Мессежээр хулгайчийг уяраав

АНУ-ын Миссури мужийн Канзас-Сити хотод амьдран суудаг өрх толгойлсон нэгэн эмэгтэй автомашинаа хулгайд алджээ. Машинд нь гар утас үлдсэн гэдгийг санаад тэрбээр хулгайч руу хэд хэдэн мессеж бичсэнээр цаадахь нь автомашиныг нь буцаан өгчээ. Мэган Браттен гэдэг тэр эмэгтэй дэлгүүрээс худалдан авалт хийгээд гарч ирэхэд гэр бүлийн хэрэгцээний машин нь алга болсон байв. Тэнд үүрэн гар утас нь үлдсэн гэдгийг санаад тэрбээр нөгөө утаснаасаа хэд хэдэн мессеж илгээн, түүндээ өөрийн амаргүй хувь заяаны тухай өгүүлжээ.

“Та дөнгөж сая таван хүүхдийн эх, ганц бие эмэгтэйн машиныг хулгайллаа. Та миний амьдралыг баллаж орхилоо” хэмээн тэрбээр эхний мессежээ явуулав. Улмаар Браттен хулгайч руу хэд хэдэн мессеж явуулсан ч хариу хүлээж аваагүй байна. Олон хүүхдийн ээж тэрбээр нэгэн мессеждээ машин нь их муудсан, хроп нь асуудалтай болсон гэдгийг бичив. Сүүлчийн мессеждээ “Бурхан минь. Хулгайч аа, миний машиныг эргүүлээд өгчих л дөө. Хэрэв чи түүнийг эргүүлж өгвөл гайхамшиг болохсон” хэмээн бичжээ.

Хэсэг хугацааны дараа эмэгтэйн гар утсанд нэгэн мессеж ирсэн аж. Түүн дотор машиныг хаанаас олж болохыг дэлгэрэнгүй заасан байна. Эмэгтэй машинаа авахаар ээж, нохойгоо дагуулаад явжээ. Машинаа олж аваад тэрбээр хулгайч руу дахиж мессеж бичээгүй гэнэ. Мөн тэрбээр гомдол гаргаж, цагдаа нарт хандаагүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ