Монголын зүрхэнд айлчлахдаа хэллээ. Тэрээр "Бид Монгол Улсын нутаг дэвсгэр, тусгаар тогтнол, сонгон авсан хөгжлийн замыг үеийн үед хүндэтгэн үзнэ" хэмээн хэлсэн нь олон монгол хүний сэтгэлийг хөндсөн бизээ.
Хур бороо дагуулан ирсэн Си Зиньпин даргын айлчлал Монгол Улсад үнэхээрийн үр өгөөж дагуулсан айлчлал болж байгааг Төрийн тэргүүнээс эхлээд улстөрийн хүрээнийхэн онцолж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар Монгол, Хятадын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрсэн хэмээн дүгнэж, уг харилцааг хөгжүүлэх тунхаглалд гарын үсэг зурлаа.
Тунхаглалын үндсэн зарчим нь талууд бие биений тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх буюу хүчээр сүрдүүлэхгүй байх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх зэрэг хөрш улс орнуудын хүсэн хүлээдэг хамгийн дээд түвшний найрсаг харилцаанууд юм.
Мөн үүний зэрэгцээ хоёр улсын бүрэн эрх, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд хохирол учруулж болох аливаа үйл ажиллагаа явуулахгүй, гэрээ байгуулахгүй, аливаа эвсэл бүлэглэлд нэгдэхгүй ба ийм үйл ажиллагааг өөрийн улсын нутаг дэвсгэрт явуулахыг аль нэг гуравдагч улс, байгууллага, бүлэглэлд зөвшөөрөхгүй байх хэмээн заасан нь анхаарал татам.
Нэг ёсондоо хүчирхэг их хөршийнхөө бүрэн хамгаалалтад орж тусгаар тогтнол эрх ашгаа хамгаалуулахын сацуу олон улсын тавцанд явуулж буй Хятадын бодлогын эсрэг хүчний талд хэзээ ч зогсохооргүй болж байна. Гэсэн хэдий ч Монгол Улс гурав дахь хөршүүдтэйгээ харилцах гадаад бодлогоо тусгаар улсын хувиар явуулсаар байх бөгөөд үүнийг ч Хятадын талаас хүндэтгэн үзэхээ илэрхийлээд байна.
Монгол, Хятадын худалдааны хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх, Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хэмжээг 10 тэрбум юаниас 15 тэрбум юань болгож нэмэгдүүлэх, Азиар дамжин Европ руу хүргэх ачаа тээвэрлэлтийг 2020 онд 100 сая тоннд хүргэх зэрэг чухал хэлэлцээрүүд манай улсын эдийн засагт бодит үр өгөөж өгөх нь тодорхой.
Олон жилийн хүлээлт үүсгээд байсан транзит тээвэр, далайн боомтоор дамжуулж уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортлох зэрэг чухал хэлэлцээрийг байгуулж чадлаа. Уг хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс БНХАУ-ын найман боомтыг ашиглах эрх нээгдэж байна. Товчхондоо энэ нь Монгол Улс гуравдагч зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортлох гарцтай болж байна гэсэн үг.
БНХАУ-ын дарга Си Жиньпин энэ тухай “Монголын тал транзит тээвэр, далайн боомтын асуудлыг маш зөвөөр шийдвэрлүүлж чадлаа” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцолсон бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төмөр замын шинэ гарц, тээврийн тарифын хөнгөлөлт, дамжин өнгөрөх ачаа барааг нэмэгдүүлэх зэрэг олон чухал асуудлыг шийдвэрлэж чадлаа” хэмээн бататгасан юм.
Нийтдээ 20 гаруй чухал гэрээ хэлцэлд гарын үсэг зурагдсаныг дор жагсаав.
- Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал
- Монгол, Хятадын хооронд 1949-2012 онд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн талаарх Засгийн газар хоорондын протокол
- Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны протокол
- “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын гэрээ”-ний батламж жуух бичгийг солилцох протокол
- Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр
- Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр
- Төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
- “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, БНХАУ-ын Улсын Төмөр замын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
- Монгол Улсын Уул, уурхайн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хооронд нүүрсний гүн боловсруулалтыг эрчимжүүлэх салбарын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг
- Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөл байгуулах тухай Монгол Улсын Эдийн Засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
- Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр
- Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр
- Хятадын талын тусламжаар Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв байгуулах төслийг эхлүүлэх тухай Засгийн газар хоорондын солилцох захидал
- Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах тухай Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
- Монгол Улсын Эдийн Засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Цахим эрүүл мэнд” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр
- Монгол Улсын Эдийн Засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Шинэ зууны боловсрол төсөл”–ийн тусгайлсан зээлийн хэлэлцээр
- Монгол Улсын Эдийн Засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Том оврын тракторын худалдан авах төсөл”–ийн тусгайлсан зээлийн хэлэлцээр
- Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комисс байгуулах тухай Монгол Улсын Боомтын үндэсний зөвлөл, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээр
- Монгол Улсын ССАЖЯ, БНХАУ-ын Соёлын яам хоорондын соёлын солилцооны протокол
- Монгол Банк, Хятадын Банкны хяналтын хороохоорондын хяналтын хамтын ажиллагааны санамж бичиг
- Хамтын ажиллагааны тухай Газрын тосны газар, Хятадын Газрын тосны үндэсний корпораци хоорондын санамж бичиг
- Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын Г хэсэг орон сууцны хорооллын төслийг хэрэгжүүлэх Төрийн орон сууцны корпораци, Хятадын Экспорт-импорт банк хоорондын зээлийн хэлэлцээр
- 162 сая ам долларын арилжааны зээлийн тухай Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хоорондын хэлэлцээр
- Гашуун сухайт-Ганц модны боомтын төмөр замыг санхүүжүүлэх тухай Гашуун сухайт ХХК, БНХАУ-ын Шэнхуа групп, Хятадын хөгжлийн банк хоорондын ерөнхий хэлэлцээр
www.bataar.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ