“ХасБанк”-ны гүйцэтгэх захирал М.Болд: Хятадын зах зээл дээр бид санхүүгийн анхны компанийг байгуулсан

- Монголын банк анх удаа Хятадын санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийжээ. Хоёр ч жил болсон байна. Онцлогийг нь та яаж харж байна вэ?
- Монгол улсаас Хятад улсын санхүүгийн салбарт хоёр жилийн өмнө хөрөнгө оруулалт хийсэн. Урьд өмнө ийм зүйл огт байгаагүй юм. Сүүлийн хэдэн зуун жилд. Хубилай хаанаас хойш гэх үү дээ. Хоёрдугаарт, Монголын санхүүгийн компани Хятад улсын зах зээл дээр нэгэн шинэ санхүүгийн компани үүсгэн байгуулсан нь өөрөө анхны тохиолдол юм. Гуравдугаарт, Монгол залуучууд Монголын удирдлагын баг Хятадын санхүүгийн салбарынхантай туршлагаасаа хуваалцаж байгаа байдал нь шинэлэг хэлбэр. Дээр нь Монгол улсаас хөрш зэргэлдээ Хятад улсад хөрөнгө оруулдаг тохиолдол бол байдаггүй. Эсрэгээрээ Монгол улс Хятадаас л хөрөнгө оруулалт авдаг, бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг. Энэ хандлагын дунд ялимгүй нэг шинэлэг зүйл бий болсон гэсэн үг.

- Хятадууд өөрсдөө монголчуудад пүүсээр дамжуулаад л төрөл бүрээр зээл өгч байсан байдаг. Чухам яагаад зээлийн салбарт Монголын туршлагыг сонирхсон нь анхаарал татаж байна.
- Хятад улс яагаад Монгол улсаас ийм туршлага хуваалцах болсон бэ гэхээр сүүлийн нэлээд олон жил Хятадын зах зээл дээр банкууд нь ихэвчлэн том харилцагч, том компаниудад зээлийн үйлчилгээ үзүүлдэг хандлага давамгайлчихсан байсан. Яг бичил, жижиг зээл авах хэрэгцээтэй, шаардлагатай байгаа тэр хүмүүст банкууд нь хүрч үйлчилж чаддагүй, боломжгүй байсан. Тэр дундаа Хятадын хөдөө орон нутагт энэ үйлчилгээ их дутмаг байсан. Тийм ч учраас жирийн бичил бизнес эрхэлж байгаа гэр бүлүүдэд санхүүгийн албан ёсны байгууллага, үйлчилгээ хүрдэггүй, тийм байгууллага байхгүй байсан, байлаа ч дөнгөж үйл ажиллагаа эхэлж байсан. Тэр үед “ХасБанк”-ны үйл ажиллагаа илүү туршлагажсан байсан. 10 гаруй жилийн туршлагатай, олон улсын ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад зөвлөгөө өгдөг болчихсон, өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд 20 гаруй орны 200 орчим хүмүүс манай дээр ирж сурсан байдаг.

Манай хүмүүс хөрш зэргэлдээ орнуудад очиж сургалт явуулж байсан. Энэ бүх туршлага дээрээ үндэслээд Хятадын зах зээл дээр туршлагаасаа хуваалцах боломж гарч ирсэн. Тэр туршлагыг Үрүмчи хотын засаг захиргаа, Санхүүгийн хяналтын албаныхан маш уриалгахан хүлээж аваад: Бид нарт та нарын мөнгө хэрэггүй, туршлага чинь хэрэгтэй байна, ийм учраас манай зах зээлд үйл ажиллагаа явуулаач хэмээн урьсан юм. Тэр дагуу манай залуучууд ТианРонг компанийг “0” цэгээс нь эхлүүлж, огт байхгүй байсан зүйлийг бий болгоод 40 гаруй ажилтантай, хоёр монгол захиралтай, олон үндэстнээс бүрдсэн хамт олныг бүрдүүлж, хоёр жилийн хугацаанд ашигтай ажиллачихсан, маш сайхан байгууллагыг бий болгосон юм.

Мэдээж энэ байгууллагыг бий болгоход шийдвэрлэх нөлөө үзүүлсэн хүмүүс бол “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн хувьцаа эзэмшигчид. “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн хувьцаа эзэмшигчид хэн бэ гээд товч дурьдвал, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци /IFC /, Монголын алт корпораци /МАК/, Люксембургт бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сан, Японы “Орикс интернэйшнл” компани гэх мэтчилэн олон компани байгаа л даа. Энэ компаниуд хөрөнгө оруулсан, Хятадын хоёр компани гэхчлэн маш олон хүмүүсийн оролцоотойгоор олон улсын удирдлагын багийн дэмжлэгээр шинэ байгууллага төрөн гарсан нь өөрөө маш онцлогтой юм.

- Хятад, Солонгост санхүүгийн үйл ажиллагаа явуулахад хууль эрхзүйн орчин маш хүнд хэцүү, хатуу чанга гэж мэдээлэл байдаг.
- ТианРонгийг байгуулахад “ХасБанк”-ны залуучууд маш удаан явж судалгаа хийсэн. Эцэст нь Шинжааныг сонгосон. Учир нь, хувьцааны 51 хувийг эзэмшүүлнэ гэсэн нөхцлийг тэндээс санал болгосон юм. Анхнаасаа “0” цэгээс эхэлж байгуулж байгаа байгууллагатай “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн нэр төр болоод эрсдэл шууд холбогдолтой байсан учраас 51 хувийг зэмшиж байж анхнаасаа дүрэм журмын дагуу байгуулах бололцоо гарсан. Ийм учраас Шинжааныг сонгож байгуулсан юм.

- “Тэнгэр” санхүүгийн нэгдэл, “ХасБанк”-ны давуу тал нь мэдээж бичил санхүүгийн зээл байх. Энэ давуу талаа ашиглаж гадагшаа хөрөнгө оруулалт хийх боломж олдсон болов уу гэж бодож байна.
- Тийм ээ. Ер нь анх үүсгэн байгуулагдсан чиглэл нь өөрөө бичил санхүү байсан. Тэр чиглэлээрээ дэлхийн тэргүүлэх 100 бичил санхүүгийн байгууллагын тоонд олон жил дараалан орж байсан. Ийм туршлагаа бусад орны ижил төрлийн байгууллагуудтай хуваалцах сайхан боломж гарсан. Одоо ч хуваалцаж байна. Өнөөдрийн тухайд бол “ХасБанк”-ны нийт үйл ажиллагаанд бичил санхүү бол 10 орчим хувийг л эзэлж байна. Бусад 90-ээд хувьд нь иргэдэд үйлчлэх үйлчилгээ, жижиг дунд салбарынхан болон бусад томоохон компаниудад зээлийн үйлчилгээ үзүүлэх, төлбөр тооцоо хийх, худалдааны, орон сууцны санхүүжилт хийх гэх мэтчилэн олон арван үйлчилгээ давамгайлж байна.

- Эдийн засгийн хүндрэл, хямрал Хятадад газар авч, энэ нь Монголд ч нөлөөлж эхэллээ гэж эдийн засагчид ярьж бичиж байна. Бичил санхүүгийн үйл ажиллагаанд энэ хямрал ер нь нөлөөлж байна уу?
- Ер нь хаа газарт эдийн засгийн хямрал, хүндрэл тохиолдоход бичил санхүү төдийгүй, жижиг дунд үйлдвэр, том компаниудад адилхан тусдаг. Онцлог нь гэвэл бичил бизнес эрхлэгчид илүү хатуужилтай байдаг дүр зураг харагдаж байна. Тэд нар тэртээ тэргүй бор зүрхээрээ, хүнд нөхцөлд ажиллаад сурчихсан, бизнесээ хийдэг, аж ахуйгаа аваад явдаг, гэр орноо тэжээдэг хүмүүс зонхилж бичил бизнесийг хийдэг учраас эдийн засаг өндөр өсөлттэй байсан ч, эдийн засаг унаж байсан ч орчин хэвийн, өөрөөр хэлбэл хөрвийн аргаар бойжсон хүмүүс байдаг тул аливаа хүндрэл бэрхшээлийг илүү хурдан давж гардаг, хурдан сэтгэдэг, илүү хурдан уян хатан үйл ажиллагаа явуулах чадвар сайтай байдаг нь харагдаад байгаа. Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч гэсэн энэ хүмүүс харьцангуй хатуужилтай учраас бизнес нь үргэлжлээд явж байдаг.

- Хоёр орны Засгийн газрын айлчлалын хүрээнд Шинжаан дахь Монголын “ТианРонг” компани анхаарлын төвд байсан гэсэн. Энэ чухам ямар үйл явдал болов?
- Манай засгийн газрын төлөөлөгчид Гадаад харилцааны сайд Лу.Болдын удирдлаган дор, мөн УИХ-ын зарим гишүүд тусгайлан очиж ТианРонгийн үйл ажиллагаатай танилцсан нь өндөр ач холбогдолтой арга хэмжээ болсон. Түүний зэрэгцээ Монгол улсаас БНХАУ-д суугаа манай Элчин сайд, Монгол улсад суугаа БНХАУ-ын элчин сайдууд хамт очиж үзсэн нь манай хоёр орны хооронд эдийн засаг, санхүүгийн салбарт харилцан ашигтай ажиллаж бий болсон бодитой жишээг газар дээр нь үзэх хүсэл эрмэлзэлд хөтлөгдөж очсон гэж бид нар ойлгосон. Юм хийж байгаа манай залуучуудын бүтээлийг үзэж, огт байхгүй байсан хоосон зүйлээс бий болсон зүйлийг очиж сонирхох нь цаашид ийм жишгээр манай бусад компаниуд хамтын ажиллагаагаа хөгжүүлж болох юм байна гэдэг үлгэр дууриалал болж, урам зориг өгсөн болов уу гэж бодож байгаа.

- Анхны хөрөнгө оруулалт нь 15-17 орчим тэрбумаар хэмжигдсэн гэсэн. Мөн хөрөнгө оруулалтаа нөхсөн гэж сонссон. Өөр хотууд руу гарах нөхцөл боломжийг хэрхэн харж байна вэ?
- 18 сая орчим доллар байгаа. Үүний 51 хувийг “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн хувьцаа эзэмшигчид гаргасан. 10-аад хувийг нь МАК шууд гаргасан. Үлдсэн хувийг нь IFC болон Хятадын хувийн компаниуд гаргасан. Эхний жилдээ л бид хөрөнгө оруулалтаа нөхөж ашигтай ажилласан. Энэ бол маш ховор тохиолдол. Энэ бүхэн манай Ж.Мөнхсайхан захирлын удирдлага дор шинэ хамт олон маш богино хугацаанд чадваржиж, байр сууриа олоод зээлийнхээ үйл ажиллагааг явуулан, ашигтай ажиллаж эхэлснээс харагдаж байна. Цаашид энэ компанийн ирээдүй маш өөдрөг байгаа. Ажлын байраа нэмэгдүүлэх, өөр олон зуун зээлдэгчдэд зээл олгох боломж бий. Дээр нь орон нутгийн санхүүгийн хяналтын байгууллагууд маш их итгэл найдварыг хүлээлгэж байгаа. Ирээдүйд банк болох ч боломжтой, үйл ажиллагаагаа өргөжүүлээд зөвхөн Үрүмчи хотод биш хөрш зэргэлдээ бусад муж, хотууд, орон нутагт байгуулах боломжтой гэдэг дохио зангааг бидэнд байнга өгдөг. Орон нутгийн дэмжлэг маш их байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ