МУГЖ Г.Ариунбаатар: Тэр эмэгтэй олны танил сэхээтний охин, тэр үед их согтсон байсан
Сүүлийн нэг сарын турш залуу гавьяат Г.Ариунбаатар, урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг дуучин Г.Отгонжаргал нарын фэйсбүүк чат задарсан асуудал олны анхаарлын төвд байгаа билээ. Нэг дор ажилладаг залуу уран бүтээлчид үнэхээр тийм дотно уу гэж харах нэг хэсэг байхад салсан эхнэрийнх нь санаатай явуулга гэж залуу гавьяатыг өмөөрөх хүмүүс тэднээсээ олон байв.
Ямартай ч ээдрээ, гогцооны эзэд АНУ-д ажлаар явсан хойгуур шуугиан дэгдсэн. Харин бид Г.Ариунбаатарыг АНУ-аас ирсэн даруйд нь уулзаж үнэн үгийг нь сонсохыг зорьсноо уншигч та бүхэнд хүргэж байна.
Г.Ариунбаатар 2010 онд СУИС-ийг гавьяат жүжигчин Д.Банди агсан, гавьяат жүжигчин О.Ичинхорлоо багшийн удирдлага дор төгссөн. М.Глинкийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэнээр МУГЖ хэмээх эрхэм алдрыг 23 насандаа хүртсэн билээ. Уран нугараач Б.Норовсамбуу 18, балетчин Д.Алтанхуяг 19 настайдаа гавьяат болж байсан. Ийнхүү залуу гавьяатуудын жагсаалтанд гурваар бичигдэх түүхэн алдрыг тэр чадвараараа хүртэн их урлагт цойлж гарч ирсэн нь олон хүний зүрхийг огишоосон. Тэр мөчөөс хойш нисэх мэт гурван жил өнгөрчээ.
Хэзээний гал цогтой, нүднээс нь оч гэрэлтэж, нүүрэнд нь мишээл тодорч байдаг Г.Ариунбаатар гуниг шингэсэн харцаар намайг угтав. Бүсгүй хүнийг аз жаргалтай байгааг мэдье гэвэл нүдийг нь хар, хэр сайн ханьтай учирсан нь мэдэгдэнэ гэсэн үгийн утгыг эрэгтэй хүн дээр тайлна гэж бодож явсангүй.
Гэнэн сэтгэлээр оюутан ахуйдаа анхны үрээ тэврэн, хоёр талд амьдарсаар салсан, дараа нь хариуцлагатайгаар эхлүүлсэн хоёр дахь амьдрал нь нэгэнт төгсгөл болсныг тэр надаас нуусангүй. Хүний хүүхдийг өөрийн юм шиг тэвэрсээр дассан сэтгэл нь дотроос нь угзран байгааг ч тайлж цөхөх юмгүй харцнаас нь мэдэрч байлаа.
Энэ удаад бид урлаг, түүний цалгисан их авьяасын талаар ярилцсангүй. Чухам энэ цаг үед халуун сенсааци дэгдээгээд буй асуудлын талаар ярилцлаа. Магадгүй Г.Ариунбаатарын дотоод сэтгэлээ нээсэн анхны ярилцлага болов уу.
-Өөрийн чинь эзгүйд өвсөнд ассан түймэр шиг нэгэн шуугиан дэгдлээ. Энэ асуудлыг ярилцахаар зорьж ирлээ. Илэн далангүй үнэнийг ярина гэж найдаж байна?
-Би ерөөсөө гайхахгүй байна. Миний гэр бүлийн ар талд асуудал бий. Яг ний нуугүй ярихад гэр бүлийнхээ хүнтэйгээ хоёр талд байгаа. Албан ёсны гэрлэлт цуцлуулах асуудал яг одоо яригдаадшүүхийн шатанд явж байна. Үнэндээ бол асуудал хэцүү шүү дээ. Би фэйсбүүк хаягнаасаа ингээд л ийм юм болжээ, би тийм бишээ гэлтэй биш, эвгүй.
Эхнэр бид хоёр бие, сэтгэлийн хувьд салсан, бичиг баримтын хувьд салаагүй. Үүгээрээ миний нэр төрийг унагаая, мууг үзье гэсэн хүслийнх нь л нэг хэлбэр гэж бодож байна. Мөнгөөр бүхнийг шийдэж болдог юм байна. Мөнгөтэй хүн хүсвэл аливааг үгүйсгэж, бүхнийг шийдэж чаддаг юм байна. Олон удаагийн үйлдэл байна, над дээр. Эхэндээ эмзэг хүлээж авч байсан. Сүүлдээ, за яахав дээ, энүүгээрээ тэр хүн кайф аваад, намайг чадаж дорд оруулна гэж бодож байгаа бол хамаа алга гэж бодох болсон. Би огт ач холбогдол өгөхгүй тайван байгаа.
-Дуучин Отгонжаргал та хоёр нэг дор ажилладаг. Та хоёр ер нь ямар харилцаатай хүмүүс вэ?
-Бид хоёрын хувьд СУИС-аас эхлээд найзууд. Нэг багшийн шавь нар, нэг ажилд томилогдсон. Энэ гэмт хэрэг биш биз.
Сайхан найзууд, цаашдаа дотно болох үгүйг би мэдэхгүй. Үнэндээ бол бид хоёрт болохгүй гэсэн асуудал байхгүй шүү дээ. Эхнэрээ хуурсан гэнэ, Отгонжаргал гэр бүл үймүүлсэн л гэнэ.
Ийм асуудал үнэнийг хэлэхэд байхгүй. Миний фэйсбүүк хаягнаас тэр чаатыг олоод ийм дүгнэлтэнд хүрнэ гэдэг асар эмгэнэлтэй асуудал. Сургаар гарсан яриа. Ер нь бид асуудал үүсгэсэн байсан ч яадаг юм.
-Чаатаар хүмүүс ихэвчлэн олон зүйлийн талаар ярилцдаг. Шууд үнсэж үнгэх юм яриагүй байлтай?
-Тэр хэсгийг нь л авсан байна лээ. Би нээх яанаа, би тэгчихсэн байна, намайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ингэчихсэн байна гэж нэг ч удаа горойж хараагүй. Авгай хүүхний асуудалд оролцолдохоос илүү надад хийх юм өчнөөн байна. Гэр бүлдээ зарцуулдаг цаг хугацаа байсан бол одоо байхгүй боллоо. Тэр хугацаагаа би урлагтаа зарья гэж маш их хичээж байна. Даравч дардайна, булавч бултайна гэдэг шиг би ямар ч гэсэн цаашаа явах л болно.
-Таны эхнэр, гэр бүлийн амьдрал ер нь ямар байсан юм бэ? Уран бүтээл л ярихаас тэр бүр дотоод сэтгэл, амьдралаа нээсэн ярилцлага өгч байгаагүй юм билээ.
-Хүн хүний амьдралыг мэдэхгүй л дээ. Яг дотроо бид хоёр ямар байдаг уу, ямар байсан, Ариунбаатар үнэхээр ар өврөөр нь тавьсан уу, бид хоёр амьдарч байхдаа аз жаргалтай байсан уу, үгүй юу? Таашгүй шүү дээ.
Энд нэг л хариулт байгаа. Би эхнэрээ буруутгахгүй. Маш сайн эмэгтэй, эхнэрийн талынхан ч маш сайн хүмүүс. Зүгээр л хувь тавилан бид хоёрыг салгасан.
Энэ ертөнцөд урлагийн хүнийг ойлгодог хүн ховорхон байдаг юм шиг ээ. Би юм хиймээр байна, бүтээмээр байна. Урлаг гэдэг хатуу. Цаг зав их ордог, дээрээс нь зөндөө л асуудал байна. Энэ болгоныг ойлгох нэг нь байна, ойлгохгүй нэг нь байна. Энэ бүхнээс эхэлж бугшмал асуудал үүссэн л дээ. Эцсийн эцэст би их урлагт өөрийнхөө биеийг зориулья л гэж зориглоод энэ шийдвэрийг гаргаж байна.
Тэгэхээр би тэр хүнийг муулаад ч яах юм, өөрийгөө сайлаад ч яах юм. Аль алиных нь буруу, магадгүй миний буруу. Би эр хүн шүү дээ, би өрхийн толгойлогч. Би хариуцлага үүрэх ёстой хүн. Миний буруу байсан болов уу. Тэгээд яагаад бие биендээ боломж өгөөд зүгээр байж болдоггүй юм бэ.
Надад гунигтай байна. Эцсийн дүнд намайг ингэж нийгэмд харууллаа, намайг ингэлээ гээд тэр хүн юу хожих юм. Намайг сүрдүүлж байсан удаа зөндөө бий. Тэрнийх нь эхлэл энэ, цаашлаад өчнөөн олон мэдээлэл гарах байх.
-Эмэгтэй хүн эр хүнийг сүрдүүлдэг гэхээр сонин сонсогдож байна. Жишээ нь юу гэж сүрдүүлэх үү?
-Мөнгө гэдэг хүчтэй. Тэгээд л ойлгомжтой. Би залуу уран бүтээлч. Тэр хүнийг санхүүгийн тал дээр боломжийн гэж ойлгодог. Магадгүй бид хоёрын амьдралд тэрнээс хагарал үүссэн гэж бодож байгаа. Би яг одоо юм бүтээх гэж байгаа, намайг хийгээрэй гээд шагналыг нь өгчихсөн, улс эх орондоо хийе гээд амлачихсан болохоор би хийж байгаа.
Надад өөрийн гэсэн хурааж хуримтлуулсан хөрөнгө байхгүй. Тийм учраас би үнэнээр л явна. Хэзээ нэгэн цагт учир нь олдох л байлгүй дээ. Над руу дайрч давшилсан тэр болгон намайг хурцлах болно. Би хэзээ ч шантрахгүй.
-Та хоёр амьдралаа холбоод хэдэн жил боллоо?
-Бараг 3 жил болж байгаа юм байна.
-Тэр эмэгтэй дагавар хүүхэдтэй, урд нь амьдралтай байж. Та хоёр дундаасаа хүүхэдтэй юу?
-Хүүхэдтэй. Хүүхэд маань нэг настай, ээж дээрээ байгаа. Манай хүн урд нь амьдралтай байсан. Би тэр жаахан амьтныг өөрийнхөө хүүхэд шиг хайрладаг. Одоо ч гэсэн өр эмтрээд санаж л байна. Хүний амьдрал гэдэг чинь үнэндээ хэлж ирэхгүй юм даа.
Би хүүтэйгээ уулзалгүй гурван сар болж байна. Уулзуулахгүй байна. Ямар нэгэн байдлаар дарамт их ирж байна. Би ганцаардаж байна. Өөрийгөө тайван байлгахын тулд, өөрийгөө бусдад автуулахгүйн тулд би ганцаараа л хичээж байна. Энийг хэн ч ойлгохгүй байх л даа. Би ийм шүү дээ гээд зарлаад байхаасаа илүү би эр хүн шиг л байх ёстой гэж бодож байна. Яах вэ намайг харааж зүхвэл зүхнэ л биз. Яавал яана л биз тэ /санаа алдав.сэт/.
-Өөрөө энэ эхнэртэйгээ суухаасаа өмнө амьдрал зохиож байсан уу?
-Би чинь амьдралтай ш дээ, 26-хан насандаа хоёр амьдрал туулчихлаа. Энэ хорвоо, энэ амьдрал намайг зөвхөн урлагт л бай гэж байгаа юм болов уу гэж би харж байна. Эергээр харахыг хичээж байгаа хэрэг. Надад амьдрал бэлэглэхгүй байна. Намайг архичин бол, гудамжинд гар гэж байгаа юм болов уу гэж бодохгүй байна. Намайг хайрласан хувь нь арай илүү байлгүй дээ.
Би ард түмэндээ өртэй үлдмээргүй байна. Би уран бүтээлээ хиймээр байна, ийм асуудал дээр шантраад унамааргүй байна. Ний нуугүй хэлэхэд яг одоо бол би учраа олохгүй байна л даа. Яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.
Аав хүний зовлон ... Би хоёр сайхан хүүтэй л дээ. Манай хүний хүүтэй нийлээд гурван сайхан хүүтэй юм даа. Арга байхгүй, хүнд хүн илүүдэхгүй. Хүний хүн гээд адалдаг нэг нь байхад хайрладаг нэгэн байна. Адилхан л хайрлах юмсан, адилхан л өсгөх юмсан гэж би өөрийгөө зориулж үзсэн.
Бүх болох арга хэмжээг би авсан. Гэхдээ миний эхнэр бол муу хүн биш. Бид хоёр хоёр биендээ хайртай, биднийг албадаж хүмүүс суулгаагүй. Мэдэхгүй байна, яагаад ийм байдалд хүрчихэв. Миний л буруу байх гэж бодож байна.
-Таныг одоогийн эхнэр чинь өмнөх эхнэрээс чинь салгаж суусан гэсэн яриа байдаг. Салаад удчихсан байхдаа амьдралаа эхэлсэн үү, яг яасан юм, ний нуугүй хариулаач?
- Огт тийм юм болоогүй, би албан ёсоор хэлж чадна. Яагаад гэхээр би гэдэг хүн өөрийн толгойтой шүү дээ. Хэн нэг нь дуудаж авчраад, надтай хамт байгаад байдаг..
Тэр бол утгагүй асуудал. Яахав би залуу байна даа л гэж өөрийгөө бас өмөөрөх юм. Салаад гэж дээ, бид хоёр арван жилийн нэг анги. Нэгдүгээр курст орохдоо тэр маамуулчихгүй юу. Миний хайртай хүү төрсөн. Тэгээд хөдөө гэртээ аав ээж дээрээ очсон. Би энд оюутан байсан.
Бид хоёр хамт амьдарч үзээгүй. Нэг дор бараг 14 хонож ч үзээгүй дээ. Янз бүрийн байдлаар тэгээд хол болчихдог юм байна лээ. Амьдарч үзээд бүр өрх тусгаарласан бол бас ондоо л байх байсан байх.
-Одоо анхны эхнэртэйгээ холбоотой байдаг уу? Тэр хүн чинь амьдралтай болсон уу?
-Холбоотой байлгүй яахав. Бид хоёр одоо найзууд шиг харилцаатай. Хүүхэдтэйгээ уулзана. Хүнтэй суусан үгүйг нь хэлж мэдэхгүй байна. Аав хүний үүргийг хамтдаа байж биелүүлж чадаагүй ч гэсэн хүүхэддээ анхаарал халамж тавьж, аав хүн ямар байх ёстой анхан шатны үүргээ чадлаараа биелүүлдэг.
-Энэ амьдрал чинь тэгвэл хариуцлагатайгаар эхлүүлсэн анхны амьдрал байсан юм байна. Та хоёр теле нэвтрүүлэгт ороод л их сайхан хос харагдаж байсан?
-Хүнд чинь эгэл даруухан амьдрал зохих юм байна шүү дээ. Би яагаад энийг хэлж байна гэхээр ер нь нээх гэр бүлээ зарлаад байх хэрэггүй юм билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ