Ц.Элбэгдорж: Бид Шинэ Зеландаас багагүй мах Орост нийлүүлж чадна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний Монголд хийх айлчлалын өмнө ОХУ-ын ИТАР ТАСС агентлагийн Монгол дахь тусгай сурвалжлагч Павел Мыльцев Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой энэ сарын 18-нд уулзаж ярилцжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж В.Путинтэй уулзах үеэрээ ямар гэрээ хэлэлцээр хийх гэж байгаа болон мах, махан бүтээгдхүүн ОХУ-д урт удаан хугацаагаар тогтвортой нийлүүлэх хүсэлтэй байгаа талаараа дэлгэрэнгүй ярьсан байна.
- Орос, Монгол улсуудын өнөөгийн харилцааг та хэрхэн дүгнэж байна вэ? Владимир Путиний айлчлалаас Монгол орон юу хүлээж байна. Ямар ямар гэрээ байгуулахад бэлэн болоод байгаа талаар сонирхуулаач.
- Монгол, Оросын харилцааг би өөдрөгөөр дүгнэдэг. Сүүлийн үед манай хоёр улсын харилцаа улам идэвхжиж байгаа. Өнгөрсөн тавдугаар сард би Шанхай хотноо В.Путинтэй уулзаж ярилцсан. Дараа нь манай оронд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга хатагтай Валентина Матвиенко, Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Николай Патрушев, Байгалийн нөөц, экологийн сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга Сергей Донской нар ирсэн. ОХУ-ын Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгугийн урилгаар одоо манай БХЯ-ны сайд Д.Бат-Эрдэнэ Москвад айлчилж байна. Саяхан ОХУ-ын Холбооны Аюулгүй байдлын албаны Хиагт дахь албанд Цэргийн гавъяаны одон гардууллаа. Сүүлийн 50 жилд Оросын хилчдэд төрийн шагнал олгож байгаагүй. Владимир Путиний айлчлалын үеэр манай хоёр орны хамтын ажиллагаа улам эрч хүчтэй хөгжих болно гэдэгт итгэлтэй байна. Бидний харилцаа ирээдүйтэй сайхан байгаа. Яагаад гэвэл, нэгдүгээрт бид дэлхийн өөр ямар ч оронтой Орос улстай харилцсан шиг урт удаан харилцаж байгаагүй. ХХ зуунд бид ЗХУ-тай хамтарч байсан бол одоо ОХУ-тай харилцаагаа хөгжүүлж байна. Мөн бидний харилцаанд Халх голын дайн гэдэг онцгой нэгэн хуудас байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй. ЗХУ-ын иргэд амь насаа үл хайрлан, манай орны эрх чөлөөг хамгаалсан. Бид үүнийг хэзээ ч мартахгүй. Энэ тусламжийг бусад өөр орны ямар ч тусламжтай харьцуулахын аргагүй зүйл юм. Энхийн бүтээн байгуулалтанд ч бид амжилттай хамтран ажиллаж байсан уламжлалтай. Хамтдаа олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Монголын олон арван мянган иргэн хуучин ЗХУ-д боловсрол олж авсан. Бид хөршүүд, ижил ашиг сонирхолтой. Хоёр талын хамтын ажиллагаанд үргэлж найрсгаар хандаж ирсэн Зөвлөлт улс, дараа нь ОХУ-ын үе үеийн удирдагч нарт талархаж явдаг. Ерөнхийлөгч В.Путиний айлчлалаас бид ихийг хүлээж байна. Монголын бараа бүтээгдхүүн Оросын зах зээлд орох бүх боломжийг бид нээх ёстой гэж үзэж байгаа. ОХУ бол хэмжээгээрээ манай хоёр дахь худалдааны түнш. Харамсалтай нь бид худалдааны сөрөг үзүүлэлттэй яваа. ОХУ-аас бид 1.6 тэрбум долларын бараа авдаг ч дөнгөж 62 сая долларын бүтээгдхүүн нийлүүлж байна. Манай бараа бүтээгдхүүн олон жилийн турш Оросын хилийн бүс нутагт нийлүүлэгдэж байсан. 1862 онд Өргөөд Оросын анхны консулын газар байгуулагдсан тэр цагаас хойш бид мах, махан бүтээгдхүүн нийлүүлж ирсэн. Тэр үед энэ талаар ямар ч асуудал байгаагүй. Аугаа их Эх орны дайны үеэр Монголоос ЗХУ-д үзүүлсэн тусламжийн хэмжээ Москвад ирүүлсэн гадаадын бүх тусламжийн 30 хувь болж байсан. Зөвлөлтийн армид хагас сая хүлэг морь, 500 мянган тонн мах нийлүүлж, Зөвлөлтийн армийн таван цэргийн нэг нь монгол ноосоор хийсэн шинель өмсөж байсан. Москвагийн дэргэдэх тулааны хувь заяаг шийдсэн нөөц дивизийн цэргүүд бүгд монгол түүхий эдээр хийсэн дах, малгай, бээлий, эсгий гуталтай байлаа. Дайны үед зөвхөн Монгол Улс л хуяг нэвтлэгч сум хийхэд зориулан ЗХУ-д вольфрам нийлүүлж байлаа. Хүнд хэцүү үед бид чадах чинээгээрээ нэг нэгэндээ тусалж ирсэн. Тийм болохоор одоо хамтран ажиллах илүү олон боломж байгаа гэж бодож байна. Жишээ нь, бид Шинэ Зеландаас багагүй хэмжээний мах, махан бүтээгдхүүн нийлүүлж чадна. Дотооддоо боловсруулан бэлтгээд, ямар нэг хязгаарлалт, татваргүйгээр урт удаан хугацаанд тогтвортой нийлүүлэх боломжтой. Гол нь бид бүрэн боловсруулсан хөдөө аж ахуй, уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэхийг хүсч байна. Бидний хамтын ажиллагааны бас нэгэн салбар бол транзит тээвэр. Монгол бол зөвхөн Орос Хятадтай хиллэдэг, далайд гарцгүй дэлхийн цорын ганц орон юм. Энэ салбарт бэлтгэж байгаа гэрээ хэлэлцээрт Владимир Путиний айлчлалаар гарын үсэг зурна гэж итгэж байна. Транзит тээврийн гурван шугам зам байгуулахаар бэлтгэл ажил ид явагдаж байна. Мөн харилцан визгүй зорчих гэрээнд гарын үсэг зурна гэж найдаж байгаа. Одоо бид ОХУ-тай стратегийн түншлэлийн хэмжээнд хамтран ажиллаж байгаагаа В.Путиний айлчлалаар энэ харилцааг бүх талын стратегийн түншлэл болгохыг хүсч байна.
- Монголын талаас мах, махан бүтээгдхүүн нийлүүлэх санал тавьж байгаа нь ОХУ-аас Барууны орнуудад авсан хориг арга хэмжээний дүнд орж ирэхээ больсон Барууны орнуудын бүтээгдэхүүнийг Монгол орлохыг зорьж байна гэж ойлгож болох уу?
- Бид зүгээр л ОХУ-д Шинэ Зеландын хэмжээний мах нийлүүлэхийг л хүсч байна. Манай хоёр орны бараа эргэлтийн 70 хувь нь хил орчмын бүс нутагт, түүний 55 хувь нь Эрхүү мужид оногддог. ОХУ-ын дотоод мужуудын зах зээлд нэвтрэн орох нь бидний хувьд асуудалтай байгаа. Бид хэд хэдэн чиглэлээр хамтарсан аж ахуйн нэгж байгуулах боломжтой. Хүнсний бүтээгдхүүнийг Оросын чанарын стандартад тохируулан үйлдвэрлэх төлөвлөгөө байгаа. Манай аж ахуй эрхлэгчид хөдөө аж ахуйн бүтээгдхүүнийг Оросын стандартаар боловсруулж, үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр байгуулах санал гаргаад байна.
- Монгол Улс ШХАБ-ын жинхэнэ гишүүн болохыг сонирхож байгаа юу?
- ШХАБ бол бүс нутгийн байгууллага. ШХАБ-ын худалдаа, дэд бүтцийн төслүүдэд бид оролцох сонирхолтой. Одоохондоо тийм төсөл байхгүй байгаа ч удахгүй гарах биз гэж найдаж байна. Манай орныг жинхэнэ гишүүн болгох гэсэн ШХАБ-ын саналыг бид хүндэтгэдэг. Гэхдээ энэ асуудлыг манай ҮАБЗ шийддэг бөгөөд одоохондоо энэ талаар ярьж хэлэлцээгүй байгаа.
- Эдийн засгийн хөгжлийн хувьд Монгол Улс ямар зорилго тавьж байна вэ? Азийн шинэ бар болох гэж байна уу?
- Манай эдийн засагт нэг сул тал бий. Энэ нь уул уурхай, хөрөнгө оруулагчдаас хэт хамааралтай. Зөвхөн түүхий эдэд тулгуурласан өрөөсгөл эдийн засагтай болчихоод байна. Тийм болохоор бид олон талт эдийн засагтай болох зорилт тавиад ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх боломж бидэнд бий. Манай чухал зорилгын нэг бол эдийн засгийн хөгжлөө хурдасгаж, хөрш орнуудтайгаа байгаа асуудлаа шийдэх.
Орчуулсан М.Сугар-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ