УИХ-ын дарга Хятадын даргад бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.08.22/ БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхав.

Уулзалтын эхэнд ноён Си Зиньпин, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Сүүлийн жилүүдэд Хятад Монголын харилцаанд бүхий л салбарт томоохон ахиц дэвшил гарсан байгаад баяртай байна. Энэ удаад БНХАУ-ын даргын хувиар анх удаа Монгол Улсад айлчилж байна гэдгээ илэрхийлэв. Мөн тэрээр, Хятад Монгол хоёр улсын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсанд баяртай байна. Хятад Монгол хоёр улс уул усаар холбогддог найрсаг хөршийн хувьд цаашид эв нэгдлийг эрхэмлэсэн хөгжлийн бодлогыг дэмжиж байна гэдгээ онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд уулзалтад оролцож буй УИХ-ын гишүүдийг танилцуулав. Өнгөрсөн оны 04 дүгээр сард БНХАУ-д болсон “Азийн төлөөх Боао"-ийн Олон улсын чуулга уулзалтанд оролцсон. Энэ үеэр хоёр орны цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсоноо эргэн дурсахад таатай байна. Ноён дарга та манай Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад анх удаа айлчлал хийж олон чухал хэлэлцээрт гарын үсэг зурсанд баяртай байна.

Энэ удаад иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, Монгол Хятадын хооронд 1949-2012 онд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн талаарх Засгийн газар хоорондын протокол зэрэг чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна. Эдгээр хамтын ажиллагааны баримт бичгүүд нь хоёр орны цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна хэмээн хэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ